Caakmedee

Архи зарахгүй өдрийн тоог нэмээд өг, хотын дарга аа

  • Нийтлэл
  • 2019/04/26
Улаанбаатар хотод явагдаж буй гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд гурав хоног архи зарахыг хориглосон. Хотын даргын шийдвэрээр энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахгүй байхыг захирамжилсан юм.
Гамшгийн сургуульд зориулан гаргасан энэ шийдвэр нэгэн таатай мэдээг дуулгалаа. Тэр нь архи худалдан борлуулаагүй эхний өдөр гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурсан тухай цагдаагийн байгууллагын мэдээлэл байв. Архи зараагүй энэ сарын 24-ний өдөр гэмт хэргийн 68, зөрчлийн 541, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 99, зам тээврийн ослын 263, нийт 1011 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх өдрүүдээс 500 нэгж буюу даруй 60 хувиар буурсан үзүүлэлт аж. Энгийнээр бол архинаас болж хэн нэгэн амь насаа алдаагүй, өөр нэгэн гэмтэж бэртээгүй. Бас нэгэн гэр бүл хэрүүлгүй, хүчирхийлэлгүй амар тайван байсан гэсэн үг.
Тэгэхээр архи гэгч ундаа Монголын нийгэмд асар их хор хохирол учруулж байгааг эндээс бэлээхэн харж болох нь. Цагдаагийн байгууллагад ирдэг гэмт хэргийн дуудлагын ихэнх нь архинаас үүдэлтэй гээд хэлчихэж хилсдүүлсэнгүй болохгүй аж. Архи уусан нэгэн гэмт хэрэгтэн болох эсвэл эрүүл мэнд, амь насаа алдах эрсдлийн ирмэгт явдаг. Үгүй гэхэд, эд хөрөнгөөрөө хохирох, хайртай дотны хүмүүсээ гомдоох, хэзээ ч эвлэрэхгүй ан цав үүсгэх гээд архи нийгэмд, гэр бүлд асар их хар сүүдрийг дагуулдаг.
Тэгэхээр гэмт хэргийг бууруулж, нийгмийг эрүүл, гэр бүлийг элэг бүтэн, айдасгүй байлгах гарц нь архины хэрэглээг багасгах аж. Ингэхийн тулд архи зарахгүй, хориглосон өдрийн тоог нэмье. Сар бүрийн нэгэнд гэсэн ганцхан өдөртөө байх бус долоо хоног бүрийн багадаа хоёр өдөрт нь архи зардаггүй, түүгээр үйлчилдэггүй болъё. Долоо хоногийн тогтмол өдрүүдэд архи зарахгүй байх захирамжийг гаргаад өг, хотын дарга аа.
Хориг хязгаарт дургүй монголчууд ийм шийдвэрийг эсэргүүцнэ. Гэхдээ гэр бүлээ, нийгмээ, хүн амаа олон олон эрсдлээс хамгаалахын тулд ийм хязгаар тавихад буруудах зүйлгүй. Угаас ийм шийдвэр үр дүнд хүрэхийг ганцхан өдрийн статистик мэдээлэл харууллаа. Гэмт хэргийн дуудлага 60 хувиар буурсан гэдэг хангалттай үр дүн. Мэдээж, энд цагдаагийн байгууллагын оролцоо чухал. Цагдаа нар хотын даргын шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хяналтыг сайн тавьж чадсан нь ийм үр дүн гарахад ихээхэн нөлөөлсөн.
2018 оны статистик мэдээгээр нэг монгол хүнд 3.3 литр спирт, 9.3 литр архи, 31 литр шар айраг ногдож байна. Энэ бол цөөхөн монголчууд архинд живэх хэмжээний тоо. Үүнийг багасгахын тулд импортод хязгаар тавьж, үйлдвэрчдийг хянахад ч буруудах зүйлгүй. Хаан бүрийнхээ нэрийг архины шилэнд нааж, 0.33-аас эхлээд 5 литр хүртэл нь савлаж шид шидээр нь үйлдвэрлэж, зарж борлуулан ашиг орлого олсон. Харин одоо архины үйлдвэрлэл, импортод хэмжээ хязгаар зааж, хэрэглээндээ ч хориг тавья.
Архины зовлонг бид хангалттай амссан, бүр хэдэн арван жилээр. Архинаас хамааралтай хэсэг бүлгийг бий болтол нь живсэн. Тэгэхээр одоо эрүүлжих арга хэмжээг авъя. Ингэхдээ архи зардаггүй, түүгээр үйлчилдэггүй хоногийн тоог л нэмье. Долоо хоногт хоёр өдөр, сардаа 4 өдөр архигүй эрүүл, саруул ухаантай байгаад үзье. Нэгэн гэр бүл айдасгүй байж, өөр нэгэн айл элэг бүтэн үлдэнэ. Аав ээж хүүгээ, охиноо алдахгүй. Хэн нэгэн эрэгтэй эсвэл эмэгтэй эрүүл мэндээрээ, эд хөрөнгөөрөө хохирохгүй. Өөр нэгэн торны цаана суухгүй. Хүүхдүүд ч эрүүл, аюулгүй орчинд өсч торнино. Ямар их эерэг үр дүн гарахыг тооцоолоод хэрэгжүүлээд үзье.
Архи зараагүй ганцхан хоногт гэмт хэрэг 60 хувиар буурсан. Энэ тоо нэгийг хэлж, олныг бодогдуулна аа.

М.Болд
Эх сурвалж: Shuud.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу