ОХУ НЕФТИЙН ҮНЭЭ НЭМЭГДҮҮЛСЭН ТУЛ МОНГОЛД ШАТАХУУНЫ ҮНЭ ДАГААД НЭМЭГДЖЭЭ
- Мэдээ мэдээлэл
- 2019/05/03
Гурав хоногийн өмнө АИ -90 шатахуун 80 төгрөгөөр нэмэгдсэн нь ард иргэдийн бухимдлыг төрүүлээд буй.
Тэгвэл шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар АМГТГ-аас мэдээлэл хийлээ.
ОХУ-ын Роснефть компаниас нийлүүлж буй шатахууны үнэ 2019 оны 3-р сард тонн тутамдаа 39-50 ам.доллараар, 2019 оны 5-р сард төрлөөс хамааран тонн тутамдаа 17-53 ам.доллараар өссөн нь шатахууны жижиглэнгийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэв.
Монгол Улс нефтийн бүтээгдэхүүнийг 100 хувь импортоор оруулж ирдэг. Өнгөрсөн 2018 онд 1.1 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортоор авснаас 60 хувийг нь ДТ, 30 гаруй хувийг А-92 авто бензин эзэлжээ.
Нефтийн бүтээгдэхүүнээ гаднаас импортолдог тул бүтээгдэхүүний үнэ өсөж буурахад ам.долларын ханшийн өсөлтөөс гадна дэлхийн зах зээл дэх баррел тосны үнийн хэлбэлзэл нөлөөлдөг гэдгийг албаныхан онцоллоо.
Өнгөрсөн онд нефтийн бүтээгдэхүүний үнийг гурван удаагийн арга хэмжээгээр нийтдээ литр тутамд нь 250 төгрөгөөр бууруулж чадсан. Гэвч 2019 оны гуравдугаар сараас дэлхийн зах зээлд нефтийн бүтээгдэхүүний үнэ буцаж өссөн. ОХУ хилийн үнээ нэмэгдүүлсэн зэргээс үүдэж нефтийн бүтээгдэхүүний үнэ Монголд өсөхөөс аргагүй болсон гэнэ.