Caakmedee

Өнөөдөр Чөлөөт Хэвлэлийн, басхүү сэтгүүлчдийн ч эрх чөлөөний өдөр шүү...

  • Нийтлэл
  • 2019/05/03
Өнөөдөр дэлхий нийтэд тунхаглагдсан Хэвлэлийн эрх чөлөөний өдөр билээ. Тэгээд ч яг өнөөдрийн энэ цаг үед Хэвлэлийн эрх чөлөө нь Ард түмний эрх чөлөө болчихоод байгааг Монголын нийгэм хамгийн халуунаар ойлгон дэмждэг болсон. Тэрхүү чухам үнэнийг төрийн эрх барьж байгаа нөхдүүд болон авлига хээл хахуулиар биеэ оторлосон хулгайч луйварчид, ялангуяа МАНАН-гийн дээрэмчид хамгийн гүнзгий ойлгож, хачин ихээр айн сандарцгааж, болж л өгвөл дуу хоолойг нь барьж, намнаж устгахыг эрмэлздэг болчихсон.
Гэхдээ МАНАН-гийн болон Монголын нийгмийг доройтуулж, ард түмний амьдралыг там болгохоор улайран дайрцгаадаг бүх л хулгайч, дээрэмчид Хэвлэлийн эрх чөлөөг багалзуурдан дарж яагаад ч чадахгүй гэдгийг Монголын ард түмний найман настай балчираас эхлээд 80 настай буурлууд нь ч ягштал ойлгож, аминаасаа ч илүүгээр хайрлан хүндэтгэж, талархан дэмждэг болцгоожээ. Тийм ч болохоор яг одоо Соёлын төв өргөөнд Монголын чөлөөт хэвлэл, сонин сэтгүүл, бүх л сайтын редакциуд, УИХ-Засгийн газрын үйл ажиллагааг газар дээрээс нь сурвалжлан Монголын нийгэмд цаг алдалгүй мэдээлэл түгээдэг нийт сэтгүүлчид, Хэвлэл мэдээллийн газрын эздүүд хуран чуулж, Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан форумаа зохион байгуулж байна. Өнөөдөр дэлхийн өнцөг булан бүхэнд чөлөөт Хэвлэлийн эрх чөлөө “Ус агаар мэт” тун чиг үгүйлэгдэж, зарим газраа өдрөөс өдөрт л багалзуурдуулж, ард түмний үнэнийг мэдрэх, амьдралд нь тулгарч, хутгалдаж байгаа бузар булай, хулгай дээрэм бүхнийг зарлан тунхагласан сэтгүүлчид нь ч цаг бусаар эрх чөлөөгөө боомилуулж, зарим нь амь насаа алдацгааж байгаа ч Хэвлэлийн эрх чөлөө нь хүний амьдралын салшгүй нэгэн эд эс, өдөр тутмынх нь “Амтат талх” мөн билээ.
Өнөөдрийн өндөрлөгөөс Монголын чөлөөт Хэвлэлийн эрх чөлөөг ажиглан дүгнэлт хийвэл хэдийгээр Чөлөөт хэвлэлийн салбар үүсч хөгжөөд 31 жил, өдөр тутмын Сонины холбоо үүсээд 21 жил өнгөрсөн хэдий ч Монгол Улсад 100 хувийн эрх чөлөөтэй хэвлэл мэдээллийн салбар байхгүй хэмээн шулуухан дүгнэхэд үнэнээс хол зөрөхгүй юм. Учир нь төрийн албанд шударга бусаар шургалан орсон хурган дарга нарын авлига хээл хахууль, ажил дээрээ архидан согтуурч, хэн нэгний эрх чөлөөнд нь халдсан болон Улаанбаатарын хаа сайгүй Газрын наймааг баруун солгойгүй бужигнуулж, төсвийн мөнгөөр гараа угаан тарвалзагсад, хууль шүүхийн байгууллагуудад язганалдсан авлига, хээл хахууль болгоны араас хөөцөлдөж, ард түмнийхээ үнэнийг мэдэх хүслийг нь биелүүлсэн сэтгүүлчид байнга л хэлмэгдэн зовж, байсхийгээд л Шүүхэд дуудагддаг болчихсон нь нууц биш билээ.
Тэгээд ч Монголын Чөлөөт Хэвлэлийн салбарыг багалзуурдан дарах санаархал нь өдрөөс өдөрт л газар авч байгаа эрх баригчид болон Монголын ард түмний баялгийг гадны дээрэмчидтэй бүлэглэн дээрэмдсэн урьд өмнөх Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, бүх л яамны сайдууд, төрийн албанд шургалсан хурган дарга нарын бусармаг үйлдлүүд, тэдний гар хөл болсон хууль шүүхийн байгууллагуудын ёс бус үйл ажиллагаануудын үр дүнд Монголын чөлөөт хэвлэлийн салбар 2017 онд дэлхийн 180 орноос 60 дугаар байранд жагсаж байсан бол хоёрхон жилийн дараа бүхэл бүтэн 10 байраар ухарч 70-д эрэмбэлэгдсэн байгаа нь үнэхээр харамсалтай дүр зураг, хачирхалтай ухралт биш гэж үү. Өнөөдөр дэлхийн 180 улс орнуудаас чөлөөт Хэвлэлийн эрх чөлөөгөөрөө Норвеги, Финлянд, Швед, Нидерланд, Дани, Швейцарь, Шинэ Зеланд улсууд тэргүүлж яваа бол үргэлжийн дайн түрэмгийлэл, хэн нэгний хэтэрхий эрхшээлд оршдог Эритрей, Хойд Солонгос, Туркменистан, Сири, Венесуэл, БНХАУ-ууд сүүл мушгисан бөгөөд Монгол Улс хоёрхон жилийн дотор 10 байр ухарчихсан л байна. Ер нь ч Монголын чөлөөт Хэвлэлийг нухчин дарахаар хуучин төр засгийн толгойд байсан луйварчин дээрэмчид, өнөөдрийн МАНАН-гийнхан нь хууль шүүхийхэнтэйгээ хэрхэн авлига хээл хахуулиар баттай холбогдож, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үнэнийг өгүүлэх эрх чөлөө рүү яажшуухан дайрч байгаагийн тодорхой нотолгоо нь хоёрхон жилийн дотор 10 байр ухарсан дээрх үзүүлэлт мөн юм.
Яг үнэндээ өнөөдөр л илчлэхгүй, шударга үнэнийг нь дэлгэхгүй бол болохгүй гажуудал, хэтэрхий эрх чөлөө муутай хавчигдмал байдал Монголын чөлөөт Хэвлэлийн салбарт “Чөдөр тушаа” болж байгааг дэлгэн тавьж, хатуухан шүүмжлэл өрнүүлэх ёстой өдөр нь өнөөдөр билээ. Харин маргааш, нөгөөдөр бол найман жил Монголын төрийн толгойд бугшин суусан Ц.Элбэгдорж, Н.Багабанди нар болон Монголын баялгийг гадны дээрэмчидтэй хуваан залгисан тухайн цагийн Ерөнхий сайд нар болон тэдний гар хөлүүд өнөөдөр хэн болчихоод байгаа, тэд чухамдаа Монголын ард түмний Үндэсний баялгаар хэрхэн гараа угаацгаасан, өнөөдөр ч тарвалзталаа шуудайлсаар л суугааг яг үнэнээр нь дэлгэн тавих боломжгүй. Учир нь тэдгээр дээрэмчид бүгдээрээ шахуу хууль шүүхийн хамгаалалтанд орж, харин ч тэдний бузар булайг илчилсэн бүхэн ямархан хатуу эрүү шүүлт, зуултанд хавчуудагдсаар байгааг Монголчууд харж, мэдэрч л байгаа.
Гэхдээ өнөөдөр Монголын чөлөөт Хэвлэлийг нухчин дарах гэсэн, нийгэмд бугшсан бузар булай бүхний эсрэг дуу хоолойгоо нийлүүлэн тэмцэж яваа сэтгүүлчдийг бүгдийг нь барьж хорьж, үзгийг нь булааж, микропоныг нь хэмхчин шидэлж, дуу хоолойг нь баглзуурдан таслаж чадахгүй ээ. Яагаад гэвэл чөлөөт Хэвлэлийнхээ эрх чөлөөгөөр дэлхийд сүүл мушгиж яваа хойд болон өмнөд хөрш шигээ л байдалд шилжих гээгүй бол, ард түмнийхээ үнэнийг мэдрэх гэсэн чин хүслийг нь тас цохиж, хөл доороо дэвслэх гэсэн эрх баригчдын тэмцлийг ялалтанд хүргэх гээгүй л бол дөрөв дэх засаглалын тэргүүнд яваа эрхэм сэтгүүлч нөхөд минь эр зоригоо нийлүүлж, дуу хоолойгоо ч Монголын нийгэм даяар цуурайтуулах цаг нь болжээ.
Тэгээд ч Монголын төр засгийн эрх мэдлийн толгойд бугшиж, бузар булай бүхнийг өөгшүүлэн дэмжиж, өөрсдөө ч авлига хээл хахуулийг цэцэглүүлж явсан өмнөх үеийн бүх л улстөрчид, төрийн албанд шургалсан хурган дарга болгоны хийж хэрэгжүүлсэн хулгай дээрэм бүхнийг илрүүлэн гаргаж, МАНАН-г сарниан үлдээлгүй хөөж чадвал Монгол маань Ази тивдээ л Тайвань, БНСУ-ын дараа эрэмбэлэгдэх, жинхэнэ чөлөөтэй, үзэл бодлын эрх чөлөөг мэдрүүлсэн хэвлэл мэдээлэлтэй улс гэдгээ дэлхий дахинд мэдрүүлж, тунхаглаж чадах билээ. Эцэст нь Монголын ард түмний сайн сайхан ирээдүйн төлөө, шударга үнэний дуу хоолой болж яваа Монголын нийт сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын нийт ажилтан албан хаагчдын баярын өдөр тохиож байгаа тул мэргэжил нэгтэй найз нөхөд, эрхэм журмын дүү нартаа энэхүү баярын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, “Ган үзэг нь гялалзаж, урам зоригтой, ухаан санбаатай, урагшлан давших”-ын ерөөлийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлж байнам. Тэгээд ч гагцхүү дөрөв дэх засаглалын тэргүүн манаанд үзэг, микропоноо атган зогсоцгоож байгаа сэтгүүлчид бид бүхэн эр зоригтой, эгц шударга байж гэмээнэ Ази тивийн элгэнд оршигч, Их эзэн Чингисийн үр сад Монголын ард түмэн, хөгжил дэвшилийн үүд нь цэлийтэл нээгдсэн ХХI зуунд итгэл төгс алхалж, ирээдүйн сайхан нийгмийг эх орондоо цогцлон бүтээж чадах билээ. Учир байдал нэгэнт ийм л тодорхой тул үзэг зэвсэг нэгтэй эрхэм журмын сэтгүүлч нөхөд минь Монголын нийгмийг эрүүлжүүлэх, хойч үеийг сэнхрүүлэн ухааруулах өдөр тутмын ажилдаа чин сэтгэлтэй, зориг зүрхтэйгээр хөдөлмөрлөж, гэрэлт маргаашийг ойртуулахын төлөө хоёргүй сэтгэлээр бичиж туурвин урагшилцгаая...

Сэтгүүлч Д.Энхтүвшин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу