Caakmedee

ГИТЛЕРИЙН БИЕЛЭЭГҮЙ МӨРӨӨДӨЛ БУЮУ ДЭЛХИЙН НИЙСЛЭЛ

  • Мэдээ мэдээлэл
  • 2018/11/30

Төгс хот байгуулах санаархал XXI зуунаас ч өмнө байсан гэвэл итгэх үү. Энэ асуудалд дэлхийн олон орны удирдагчид, тэр ч бүү хэл засаглалын эрхийг гартаа авсан дарангуйлагчид хүртэл анхаарч байжээ. 1938 оны тавдугаар сарын эхээр Адольф Гитлер амьдралдаа анх удаа Герман, Австриас гарч үзэв. Тэрээр холбоотон Муссолинитойгоо уулзахаар Италид очтол Ром хот түүнд мартагдашгүй сайхан сэтгэгдэл төрүүлжээ. Асар уудам, сүр жавхлантай, хаашаа ч харсан багана, балгас гээд л. Ийм агуу хотын хажууд Берлин нь мужийн нэг жижиг хот шиг л харагдсан аж. Ингээд Гитлер нийслэл хотоо “Мөнхийн хот” болгох мөрөөдөлд автжээ.
Тэрээр 1936 оноос архитектор Альберт Шпеертэй Берлинийг өөрчлөн шинэчлэх асуудлаар ярилцаж байсан учраас Ромоос ирсэн даруйдаа түүнд өнөөдөрт биш, ирээдүйд зориулж хот байгуулах даалгавар өгчээ.
Welthauptstadt_germania_07-300x225 Гитлерийн биелээгүй мөрөөдөл буюу дэлхийн нийслэл
Энэ талаар Шпеер өөрийн дурсамж номондоо фюрерийн хэлснийг дурдсан байдаг. “Берлин бол том хот. Гэхдээ дэлхийн хот биш. Парисыг хар. Дэлхийн хамгийн сайхан хот. Эсвэл Венийг хар. Энэ хот өөрийн гэсэн дүр төрхтэй. Харин Берлин бол барилгуудын эмх замбараагүй бөөгнөрөл. Бид Парис, Венийг давж гарах хэрэгтэй байна” гэжээ. Ийнхүү Берлинийг өөрчлөн шинэчлэх шинэ төлөвлөгөөний баримтууд дээрээ мөрөөдлийн хотдоо “Шинэ Берлин”-ээс, “Германиа”, “Шинэ Германиа” гэсэн олон хувилбараар нэр хайрлажээ.
Шпеерийн гэрчилснээр Гитлерт цоо шинэ, цэвэр газар дээр өөрийн гэсэн төгс хот барихыг санал болгож байсан гэнэ. Фюрер энэ санааг дооглонгуй хүлээж аваад “Юу ч үгүйгээс яаж төгс хот бүтээх вэ дээ. Хиймлээр байгуулсан нийслэлүүд үргэлж л мөхдөг. Вашингтон, эсвэл Канберраг санаач. Бас манай Карлсруэд амьдрал алга. Яагаад гэвэл тэнд албан тушаалтнуудын цаасан сэтгэл хувиа борлуулж, довоо шарлуулж байдаг” гэжээ.
Ингээд 1937 оны нэгдүгээр сарын 30-нд Шпеер Гуравдугаар Рейхийн хамгийн том төслийн ерөнхий архитектороор албан ёсоор ажиллаж эхлэв. Түүний туслахаар хожим нь нэр алдарт хүрсэн залуу архитекторууд болох В.Крайс, П.Беренс, П.Бонац, Г.Римпль зэрэг ажиллаж байлаа. Нөгөө талаар Гитлер өөрийн мөрөөдлийг биелүүлэхийн тулд тэднийг байнга ажиглаж, алхам бүрт нь засвар, өөрчлөлт хийж байв.
AKG4163751-300x177 Гитлерийн биелээгүй мөрөөдөл буюу дэлхийн нийслэл
Тэд жишээ болгон Парис хотын нэг тэнхлэгээр холбогдсон шулуун гудамж талбай бүхий төвийг авч ажиллаж байв. Елисейн талбайн ижил нь тэртээ XVII зуунд байгуулагдсан Унтер-ден-Линден гудамж болох ёстой байв. Гэвч энэ гудамжийг өргөсгөх хэрэгтэй байлаа. Ерөнхийдөө нийслэлийг өөрчлөн шинэчлэх төсөл томоохон хэмжээг хамарч байсан гэхэд болно. Ингэхдээ төсөлд хийгдэж буй байгууламж нь жишээ болгон авсан гудамж, барилга байгууламжаасаа хэд дахин том байх ёстой. Яагаад гэвэл Гитлерийн амбицаар бол зөвхөн улсын бус, дэлхийн нийслэл байгуулах ёстой байв.
Тэрээр барилгын ажлыг аль болох түргэн хийхийг эрмэлзэж, шинэ хотдоо хэдэн жил ч болтугай амьдарч үзэхийг хүсч байлаа. Гэвч Берлинийг бүрэн шинэчлэхэд түүний нас хүрэхгүйг ухаарсан Гитлер дэлхийн хоёрдугаар дайнаас өмнөхөн зөвхөн төв гудамжууддаа л анхаарлаа хандуулж эхэлжээ. Сүр жавхлантай, бүхнийг том хийх гэсэн бас нэг хүчин зүйл бол төв гудамжийг явган хүнийх болгож, жагсаал, парад зохион байгуулах зорилготой байжээ.
literallyhitler-300x214 Гитлерийн биелээгүй мөрөөдөл буюу дэлхийн нийслэл
Төв гудамж тэнхлэгээрээ урдаас хойшоо чиглэн байрлах бөгөөд хажуу хэсгээрээ Хойд, Өмнөд хоёр вокзалтай, түүнчлэн баруунаас зүүн тийш чиглэсэн гудамжтай байх ёстой. Рейхсканцлерийн барилга эдгээр урт гудамжуудыг уулзвар дээр тэмдэглэгдсэн байв.
Гитлерийн төлөвлөгөөнд Бранденбургийн хаалганаас гадна бас нэг хаалга байсан. Энэ нь Парисын Түүхт ялалтын хаалгатай төстэй боловч хэд дахин том хэмжээтэй байх ёстой. Уг хаалгыг дэлхийн дайнуудад амиа алдсан Германы цэргүүдийн дурсгалыг хүндэтгэх самбар болгох ёстой байсан бөгөөд гантиган хөшөөн дээр амиа алдагсдын нэрийг бичихээр төлөвлөж байлаа. Үүнийгээ сөргүүлэн, Шарлоттенбургийн эсрэг талд Кенигсплацаас зориуд зөөж авчирсан Ялалтын баганатай том одны талбай байлаа. Төлөвлөгөөний энэхүү жижиг хэсгийг гүйцэлдүүлж чадсан бөгөөд өдгөө Бранденбургийн хаалганаас баруун тийш явахад Ялалтын багана руу чиглэсэн Зургадугаар сарын 17-ны шулуун гудамжинд очно. Энэ хэсгийг Шпеерийн төслийн дэнлүүгээр чимэглэсэн байдаг.
Мэдээж төв гудамжны гол хэсэгт Хурлын ордон буюу Ард түмний заал байрлах ёстой байв. Энэ нь Ромын Гэгээн Петрийн бөмбөгөр оройт барилгыг 16 дахин томсгосон шиг асар том бөмбөр оройтой байгууламж болохоор төлөвлөгдсөн байв. Альберт Шпеерийн аав ч бас алдартай архитектор байсан бөгөөд энэхүү ажлыг “галзуурсан төсөл” хэмээн нэрлэж байлаа. Гэхдээ хүүгийнх нь тооцоолсноор ийм аварга барилгыг барих боломжтой байсан гэнэ. Шпеер хожим нь Гитлерийг яагаад ийм том хэмжээтэй барилга барихаар зүтгэж байсан тухай ийнхүү өгүүлжээ.
Hitler10-300x169 Гитлерийн биелээгүй мөрөөдөл буюу дэлхийн нийслэл
Гитлер “Жишээлбэл 2500 м.кв талбайтай Ульмын сүмийг XIV зуунд анх барьж эхэлсэн. Ульмд тухайн үед хөгшид, хүүхдүүд нийлээд ердөө л 15 мянган хүн аж төрдөг байсан. Өөрөөр хэлбэл тэд хэзээ ч ийм барилгыг дүүргэж чадахгүй. Харин сая хүн амтай Берлинд 150 мянган хүний заал байвал багадна” гэж зүтгэдэг байсан гэнэ.
Энэхүү асар том төслийн үр дүнд зарим барилга байгууламж нь баригдсан. Тухайлбал Рейхсканцлерийн барилга (хожим нь нураасан), Хааны нислэгийн яамны барилга зэргийг дурдаж болно. Харин Олимпийн цэнгэлдэх хүрээлэн, Темпельхоф нисэх онгоцны буудлыг Берлиний өөрчлөн шинэчлэлтээс өмнө барьсан болохоор өдгөө хүртэл хадгалаатай байна. Үндсэндээ таван жил үргэлжилсэн Шпеерийн энэхүү төслөөс деталь зураг, макет зэргээс өөр биелэгдсэн зүйл бараг байсангүй. 1942 онд дайны байдал хүндэрч  эхэлснээс болж Гитлер хайртай архитектороо төслөөс татаж, Зэвсэг, цэргийн үйлдвэрлэлийн сайдаар томилжээ.скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу