Caakmedee

Ангаахай Монгол

  • Нийтлэл
  • 2019/04/22
“Монголоос л явж байвал дэлхийн хаана ч хамаагүй очиж амьдарна” гээд инээмсэглэх найзаа дэмжин “Би ч бас явмаар байна” хэмээсэн, 20 орчим настай залуусын яриаг сонсож суусан настан “Африк руу ч хамаагүй явах юм уу” гэж асуугаад ёжлонгуй инээлээ. Өнөөх хоёр юу билээ гэсэн шиг хэсэг гайхаж байснаа “Африк руу явахгүй ээ. Тэнд чинь Монголоос аймаар гэсэн. Мөнгөтэй болох гэж л гадаад руу явна гэсэн юм. Тийм газарт очсоноос эндээ өлсөөд ч хамаагүй байсан нь дээр” гээд учиргүй инээлдэж, баахан маазрав. 
Зарын дагуу айлд жижиг засвар хийхээр ирсэн гэх залуус орцны үүдэнд ийнхүү ярьж, ач хүүгээ салхилуулан суусан настан “хэрэгт дурлан”, хошуу нэмэрлэсэн нь энэ. Тэдний яриа нэлээд лавширч, улстөржиж, эцэстээ маргалдахад хүргэв.
“Тогтсон ажилгүй, эзэмшсэн мэргэжилгүй, сурсан зүйлгүй байж болох ч залхуурч болохгүй” хэмээсэн ахмадын үгийг хоёр залуу ихэд дэмжин, чих зөөлөн хүлээн авсан ч цалингийн тухай хэлсэнтэй нь харин санал нийлсэнгүй. Өвгөн сүүлдээ өнөөгийн залуучуудыг өөрийн үеийнхэнтэй харьцуулан “агсамнахад” өнөөх хоёр “Бид амьдралаа болгохын тулд хар бор ажлаас зугтаагүй. Төр, засгаас элдэв халамж нэртэй мөнгө цацаж байхаар хөдөлмөрлөж байгаа иргэдийнхээ цалинг өсгөчихвөл ажлаас зугтах хүн гарахгүй” гэж эсрэгцүүлэн “номлов”.
Хөндлөнгийн “гэрч” миний хувьд тэдний хэн хэнийх нь зөв санагдсан. Төвлөрсөн эдийн засагтай нийгэмд залуу, халуун насаа өнгөрүүлж, залхуурахыг үл мэдэн хөдөлмөрлөсөн ахмад үеийнхэн минь ажлаас зугтаж, биеэ “оторлодог” залуучуудыг шүүмжилдгийг буруутгахгүй. Хийгээд, бүтээгээд, зүтгээд байгаа хэрнээ авдаг хэд нь нуруу тэнэгэр амьдралд хүрэлцэхгүй байгааг шүүмжилсэн “халтуурчин” хоёр залуугийн ч зөв. 
Хагас цаг орчим үргэлжилсэн өнөөх гурвын яриа өнөөдөр Монголын нийгэмд үзэгдэл болсон ажилгүйдэл, ядууралтай шууд холбоотой. Өвгөний үзэж буйгаар, залуучууд залхуу учраас ядуу амьдарч байна. Залуучуудын харж, дүгнэснээр бол төр, засгийн бодлого буруу, ажил хийж, ачаа үүрч буй хэсгээ дэмжихгүй байгаагаас “Зүдэрч цөөхөн төгрөг олохоос илүүтэй зүгээр сууж байгаад халамж хүртэн талхны мөнгөтэй болсон нь дээр” гэсэн үзэл бодолтой хүн олширчээ. Миний хувьд тэр хоёр залууг магтмаар, дэмжмээр санагдсан. Өвгөний хэлснээр, өнөөгийн 20 настнууд бүгд эцэг, эхийнхээ халамжид өлгийдүүлсэн “түүхий төмс” биш гэдгийг тэд баталж, өнөөдөр бид яагаад хөгжлөөр хоцрогдож байгааг эрүүлээр, зөв өнцгөөс харж чадаж байгаад нь бас талархмаар.
“Би ажилгүй, орлогогүй, ядуу амьдарч байна” гэдэг ч ажил хийхийг хүсдэггүй, бэлэн мөнгө нэхдэг “ангаахайнууд” нийгэмд бий болжээ. Энэ бол төрийн алдаатай бодлогын уршиг. Хэт үндсэрхэг үзэлтэй зарим нь иргэдийг “ангаахай” болгох нь хэсэг бүлэг хүнд тустай учраас зориудын бодлого гэх. Үндэсний статистикийн хорооны цахим хуудсанд мэдээлснээр, өнгөрсөн оны сүүлчээр 89 000 шахам хүн ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, тэдний 34 мянга орчим нь ажил хайж буйгаа албан ёсоор бүртгүүлжээ. 
Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 58 орчим хувийг 34 хүртэлх насныхан эзэлж байна. Тэгэхээр үлдсэн 55 000 орчим хүний хэдэн хувь нь албан ёсоор бүртгүүлээгүй ч ажил хайж байгааг, хэчнээн нь “ангаахай” болохыг таашгүй.
Манайд ажлын байр хангалтгүй байгаа нь үнэн. Гэхдээ энэ нь ажил олдохгүй байна гэсэн үг биш. “Хоол, унааны мөнгөнөөс гадна өдөрт 30-50 мянган төгрөг өгье. Зам засварын ажил хийх хүн холбоо бариарай” гэсэн зарын дагуу нэг ч хүн утасдаж, ирдэггүй талаар цахим хуудсанд шүүмжилжээ. Түүнийг нь өлгөн авч, “Монголчууд залхуу, арчаагүй” гэж өчнөөн хүн сэтгэгдэл бичиж, шуугьсан байна. Саяхан мөн л ийм зар тавьсан. Бас л хүн ирээгүй гэсэн.
Намар нядалгааны үеэр хот, хөдөөгүй малын гэдэс, толгой, шийр хаягдаж байгаа талаар халаглан бичлэг, зураг өчнөөн дэлгэж, түүнийг харсан хүмүүс мөн л “Монголчууд өлсгөлөн, ядуу хэрнээ цамаан” гээд л шуугьсан. Мянгат малчин ажлаа хүчрэхгүй нь, цалинжуулаад малчин авна гэж зарласан. Бас л хүн олдоогүй сурагтай. 
Энэ мэтээр мэргэжил шаардахгүй ажлын байрны захиалга их байгаа ч ажиллах хүчний “хомсдолд” орсон гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Ажиллах боломжоос татгалздаг шалтгаанаа иргэд “Цалин бага” гэж тайлбарлах нь түгээмэл. Уг нь зүгээр сууж, ядуу байснаас дээр санагдах юм.
2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам 40 000 ажлын байр бий болгох зорилт тавьсан. Ажлын байрыг нь бэлдээд ч энэ мэтээр хойш суудаг, ажил хийх дургүй хэрнээ халамж, тэтгэмжийн мөнгө ярихаар өчнөөн олуулаа “шаагьдаг” ангаахайнуудыг яавал зохилтой вэ. Тогтсон мэргэжилгүй хэрнээ тогтвортой ажиллах хүсэлгүй, цалин бага гэсэн шалтгаанаар “ангаахайнуудын” эгнээг тэлж буй иргэдийн олонх нь ид хөдөлмөрлөх насныхан байгаа нь хамгийн аймаар. Тэд ингэж залхуурч явсаар тэтгэврийн насанд хүрээд бас л сул “цалин” авч тэжээлгэнэ. Насаараа ажил хийлгүй улсаар, бүр тодруулбал, татвар төлөгчдийн мөнгийг идэгч ийм арми нийгэмд бий болжээ. 
Өнгөрсөн жилийн статистикаар, зарласан ажлын байрны 18 мянга гаруй нь эзгүйрсэн нь дээрх шалтгааны улмаас аж. Гэтэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн судалгаагаар, ойрын ирээдүйд дотоодын хөдөлмөрийн зах зээлд 69 000 гаруй ажлын байр нэмэгдэх төлөвтэй. Үүнийг дүүргэхийн тулд халамжийн мөнгөөр амьдардаг “ангаахайнуудыг” цөөлөх ёстой. Мэдээж, элдэв янзын халамж, мөнгөн тусламжийг цэгцэлж, цензуртэй, хязгаартай хандах учиртай. 
Өөрөөр хэлбэл, нийгмийн халамж нэрээр залхуучуудыг тэжээхээ больё. Төрийн “сайхан” бодлогын үр дүнд бэлэнчлэх сэтгэлгээ, ядуурал газар авч байна. Ажил, хөдөлмөр эрхлэхгүй, халамжийн мөнгөөр амь зуудаг хүн улсын хэмжээнд 800 мянган орчим байдаг гэсэн судалгаа байна. Үүнийг жаахан хэтрүүлэгтэй яривал нэг сая орчим хүн буюу Монгол Улсын хүн амын гуравны нэг орчим хувь нь бусдын халаас “тэмтрэн” амьдардаг гэсэн үг. Бүр лавшруулаад хэтрүүлбэл Монгол бол ангаахайнуудын орон болж таарна.
Дэлхийн банкны судалгаагаар, Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудаас Монгол Улс нийгмийн халамжид зарцуулдаг мөнгөөрөө дээгүүрт ордог аж. Бэлэн мөнгө тараадаг өгөөмөр тогтолцоо нийгэмд уршигтай болохыг мэдэрсэн Европын зарим орон сүүлийн үед нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдээ шинэчлэх бодлого баримталж байна. 
“Евро склероз (эд, эсийн хатуурал)” гэсэн нэр томьёо байдаг аж. 1970-аад оны үед Нидерланд улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэтгэврээ эрт тогтоолгох боломж бүрдүүлжээ. Хөгжлийн бэрхшээл гэдэгт нь сэтгэцийн янз бүрийн өвчин, эмгэгийг ч багтаасан аж. Гэтэл харьцангуй залуу хүмүүс сэтгэлийн хямрал, толгой, тархи өвдөж байна гэсэн шалтгаанаар эл боломжийг эдлэх болжээ. Энэ мэтээр халамжийг хавтгайруулах нь тогтолцооны гажуудал үүсгэдгийг мэдэрч, хуульдаа өөрчлөлт оруулаад зогсохгүй нөгөөх “өвчинтэй” гэх хүмүүсийг хөдөлмөрийн зах зээлд буцаан оруулахад чиглэсэн хөтөлбөр боловсруулах замаар алдаагаа засаж эхэлсэн байна. 
Их Британид нийгмийн халамжийг иргэдийн орлогыг хаадаг “урамшуулал” гэж үздэг байна. Тиймээс тэтгэмж олгохоос илүүтэй тогтвор суурьшилтай ажилладаг иргэдийг урамшуулах, бага орлоготой болон ажилгүй хүмүүсийг сургах, ажлын арга барил, ур чадвар эзэмшүүлэхэд анхаарч иржээ. Ийм бодлогын үр дүнд хөдөлмөр идэвхтэй эрхлэгчдийн зах зээлээ тэлсэн байна. Өдгөө ийм тогтолцоо Европ төдийгүй дэлхийн чиг хандлага болжээ.
Тэгвэл манайд хүн амын 49 хувь нь халамжийн ямар нэг хөтөлбөрийн үр шимийг хүртдэг болохыг Дэлхийн банкны судалгаа батална. Өөрөөр хэлбэл, зорилгот хөтөлбөр ядуу, эмзэг бүлгийн зорилтот хүмүүстээ хүрэхгүй, хэт хавтгайрсаны илрэл. Тиймээс сар болгон хүүхдийн мөнгө буух өдрийг тэсэн ядан хүлээдэг, аав, ээжийнхээ тэтгэврийн хэдийг “тоншчихоод”, хуруугаа ч хөдөлгөхгүй амь зуудаг том том “ангаахай” олширчээ. Ийм байхад бид хөгжлийн тухай ярих нь утгагүй. 
Давших бус, ухарч байгаагаа гайхаад ч хэрэггүй. Хэрэв хөгжлийг хүсэж байвал дор бүрнээ л хөдөлж, хөдөлмөрлөж, нар, сартай уралдаж, ажлыг голохгүй, цалингаа бага гэж цамаархахаа болих ёстой. Тэгж байж ангаахай дэгдээхэй болж, дэгдээхэй шувуу болох бөлгөө.

Ж. Эрдэнэцэцэг
Эх сурвалж: http://unuudur.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу