Caakmedee

ТҮҮХЭН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ХӨГЖҮҮЛЭХ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА

  • Мэдээ мэдээлэл
  • 2019/04/23

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Түүхэн аялал жуулчлал-Хөрөнгө оруулалт” үндэсний чуулганыг Төрийн ордонд амжилттай зохион байгууллаа.
Чуулганд төрийн болон төрийн бус байгууллагууд, аялал жуулчлалын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, эрдэмтэн, судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл зэрэг 800 гаруй төлөөлөгч оролцсон юм. 
Түүхэн аялал жуулчлалын чиглэлээр Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж буй ажлуудыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр оролцогчдод дэлгэрэнгүй танилцуулсан юм. 
Монгол Улсын Засгийн газар “Түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалыг хөгжүүлэх” зорилт дэвшүүлж, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх, салбарын орлогыг 1,1 тэрбум ам.доллар буюу 2,8 их наяд төгрөгт хүргэхээр томоохон төслүүдийг эхлүүлэн ажиллаж байгаа юм.
Энэ хүрээнд зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх, тэр дундаа Их эзэн Чингис хааны төрсөн нутаг Хэнтий аймагт орших Чингис хаан, 13-р зуун, “Нууц товчоо”-той холбоотой түүхэн газар нутгууд руу жуулчдыг татах зорилгоор бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг өнгөрсөн оноос эхлүүлээд байгаа билээ.
Тухайлбал, Хэнтий аймгийн Биндэр суманд “Их Монгол улс-Монголын эзэнт гүрэн”, Батноров суманд “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө”, Норовлин суманд “Шихихутаг-Нууц товчоо” цогцолборуудыг улсын төсвийн 5.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар, мөн Азийн хөгжлийн банкны 19 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хэнтий аймгийн Дадал суманд “Мянганы суут хүн-Их эзэн Чингис хаан” цогцолбор байгуулах бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг нэрлэж болох юм.
Эдгээр цогцолборуудын талаарх мэдээлэл, хөрөнгө оруулалт, хоорондын уялдаа холбоо, түүхэн учир шалтгаан, монголчуудад, орон нутгийн иргэдэд хүрэх үр өгөөж, аялал жуулчлалыг дагаж хөгжих бусад салбарууд зэргийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чуулганы төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулсан юм. Гэхдээ түүхэн аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зөвхөн Хэнтий аймаг, Монгол улсад хамаатай асуудал биш, нийт Монгол туургатан, хөрш орнуудын бүс нутгийн интеграцичилалтай холбоотой том ажлын эхлэл гэдгийг тэрээр онцолсон. 
Ингээд үндсэн илтгэлүүдтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, оролцогчдоос гаргасан санал, хүсэлтийг тусгасан 5 заалт бүхий зөвлөмжийг үндэсний чуулганаас гаргаж, Засгийн газарт хүргүүлэхээр болсон юм.
Уг зөвлөмжид,
 Нэгдүгээрт, 2020 он гэхэд Монголд аялах гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэх Засгийн газрын зорилтыг хэрэгжүүлэх ажлыг шат шатанд эрчимжүүлж, ОУ-ын агаарын тээврийн даацыг нэмэгдүүлэх, цахим виз олголтыг нэвтрүүлэх, хилийн боомт дээрээс виз олгох ажлыг яаралтай эхлүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татварын болон бусад бодлогоор төрөөс дэмжих,
Хоёрдугаарт, Мянганы суут хүн, Их эзэн Чингиис хааны түүхэн өв, соёлыг цогц байдлаар дэлхий нийтэд сурталчлан таниулах, боловсролын хөтөлбөрт тухайлсан өөрчлөлт оруулах, “Чингис хаан” нэршлийг хэрэглэх тухай зохицуулалт бүхий хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх,
Гурвдугаарт, Түүхэн аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтын нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс Дэлхийн мянганы суут хүн, Их эзэн Чингис хааны төрөлх нутаг Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын төв” болгон хөгжүүлэх, Засгийн газрын үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын тусгай хөтөлбөр батлан хэрэгжүүлэх,
Дөрөвдүгээрт, Уул уурхайн салбар, Монгол Улсын хэмжээнд эвдрэлд орж орхигдсон газруудын байгаль, орчныг нөхөн сэргээх үйл ажиллагааг шинэ түвшинд гаргаж, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх,
Тавдугаарт, Аялал жуулчлалын гол чиглэлийн авто зам дагуу үйлчилгээний цогцолбор байгуулах ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлэх, төслийг МҮХАҮТ хариуцан зохион байгуулах зэрэг асуудлуудыг тусгасан юм. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу