Caakmedee

Д.Хаянхярвааг Монголын улстөр, эрх мэдлийн өндөрлөгт гаргаж хэрхэвч болохгүй...

  • Нийтлэл
  • 2018/11/30
Өчигдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны эхэнд УИХ дахь сөрөг хүчин АН-ын Бүлгийн “Эсэргүү гишүүд” болох Ж.Батзандан, Л.Болд хоёртой нийлээд эрх баригч МАН-ын Бүлгийн 38 гишүүн “Монголын төрийн албадыг 60 тэрбумаар үнэлэн зараад, эцэст нь тэр мөнгөө эн тэнцүүхэн хуваан авч хангалттай баяжицгаая” гэсэн Ц.Сандуй, А.Ганбаатар хэмээх хоёр зарцынхаа мөрөөдлийг толгой дохин зөвшөөрч, тэрхүү хорт санаархлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж суусандаа буруутгагдаж байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг “Өөрөө сайн дураараа ажлаа өгтөл, чуулганы хуралдаан болон Байнгын хороодод суухгүй” хэмээн бойкот зарлаж, чуулганы хуралдаанд суугаагүй билээ.
Энэ нь өөрсдийг нь даргалан сууж байгаа М.Энхболд гэгч нь хууль журмаараа ажиллаж чадахгүй, байнга хуулиас гадуур тоглолт хийж байгааг нь эсэргүүцэж эрх баригч МАН-ын Бүлгийн 38 гишүүн УИХ-ын даргаа огцруулахаар улстөрийн хүчтэй тэмцэл явуулсан, өнгөрсөн 28 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй шударга ёсны төлөөх ширүүн тэмцлийн эхлэл болсон юм. Өөрийнх нь нам, Бүлгийн голдуу залуучуудаас бүрэлдсэн тэдгээр 38 гишүүнээ эргүүлэн чуулганы хуралдааны танхимд оруулж ирэхээр УИХ-ын дарга М.Энхболд болон түүний гар, хөл нь болсон Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол нар жигтэйхэн хилэнтэй, бас тун ч хорлонтой үгээ хэлцгээж, өөрсдийгөө “Монголын улстөрийн хамгийн шударга, хамгийн ухаалаг, боловсролтой гишүүд” болгон харагдуулахаар ёстой жинхэнэ улстөрийн хошин шог үзэгдэл туурвин тавихыг нь Монголчууд цэнхэр дэлгэцээрээ харж, “Ишш чааваас. М.Энхболдыг үхэлдэн хамгаалж байгаа энэ Д.Хаянхярваа, Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан нар бол дахин улстөрд байх ч ёсгүй, сонгогчид эднийг дахин яагаад ч сонгож болохгүй, жинхэнэ улстөрийн хор найруулагчид, хамгийн шалгарсан хулгайлагчид, жинхэнэ гэмт хэрэгтнүүд мөн билээ” хэмээн дор бүртээ дүгнэлтээ хийж, олон сонгогч тэрхүү хатуухан үзэл бодлоо цахим ертөнцөөр илэрхийлцгээж байсан юм.
Мэдээж УИХ-ын чуулганы хуралдаан болон, Байнгын хороодын хуралдаанд байнга л унтаж суудаг, улстөрийн ямар ч идэвхгүй, ямар боловсролтой, юу мэддэг нь ч тодорхойгүй Д.Оюунхорол гишүүнээр Монголын ХХI зууны улстөр ёстой яагаад ч дутагдахгүй, түүний гай балагийг үүрч байх ямар ч утга учиргүй гэдэг нь тодорхой болчихсон зүйл билээ.
Тэгвэл 2007 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын суудалд тухалж байхдаа Хонгор сумынхныг цианит натрийн маш хүчтэй хорд бөөнөөр нь хордуулж, ундны усыг нь хор болгож, 80 гаруй хүнийг хордуулан алж, хамаг малыг нь мөн л хиаруулж байсан Гэмт хэрэгтэн Д.Хаянхярваагийн хийсэн нүгэл хилэнцийг Монголын ард түмэн өнөөдөр мартаагүй, дотор сэтгэлдээ хилэгнэн буруушаасаар л явцгааж байгаа нь тодорхой.
Гэтэл тэрхүү Хонгорчуудыг бөөнөөр нь мөнгөн усаар хордуулах гэмт хэрэгт зөвшөөрөл олгож, хэзээ ч мартагдахгүй хилэнцэт нүгэл тарьж явсан Д.Хаянхярваа өчигдрийн чуулганы хуралдаан дээр жигтэйхэн ухаалаг, ард түмэндээ хайртай улстөрч болон хошин шог тавьж, УИХ-ын дарга өөрийг нь дараагийн Засгийн газрын Ерөнхий сайдын суудалд залахаар өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа М.Энхболдыг үхтэлээ хамгаалж, хачин жигтэй хараал урсгасан билээ.
Гэтэл Д.Хаянхярваагийн 2007 онд хийсэн тэрхүү Гэмт хэргийн улмаас Хонгор сумыг тэр аяар нь битүүмжилж, орон нутгийн замыг хааж, хордож үхсэн малуудыг булж, устгах гэж бөөн чирэгдэл, ажил явдал болж байсан билээ. Хачирхалтай нь өнөөдөр ч Д.Хаянхярваагийн 2007 онд тарьсан тэрхүү нүгэл хилэнц, цианит натри буюу мөнгөн усны алдагдлын гэм хорыг нь Хонгор сумынхан амсаж, эдэлж хордлого нь илааршиж, алга болоогүй л байгаа юм.
Өөрийнх нь тарьсан тэрхүү хаа байсан 11 жилийн өмнөх Гэмт хэрэг, нүгэл хилэнц нь арилж, алга болох болоогүй байхад өчигдрийн тал ирцтэй УИХ-ын чуулганы хуралдаанд нэг л сүрхий улс орноо боддог, ухаалаг улстөрчийн дүрд тоглож, өөрийнхөө хэм хэмжээ, мэдлэг чадвараас хаа хол тасарсан зүйл донгосож суусан Д.Хаянхярваа болон түүний “Оюун санааны эцэг” УИХ-ын дарга М.Энхболд хоёр хөтлөлцөн Монголын улстөрөөс арилж одвол өнөөдрийн энэ их хулгай луйвар, бүлэглэл хоорондын тэмцэл, өш хонзон тэр хэрээр сарниж алга болохсон билээ.
Хамгийн хачирхалтай нь жигтэйхэн ухаалаг улстөрч, улс эх орондоо хайртай хэмээн хошин шог үзүүлж суугаа М.Энхболд болон түүний гар, хөл бологч Д.Хаянхярваа нарын өчигдрийн хийрхэлээс олон жилийн өмнө бөөнөөрөө цианит натрид хордож, нэлээд нь ертөнцийн мөнх бусыг үзүүлж байсан Хонгорын иргэдийг “Усанд ордоггүй бохир учраас хамуу туссан байна” хэмээн доромжлоод тэрхүү Гэмт хэргийг хааж байсан байдаг.
Нөгөөтэйгүүр Хонгорчуудын гол амжиргаа болсон мал сүрэг нь хиарч, хүнсний ногоо, будааг нь ч хүчээр шууд л устгалд оруулж байсан түүхтэй. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Дархан-Уул аймгийн Хонгор сум нь цианит натрид аюултай хэмжээнд хордож, Украйны Чернобелийн атомын цахилгаан станц дэлбэрэх үеийн гамшигийг Хонгоруудад мэдрүүллээ” хэмээн мэдээлж байсан бол хэсэгхэн хугацааны дараа “Усанд ордоггүй тул нийтээрээ хамуу тусчихсан нь тодорхой боллоо” хэмээн гутамшиглаж байсан гэм нүгэлтэй этгээд өнөөдөр жигтэйхэн шударга, ухаалаг улстөрчийн дүрд тоглоод сууж байгаа нь Монголын улстөрчдийн жинхэнэ дүр төрх, бодит эмгэнэл мөн юм.
Дараахан нь 2008 оны УИХ-ын сонгууль зарлагдахад Д.Хаянхярваа нь арьсаа хамгаалахын тулд жинхэнэ сонгодог заль мэх, луйвар ашиглан “Хонгорын иргэд бөөнөөрөө хамуутсан байна” хэмээн тунхаглаж, тун их сүржигнэж байсан удаатай. Тэрхүү хорт явуулга нь ч амжилттай хэрэгжиж, Хонгор сумын иргэдийг бохир заваан гэж доромжилж байсан Д.Хаянхярваа нь УИХ-д сонгогдлн орж ирж байсан нь Дархан-Уул аймгийн иргэд энэхүү Гэмт хэрэгтэнд итгэхийн аргагүй хууртагдан мэхлэгдсэний л гай, төлбөр нь болсон билээ.
Өнөөдөр эрх мэдлийн төлөө улайран дайрч “Би дараагийн Ерөнхий сайд болно” хэмээн солиороход нэг хуруу дутуу яваа Д.Хаянхярваа нь УИХ-д анх орж ирээд тун удалгүй Сангийн сайдын эрх мэдэлд хүрч, тэрхүү албан тушаалаараа түрий барин дайрсаар Дарханы иргэдэд “Эх орны хувь, хишиг” гэгчийг тарааж, дараагийнхаа нүхийг малтаж байсан нь өнөөдрийн хийрхэл, солиорлынх нь замыг зассан түүхтэй.
Тухайн үед Д.Хаянхярваагийн тэрхүү татварын мөнгөөр гараа угаасан заль мэхэнд хууртсан иргэд “Бидний сонгосон гишүүн маань Сангийн сайдаар ажиллаж Эх орны хувь хишгийг тарааж байгаа нь Дарханчууд бидний амны хишиг, буян заяа юмдаа” хэмээн шогширцгоож, бөөн баяр хөөр болон хууртагдаж байсан билээ. Татвар төлөгчдийн мөнгөөр найрласан тэрхүү заль мэх нь Дарханыхан азтайдаа биш, Д.Хаянхярваагийн эрх мэдлээ урвуулан ашигласан, дараагийн сонгуульд ялалт байгуулахаар улайран дайрсан улстөрийн асар том заль мэх, жинхэнэ Гэмт үйлдэл байсны тодорхой илрэл байжээ.
Жирийн иргэдийг бөөнөөр нь хэлмэгдүүлэн дараад байдаг Монголын хууль, шүүх улстөрчдөд шударгаар тусдаг, үйлчилдэг бол эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Монголчуудын амьдралд багагүй нүгэл хилэнц үйлдсэн Д.Хаянхярваа мэт нь өнөөдөр УИХ-ын хуралдааны танхимд чадлаа мэдэхгүй том дуугарч, ухаалаг царай гаргаж суух бус, шударга хууль шүүхээр хариуцлага хүлээн байх ёстой газраа хэвтэж байх ёстой байв.
Гэтэл Д.Хаянхярваад хариуцлага тооцох нь битгий хэл УИХ-д дахин сонгож, сандал ширээ булаацалдсан шунал, тачаалынх нь галыг өрдөн асаачихсан байгаа юм. Хонгорчуудыг хордуулж, дараа нь татварын мөнгийг тараан олгохдоо өөртөө багагүй ашиг унагаж байсан Д.Хаянхярваагийн хоёрхон Гэмт хэргийн жишээ нь “Энэ этгээдэд шударга ёс, зарчимч байдал огтхон ч зохихгүй, түүнд тийм мэдлэг чадвар огтхон ч байхүй” гэдгийг нь илтгэн харуулсан нотолгоо боллоо.
Өчигдрийн УИХ-ын чуулганы танхимд М.Энхболдыгоо улайран хамгаалж, огт байхгүй, байх ч боломжгүй шударга ёс ярьж, нийт Монголчуудын эрх ашгийг хамгаалагчийн хошин дүрд тоглож байсан түүнийг Монголын улстөрөөс хөөн зайлуулж, дахин нүдэнд үзэгдэхгүй болгох шаардлагатай юм. Тэр бол Монголын ард түмний эрх ашгийг бодох, шударга ёс тогтоох байтугай ганцхан Хонгор сумаа ч хамгаалж чадалгүй хордуулж байсан этгээд билээ. Ийм ёс зүйгүй, шударга бус луйварчин төрийн түшээ Монголоос өөр ордонд бараг л байхгүй болов уу.
Хэрвээ хаа газар ганц нэг байж байгаад ард түмэндээ илчлэгдэн баригдвал уучлалт гуйгаад л огцорч, зайлж оддог юм билээ. Гэтэл “Урвагчдын толгойг тухай бүрт нь тасдаж, улс орон, ард түмэндээ шударга үнэнчээр зүтгэгчдийг хөхүүлэн шагнаж байсугай” гэсэн Эзэн Чингисийн агуу сургаалыг улан дороо дэвсэлсэн Д.Хаянхярваа мэт нь улстөр, эрх мэдэл, сандал ширээний дээд өндөрлөгийг л харж, тооцоолж дараагийнхаа бузар явуулгуудыг хийж эхлээд байгааг хэрхэвч хүлээн зөвшөөрч, уучлан хэлтрүүлж болохгүй юм.
Тэрээр өнөөдөр Монголдоо анх удаа нефть боловсруулах үйлдвэр байгуулж, 2020 оноос өмнө ашиглалтад оруулах, Улаанбаатарын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэн байгуулж мөн л дараагийн УИХ-ын сонгуулиас өмнө хүлээлгэн өгөхөөр урсах өдрүүдтэй уралдан зүтгэж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулаад өөрөө тэрхүү эрх мэдлийн оргилд гарахаар, тал гишүүд нь орж ирээгүй УИХ-ын чуулганы танхимд солиороод сууж байгааг хэрхэвч уучилж, түүний тэрхүү солиорлыг ухаант хүний үг хэмээн хүлээн авч огтхон ч болохгүй алдаа, завхрал гэдгийг хаа хаанаа гүнзгий ухааран ойлгох цаг нь болжээ...

Сэтгүүлч Д.Энхтүвшин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу