Caakmedee

Баабар: Монгол улс хөгжихгүй байна, ухраад мөхөл рүүгээ ойртож байна гэдэг нь нэг талаасаа үнэн

  • Нийтлэл
  • 2019/05/07
Нийтлэлч Баабарын “Монголын хөгжлийн философи” зөвлөлдөх  уулзалтад тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол орон мөхлийн ирмэгт тулчихаад байгаа юм байна. Монголчууд хоёр мянган жилийн түүхэндээ ингэж ядуурч уруудан доройтож байгаагүй. Монголын тусгаар тогтнол ямар ч баталгаагүй болжээ. Үндэсний аюулгүй байдал тэр чигээрээ алдагдлаа. Хүн амын ядуурлын хэмжээ 80 хувь гарчихлаа. Ард түмэн өлсгөлөнд нэрвэгдэж өдөр хоногийг арай гэж туулж байна. Өмнө үеийнхний бүтээсэн болгоныг эвдэн сүйтгээд үлдсэн юмгүй боллоо. Монгол хэл хүртэл мөхлийн шатандаа орсон тул үр хүүхэд маань монгол соёлоос хөндийрөн харьжих боллоо. Дайн болж буй Афганистан, Иракаас олон хүн Монголд үхэж үрэгдэж байна. Аллага, хүчирхийлэл, осол, гэмт хэрэг замаа алдаж иргэний дайны хэмжээнд хүрчээ. Архидалт бүхнийг хамарч хүүхэд хөгшдөө оруулаад дундаж монгол хүн 50 литр архи уух боллоо. Эмнэлэгийн үйлчилгээ хэзээ ч байгаагүй доод хэмжээндээ тулан, арьс өнгөний өвчин, хорт хавдар, ДОХ, гоц халдварт өвчний хэмжээ тоогоор дэлхийд тэргүүлэх болов.   
Бараг л бүх эрчүүд нь архичин, эмэгтэйчүүд нь биеэ үнэлэгч болжээ. Ном сонин уншихаа больж, хүүхдийн сургууль завсардалт хавтгайрчээ. Монгол улсыг гадаадын шунахай этгээдүүд жолоодох болж газар нутгийг нь худалдан авч баялагийг зөөж дуусгаж байна. Хятад хүмүүс сүрэглэн ирж монголчуудыг зодож, хүүхнүүдийг хүчиндэн, хүүхдүүдийг нь хулгайлан авч эд эрхтэний наймаанд зарж, малыг нь булаан авч хятад мянгат малчдыг олноор төрүүлж байна. Нийт төрж байгаа нялхсын дийлэнх нь хятадуудын хүчиндсэн хүүхнүүдээс төрж монгол цус булингартан алга болж байна. Хүүхдүүд үй олон мянгаараа траншейнд амьдрах болж, ядуу хүмүүс орон гэргүй болон хүүрийн газар, хогийн цэг дээр хэдэн мянгаараа амьдарч байна. Монгол оронд ямар ч ирээдүй байхгүй болсон тул тун удахгүй мөхөж алга болох үндэстний тоонд орох гэж байгааг дэлхийн нэр хүндтэй байгууллагуудаас анхааруулж байгаа юм... 
Та бүхэн ийм мэдээг өдөр тутам мэдээллийн хэрэгслэлээр сонсож, үзэж, амталж, мэдэрч байгаа билээ. Бид бүхний өдөр тутам хоорондоо ярилцдаг гол сэдэв маань ч энэ байх. Нэг үгэндээ Монгол улс ерөөсөө хөгжихгүй байна! “Монгол улс огт хөгжихөө болилоо” гэсэн энэхүү нийтийг хамарсан яриа, цаашлаад ойлголт хаанаас эх сурвалжтай вэ?   
Цуу ярианд автамхай нүүдэлчдийн сэтгэлгээний онцлог. Албан ёсны мэдээлэлд итгэл муутай ханддаг энэ онцлог нь нүүдэлчид үе үеийн турш ам дамжсан ярианаас мэдээллээ олж авдаг, төр нь үнэхээр тодорхой зорилгоор үнэнийг нуун дарагдуулдаг байсан уламжлал. 
Нээлттэй нийгэмд орж ирснээр гэнэт мэдээллийн олон эх сурвалжтай болсон учир алинд нь итгэхээ мэдэхээ болин төөрөлдсөн. Хэдийгээр зуун хувь бичиг үсэгтэй, дээд мэргэжилтэн, оюутан эрдэмтний тоогоор  дэлхийд тэргүүлдэг ч эдийн засаг, сэтгэл судлал, нийгэм судлал, логик  зэрэг шинжлэх ухааны салбаруудын талаархи боловсрол нийтээр туйлын дорой. Шүүмжлэлт сэтгэлгээ, эрэгцүүлэн жишиж тунгаах чадвар сул нь ерөнхийдөө  нийтлэг. Уран сайхны сэтгэлгээ давамгай. 
Гадаад ертөнцийн тухай огт ойлголтгүй, албан суртал нэвтрүүлгээр авч байсан мэдээлэл нь мушгин гуйвуулсан, хэт харлуулж эсвэл хэт цайруулж байсан орчинд  хэдэн үеийн турш төрж өсч хүмүүжсэн хүн сүрэг гэнэт нээлттэй ертөнцөд хөл  тавиутаа хөгжингүй орнуудын зэрэглэл стандарттай өөрсдийгөө шууд жишин  голж хөл алдсан.  Чөлөөт зах зээлийн тогтолцоонд орсноор хүмүүсийн орлого нийтээр их хэмжээгээр нэмэгдсэн боловч хоорон дахь ялгаа нь асар их зөрүүтэй болсон. Жигд ядуу   нийгэмээс баян хоосны эрс ялгаатай болсон тогтолцоо руу орохоор нийгмийн  дийлэнх нь гомдол хорсол тээх болжээ. Авилга нийгэмд хавтгайрснаас болоод хууль бус ч байсан, хууль ёсны ч байсан ерөөс орлогыг нь хавтгайруулан адил хэмжээнд жишин үзэж, нийгмийн дээд болон дунд орлогтой хэсэг рүү жигшил зэвүүцэл чиглэх хандлагатай болов.
Эндээс гарах дүгнэлт нь хөгжлөөс үүсэж буй бага зэргийн ашгийг нийгмийн цөөн хэсэг бүгдийг нь луйвардан авдаг гэсэн сэтгэхүй давамгайлах болов.  Муу мэдээг илүүтэй сонирхдог нь хүний үндсэн зөн совин.  Өөр олон шалтгаан байгаа байх. Гэвч “хөгжихгүй байна” гэдэг ойлголтондоо юуг хамааруулан, юутай жишиж байгаа нь төдийлөн тодорхойгүй. Хөгжил гэсэн ойлголт нь байгаль болон хүний нийгэм дахь нэг чанараас нөгөөд, хуучнаас шинэд шилжих өөрчлөлт хөдөлгөөнийг илэрхийлдэг. Өнөөгийн философийн ухаанд давамгайлж буй ойлголтоор бол матери болон ухамсар бүхэлдээ энгийнээс нарийн руу, доод болхи тогтолцооноос илүү зохион байгуулалттай дээд тогтолцоо руу чиглэсэн урагшлах дэвшилтэт хөдөлгөөнийг хөгжил гэж нэрлэдэг. Мэдээж философийн зарим дэг сургууль үүнийг хүлээн зөвшөөрдөггүй ч энэ концепцийг ихэнх нь баримталдаг.   Хөгжил гэсэн ерөнхий ойлголтод физик, хими, биологи, нийгэм гээд судалхуйн бүхий л салбар багтана. Эдийн засагт ч хөгжил гэсэн категорид хэд хэдэн тусдаа өөр ойлголт бий.
Тогтвортой хөгжил (stable), тулхтай хөгжил (sustainable) гэсэн ойлголт ч хоорондоо нэлээд ялгаатай. Манай энэ “Монголын хөгжлийн философи” гэсэн зөвлөлдөх уулзалтад тавигдсан илтгэлүүд алийг нь онцлоод байгааг анхаарна биз.   
Өнөө үед судлаачид эрдэмтэд хүний хөгжлийг үндсэн гурван бүлэгт хувааж үздэг: 
Материаллаг хөгжил 
Биеийн хөгжил (хүч чадал, тэвчээр, өсөлт г.м.) 
Техник хөгжил (хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, мэдээлэл г.м.) 
Санхүүгийн хөгжил (хувийн, гэр бүлийн, хамтлагийн, төрийн, нийгмийн г.м.) 
Сэтгэл санааны хөгжил, (соёлын сэтгэлгээний, сэтгэл ханамжийн, өөрийгөө илэрхийлэхүйн г.м.)
Ахуйн  Ёс суртахууны (ёс зүй г.м.) 
Оюуны (шинжлэх ухааны, техникийн г.м.) 
Урлагийн болон зөн совин мэдрэмжийн (илэрхийлэх, харж, сонсож, дүрслэх чадамж г.м.) 
Социал хөгжил (нийгэмд эзлэх байр суурь, зэрэг дэв) 
Монгол улс хөгжихгүй байна, тэр байтугай улам ядууран доройтож, удахгүй сөнөж байна гэсэн энэ маягийн суртал нэвтрүүлэг яван явсаар нийтийг хамарсан ойлголт болж улмаар буруутныг хайх эрэл рүү хөтлөн ихэнхийн үнэлэлтээр ардчилсан тогтолцоо өөрөө гол буруутан болон хувирч байна. Нэгэнт ардчилсан тогтолцоо хүмүүсийг ядууруулж улс орныг сүйтгэсэн юм бол тэрнээс өмнөх нийгэм-улстөрийн бүх тогтолцоонд Монголын ард түмэн жаргаж үхэж байсан болж таарах логик мөрдөлгөө эндээс үүснэ. Иймэрхүү цуурхал дүгнэлт өнөөгийн ахмад болон дунд насныхнаас гарч нийгмийн төлөв байдлууд, хөгжлийн динамикийг мэдэхгүй шинэ үеийн залуучуудад итгэл үнэмшил болон очиж буй.   Хоёр өөр нийгмийн тогтолцооны аль алинд нь амьдарч байсан шууд гэрчүүд яагаад иймэрхүү жиших үнэлгээгүйгээр тайлбар ятгалга хийдэг болсон бэ? Сэтгэл судлалын онолоор нийгмийн ямар тогтолцоонд амьдарч байснаас үл хамаараад ерөөс хүмүүн нь хөгширсөн хойноо бэлгийн ид идэвхитэй байсан үеэ амьдралынхаа хамгийн алтан үед тооцдог аж.
Гэтэл “хөгжил зогссон тухай” онолын гомдлоо бэлгийн чадавхи буурсантайгаа биш амьдралын өртөг нэмэгдсэн, ядуурч буурсан зэрэг санхүү эдийн засгийн хүндрэл, хүний ёс суртахуун гэх мэт юу дуртайтайгаа холбон тайлбарлаж байгаа юм. Үүндээ ардчилсан тогтолцоотой, ардчиллын төлөөлөгчид гэх бие хүмүүстэй, хөрш орнуудтай, гадаадын хөрөнгө оруулагчидтай холбон нэмж хачирлан чимэглэсээр эцэст нь уруудан доройтож мөхөлтэй золгон уулзаж буй Монгол орны буруутан нь энэ орчлон хорвоо өөрөө бүхлээрээ болох ажгуу.   Энэ бүхнийг би үгүйсгэн тэмцэх гээгүй. Сүүлийн гучин жилийн албан ёсны статистикийг харьцуулан тоо баримт хэлэх гэсэн юм. Үүнд БНМАУ-ын Статистикийн төв газраас эрхлэн гаргасан 1971, 1981, 1986, 1991 оны эмхтгэлүүд, Үндэсний статистикийн хорооны 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын дэлгэрэнгүй баримт бичиг, Монгол банкны жил бүрийн тайлан, Олон улсын валютийн сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны 1992-2016 оны хоорон дахь жил бүрийн тайлан зэргийг ашигласан болой. 
Хүний эрх, эрх чөлөө. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх, эвлэлдэн нэгдэх, шүтэж бишрэх, төрөө чөлөөт сонгуулиар өөрийн итгэл үнэмшлээр сонгох, чөлөөтэй зорчих бүхий л эрх шинэ Үндсэн хуулиар нээлттэй болжээ. Одоо Монголд Төрийн бус байгууллага буюу иргэдийн сайн дурын эвслийн тоо 23 мянгад хүрсэн байна. 1990 оноос өмнө оршин тогтнох эрхийг нь төрөөс зөвшөөрсөн бие даасан нэг ч байгууллага байгаагүй. Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн хэвлэлийн тоо хэдийнээ 600 гаруй байгаа бол 1990 онд төрийн мэдлийн 10 орчим төвийн сонин сэтгүүлтэй байсан. Одоо зөвхөн хувийн хэвшилд хамаарах өдөр тутмын сонин 20 гаруй, радио 40 орчим, монгол хэлээр нэвтэрдэг зурагтын суваг хэдэн зуу байгаагийн дотор сум болгон өөрийн гэх бие даасан телевизийн сувагтай болжээ. Амьдрах газраа иргэд өөрснөө сонгох болсноор 520 мянган хүнтэй байсан Улаанбаатар сая дөрвөн зуун мянгат болж, Дархан, Эрдэнэтэд тус бүрд нь 80-100 мянган хүн амьдарч байна. Үүнээс гадна Монгол улсын хүн амын 4 хувь нь гадаадад амьдарч байгаа. Үүнд иргэний харъяаллаа өөрчилж Казахстанд очсон 60 мянга орчим иргэдийг оруулаагүй, учир нь хэд нь эргэж ирсэн тоо баримт олдсонгүй. Монгол улсад тогтмол амьдран суугаа гадаадын иргэн ба харъяалалгүй иргэд нийт 15 мянга орчим байгаа нь нийт хүн амдаа 0,5 хувийг эзэлж байна.
Монголд ирэх жуулчин 1990 онд жилд мянга хүрдэггүй байсан бол одоо хэдийнээ 50 мянга давжээ. Энд хилээр орж гарагчдыг биш, жуулчдыг тоолов, Монгол улсын хилийн дээсийг жилд сая орчим монгол хүн нэвтэрч гадаад орнуудад аялж жуулчилж, худалдаа наймаа хийж, сурч боловсорч байна. Шашин шүтлэгтэй хүний тоог 1990 оноос өмнө гаргадаггүй, ерөнхийдөө сүсэгтэн байхгүй гэж үздэг байсан бол 2005 онд гадны байгууллагаас тооцсон дүнгээр буддын шашинтан хүн амын 15 хувийг, христийнх 4 хувь, лалынх 2 хувь гэж гаргажээ. Улс төрийн нам МАХН-аас өөр байх нь хориглогддог байсан бол одоо бүртгэлтэй 31 нам байна.  Макро эдийн засаг. 1940-1990 оны хоорон дахь 50 жилд Монголын эдийн засаг 10,4 дахин өссөн бол 1990-2014 оны хоорон дахь 24 жилд 20 дахин өсчээ. Үүнээс 1990-2004 онд хоёр дахин өссөн бол 2004-2014 оны хооронд 10 дахин өссөн байна. Төсөв, хөрөнгө оруулалтын 70 хувийг ЗХУ-аас зээлж хэрэглэдэг байсан бол 1999 онд хандивлагч болон олон улсын санхүүнийн байгууллагын энэ талын дэмжлэг 40 хувь болсон ба 2005 оноос төсвийн бүрдлийг өөрснөө 100 хувь хангадаг болсон. Монголын өөрийн талаас оруулж буй төсвийн бүтцийн 42 хувь нь 1940 онд хувийн хэвшил эзэлж байсан бол 1980 онд огт үгүй болоод 2000 онд 80 хувь хүрчээ. Төсвийн нийт хэмжээ 1995 онд 250 сая доллар байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт дөрвөн тэрбум долларыг давах болжээ.
Монгол улсыг 2005 оноос ядуугийн зэрэглэлээс хасч ОУВС-ын олон хөтөлбөрөөс хаслаа. ДНБ-ий нэг хүнд ноогдох хэмжээгээр 1995 онд 400 орчим доллар байсан бол өдгөө бараг 5 мянган долларт дөхөж дэлхийн дундач төвшний эдийн засагтай оронд тооцогдох болов.   Ажилгүйдэл огт байхгүй гэж үздэг, ажилгүй байхыг гэмт хэрэгт тооцдог байснаа больж, албадан хөдөлмөрийг хориглосноос хойш ажилгүйдлийн төвшин 5-7 хувийн хооронд хэлбэлзсээр буй, харин ажлын байр хэдэн зуун мянгаар эзэнгүй байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох сард 60-80 төгрөг авдаг байсан малчдыг эс тооцвол улсад ажиллагсдад 160 төгрөг байсан, харин одоо бараг 300мянган төгрөг рүү дөхөж байна. Худалдан авах чадварыг нь тооцвол багаар бодоход хоёр дахин илүү болжээ. Энгийн жишээ хэлэхэд 160 төгрөгөөр 20-25 кг мах авдаг байсан бол энэ тоо өдгөө огт буураагүй. Харин бусад барааг чанар, хүртээмжтэй нь харьцуулан коэфициентлахад хавьгүй илүү болохыг янз бүрээр батлаж болно. Малын тоо толгой 1943 онд 27 сая хүрч байсныг эс тооцвол 1990 он хүртэл хэзээ ч 25 сая хүрч байгаагүй бол 2014 онд төлийн тоогоо оруулаад 59,2 сая толгойд хүрээд байна. Хэдийгээр малын тоо бараг гурав дахин нэмэгдсэн боловч ДНБ-д эзлэх хувь нь бараг гурав дахин буурсан байна.
Хатуу хучилттай зам 90 онд 1184 км байсан бол одоо бараг 7 мянган км болжээ. Нийт импорт найм дахин, экспорт долоо дахин өсчээ. 1990 онд ямар ч шатлалгүй ганц банктай байсан бол одоо арилцааны банк 17 байна. Хэдийгээр хагас нь татвар төлдөггүй ч гэсэн өнөөдөр 100 мянга гаруй аж ахуйн нэгж оршин буй.  Эрүүл мэнд. Хүн амын тоо 1990 онд 2,2 сая байснаа 2014 оны эцсаар 3 сая хүрчээ. Монгол хүний дундач наслалт сүүлийн 25 жилд долоон жилээр нэмэгдлээ. Одоо монгол эмэгтэйн дундач наслалт 75, эрэгтэйнх 68 болжээ. 1990 оны байдлаар ой хүртлэх насны нярайн эндэгдэл 128 промил байсан нь дэлхийд хэт өндөр үзүүлэлт учир Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад 64 гэж мэдээлдэг байжээ. Одоо нялхсийн эндэгдэл 16 промил буюу тэр үеийнхээс даруй долоо дахин буурсан байна. Нас баралтын үзүүлэлт 10 мянган хүн тутамд 10,4 промил байсан бол одоо 5,6 промил болтлоо буурсан байна. Өнөөдөр Монголд жилд 16 мянган хүн нас барж бараг 80 хүүхэд төрж байна. Төрөөс эрүүл мэндэд гаргадаг төсвийн хэмжээ 1992 онд 10 орчим сая доллар байсан бол 2011 оноос энэ тоо 500 сая долларт хүрчээ. ХДХВ-ын тархалт хүн амын 0,01 хувиас бага байвал аюулгүй гэж ДЭМБ-аас үздэг, харин манайд тархалт нь 0,0007 хувь орчим аж.   Боловсрол. Долоон дээд сургуультай, 16 мянган оюутантай байсан Монгол өнөөгийн байдлаар 100 орчим дээд сургуультай, гадаадад сурч байгаагаа оролцуулаад 200 мянга орчим оюутантай болжээ.
Төсвөөс боловсролд өгч буй мөнгө 20 орчим хувь эзэлдэг хэвээр авч мөнгөн утгаараа доллароор тооцоход сүүлийн 25 жилд 10 дахин нэмэгджээ. 10 мянган хүнд ноогдох оюутны тоо 600 давж энэ үзүүлэлтээр дэлхийд нэгд орж байна. Дээд боловсролтой хүний тоо 1990 онд 100 мянга байсан бол одоо 400 мянга гаруй болжээ. Үүний 62 хувь нь эмэгтэйчүүд байна. Дунд сургуулийн 10 жилийн сургалтыг дэлхийн жишигт ойртуулан 12 жилийн сургалттай болголоо. Одоо нийт сумын бараг ихэнх нь 12 жилийн сургуультай болж байна. Сургуулийн насны боловч сургууль завсардсан хүүхдийн тоо нийт сурагчидтай харьцуулахад 0,8 хувь эзэлж байна. Улсын сургуулийн сурагчид үнэгүй үдийн хоол идэж, улсын цэцэрлэгт хүүхэд үнэгүй явдаг болсон нь урьд хэзээ ч байгаагүй үзүүлэлт юм.  Орон сууц. Тухайн цаг уурын бүст амьдрах бололцоотой уламжлалт болон орчин үеийн сууцыг орон сууц гэж нэрлэдэг олон улсын жишигтэй. Монгол нь 2010 оны тооллогоор 713 мянган өрхийн 99 хувь нь орон сууцтай байсан энэ үзүүлэлтээр дэлхийд маш дээгүүрт орж байна. 322 мянга өрх гэрт, 382 мянган өрх байшинд амьдарч буйн дээр 8 мянган өрх зориулалтын бус сууцтай нь нийт өрхдөө нэг хувь эзэлж байна. Оюутан сурагчдын нийтийн байранд 1700 өрх буюу 0,2 хувь, ажилчдын нийтийн байранд 10 300 өрх буюу 1.5 хувь өрх амьдардаг аж.
Ийм нарийвчилсан тоог 1990 оноос өмнө гаргаж байгаагүй. Цахилгаан эх үүсвэргүй өрх 3,3 хувь, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй нь 15.6 хувь ба төвийн эрчим хүчээр хангагддаг өрх 76,6 хувь байна. Таваас доош хүнтэй өрх 82 хувь аж.  Хүнсний хэрэглээ. 1990 онд дундач монгол хүний өдрийн хүнсний хэрэглээ 2 000 ккалори хүрдэггүй байсан бол өдгөө 2 800 ккалори болж энэ үзүүлэлтээр Японыг давах болжээ. Махны хэрэглээ 1985 оны Хүнсний программаар нэг хүнд жилдээ 88 кг болгохын төлөө зорилт тавьж байсан бол өдгөө махны хэрэглээ бараг 150 кг болжээ. Үүнээс дотоодод нядалсан бүртгэгдсэн тураг махны хэмжээгээр тооцвол нэг хүний жилийн ноогдол 100 кг-д дөхөх ба энд хувиараа нядалж идшинд хэрэглэж буй мал мах тооцоонд ороогүй болно. Үүнээс гадна махан дайвар бүтээгдэхүүн, импортоор орж ирдэг гахай, загас, тахианы мах болон бусад махан бүтээгдэхүүн, консервыг нэмэхээр дэлхийд хамгийн их мах хэрэглэдэг орон болжээ. Хүнд ноогдох гурилын хэрэглээ байнга тогтмол байгаа боловч 1990 онд худалдаалагдж буй 2-р гурилын хэрэглээ 80 хувийг нь эзэлж байсан бол одоо дээд гурилын хэрэглээ 80 хувь болсон байна. Монгол улсын хилээр 60 мянга орчим нэр төрлийн бараа импортоор орж ирж буйн үлэмж олон нь хүнсний бүтээгдэхүүн юм.
Хүнсний нэр төрөл олширсноос гадна чанар эрс дээшилж витамин, амин хүчил, чихэрлэг их болсноор хэдийгээр тоон судалгаа байхгүй ч залуучуудын өндөр, жин нэмэгдсэн нь нүдэнд харагдана. Хүнсний зохисгүй хэрэглээнээс болж 35-аас дээш насны хүмүүсийн хэт таргалалт, жингийн хэтрэлт 63 хувьд хүрч байна.  Ахуйн хэрэглээ. 1990 онд Улаанбаатарт 3300 автомашин хөдөлж байсны 100 орчим нь аминых байлаа. Одоо Улаанбаатарт явж байгаа автомашины тоо өрхийн тооноосоо хэдийнээ давсан. Мөн гар утасны тоо нийт хүн амын тооноос хэтэрч давхардсан тоогоо 4 сая 300 мянга байна. Үүний дотор ухаалаг гар утас хэрэглэгчид хэт дийлэнх хувийг нь эзэлж буй. Нэг сая 600 мянга орчим компютер интэрнэтийн сүлжээнд холбогджээ. Бүх өрх телевизортой. Монгол иргэд 2006 оноос хойш 7 тэрбум долларыг автомашинд, 2 тэрбум долларыг гар утсанд, нэг тэрбум долларыг цахилгаан хэрэгслэл, түүний дотор ихэвчлэн нимгэн дэлгэцтэй телевизорт зарцуулжээ. Орлого. Улсын орлогын дийлэнх хэсгийг 1990 оноос өмнө хөдөө аж ахуй, түүний дотор мал аж ахуй бүрдүүлдэг байлаа. Одоо энэ үзүүлэлт 30 хувьд хүрэхгүй, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг хүний тоо 15 орчим хувь байна.
Мал аж ахуй нь бараг тэр чигээрээ хамтралд харъяалагддаг нийгмийн гэх өмч байсан ба тэнд хөдөлмөрлөгчдийн өрхийн сарын цалин орлого 100 төгрөг хүрдэггүй байсныг өнөөгийн ханшаар долларт шилжүүлэх юм бол 3-5 доллар байлаа. Үүнд нэг долларыг тухайн үеийн захын ханшаар бодоход 20 орчим төгрөгтэй тэнцэж байснаар тооцов. Мэдээж энд хаалттай эдийн засаг дахь төгрөгийн худалдан авах чадварыг тооцсонгүй. Улсад ажиллаж буй хамгийн бага цалинтай иргэд болох цэвэрлэгч манаач сард 160 төгрөгийн орлоготой байсан нь тухайн үеийн 3 кг баавгайтай чихэртэй тэнцэж байв. Дундаж багшийн сарын цалин 40-50 кг махтай тэнцэж байлаа. Юутай ч энэ махаар тооцсон хэмжээ өдгөө өсөж “хөгжөөгүй” юм гэхэд буураагүй. Барааны олдоц, чанарыг ярих юм бол хоёр нийгмийн зөрөө хэмжихийн аргагүй ялгаатай.   2004 оноос уул уурхай гэнэт бүүм болж түүхий эдийн үнэ огцом өссөнөөс болж нийгмийн халамж нэрээр 10 хүрэхгүй жилийн дотор нийт ард түмэндээ дөрвөн тэрбум орчим долларыг бэлнээр жигд тараажээ. Үүнд хүүхдийн, сар бүрийн, өндөр насны, хуримын, оюутны гэх мэтээр ялгаварлан гадуурхалгүйгээр бүгдэд хүртээмжтэй тарааснаас гадна янз бүрийн дэмжих сангийн хүрээнд ямааны, тариалангийн, сүүний, жижиг дунд үйлдвэрийн гэх мэт нэртэйгээр нийгмийн тодорхой хэсэг, анги бүлэг, ажил мэргэжлийн хүрээнд асар олон тэрбум төгрөг тараагдсан юм. Энд бэлэн мөнгө тараах бодлогыг сайн гэж байгаа юм биш, үүнийг дагаад асар их шамшигдуулал, хулгай авилга дэлгэрсэн авч ерөнхий дүнгээрээ нийт хүн ам, өрхийн орлогод чамгүй нэмэгдэл болсон билээ. 
Ядуурлын төвшинг гаргая гэхээр янз бүрийн үзүүлэлттэй учир нэгэн утгаар тодорхойлоход хүндрэлтэй байна. 1990 оноос өмнө ийм судлагаа хэзээ ч хийж байгаагүй. Ядуу гэдгийг чухам аль төвшнөөс хэрхэн тогтоох нь тодорхойгүй байгаа юм. Хэрэв өнөөдөр НҮБ-аас гаргасан шалгуураар нэг хүнд нэг өдөрт нэг доллар гэдгээр хэмжих юм бол ядуурал Монголд огт алга. Хэрэв Үндэсний статистикийн газраас авсан багцаар хэмжих юм бол ядуурал хорь гаруй хувьтай байна. Хэрэв Дэлхийн банкнаас хэдэн жил дараалан нэг гараанаас тогтмол хэмжсэн шалгуураар авч үзвэл ядуурал арав гаруй хувьтай байна. Үүнээс гадна ядуурлыг тогтоохдоо ямар нэгжээр хэмжихээс их хамаарна. ДНБ гэсэн америк доллароор тооцохоор нэг өөр, РРР буюу худалдан авах чадамжаар хэмжихээр шал өөр дүн гарна.  Нийгмийн сэхээтэнлэг гэх хэсэг дээрх олон статистикийг зөвшөөрөх боловч “Үүнээс хавьгүй дээгүүр байж болох байсан” гэж баталдаг. Энэ бол маш үнэн дүгнэлт. Ихэнх хүн үүнд төр засгийг буруутгадаг боловч энэ нь хагас үнэн юм. Чөлөөт ардчилсан тогтолцоотой Монгол оронд сүүлийн 30 жилд үргэлж чөлөөт сонгууль болж төрийн удирдлагыг ард түмний чөлөөт сонгуулиар буй болгосоор ирсэн. Монголын төрийн удирдлагын бүрэлдэхүүн бол Монголын ард түмний ойлгоц, сэтгэлгээний шууд тусгал, жижигрүүлсэн толь нь юм.   
Монгол улсын сүүлийн хорин жилд тохиолдсон хамгийн том гамшиг бол популизм юм. Ер нь дэлхийн хаана ч тийм байдаг. Популизм нь хөгжлийн хурдцыг сааруулдаг, асар их боломж бололцоог сүйтгэдэг, улмаар хөгжлийг зогсоох төдийгүй ухраадаг. Ийм жишээ орчин үеийн ертөнцөд дэндүү элбэг байна. Хөгжиж буй орнууд дийлэнхдээ Гадаадын хөрөнгө оруулалтаар босож өндийдөг. Учир нь нэг талаас ядуу орнуудад эргэлдүүлэх өөрсдийн капитал байдаггүй, нөгөө талаас зөвхөн ашиг олох гэсэн гадаадын капитал тухайн орон дахь аль салбар ашиг олж ирэхийг гадны хөрөнгө оруулагчид гярхай хардагаас гадна хөгжиж буй оронд хамгийн их гачигдалтай байдаг мэнэжмэнт маркатэнгийг чухам тэд авчирдаг. Монгол орон XXI зууны эхээр гэнэт баяжиж эхэлснээ популизмаас болоод дороо хоолны хордлого болон Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж туух, энэ дэлхийд уул уурхайгаас өөр зарах юу ч үгүй байж эдийн засгаа солонгоруулна гэх мэтээр балайрсаар эдийн засгийн материаллаг хөгжил зогсох тийшээ хандлаа. Улс орон нь хувь хүн, өрхийн нэгэн адил эхний ээлжинд зах зээлд гаргаж болох боломжит бараа үйлчилгээндээ тулгуурлан капиталын хуримтлалтай болж түүгээрээ аяндаа бусад салбараа хөгжүүлдэг хүүхэд ч ойлгочихмоор энгийн үнэнийг манай нийгмийн олонхи ойшоодоггүй, ойлгосон байсан ч популизмд илүү автамхай учраас ач холбогдлыг нь хүлээн зөвшөөрдөггүй.
Гадаадын хөрөнгө оруулалтын үржүүлэгчийн нөлөө гэх мэтийн бага ангийн хүүхэд бодоод олчихмоор тоог сонсохыг ч хүсдэггүй.  Өнөөдөр Монгол оронд үзээд өгье ч гэсэн түүхий эд, уул уурхайн бүтээгдэхүүнээс өөр дэлхийн зах зээлд зарагдах ядахнаа ганц бүтээгдэхүүн байхгүй. Ноолуур, аялал жуулчлал, сүүлний саван, жамц давс, гадаадад гаргах ажиллах хүч зэргийг ярьж хөөрөн баясаж болох ч энэ нь нэгэнт 12 тэрбум долларын хэмжээнд хүрсэн үндэсний орлогод эзлэх хувь нь бараг нүдэнд үл өртөнө. Бидэндээ л олон харагдаад байгаа мал эмнэлэгийн шаардлага хангахгүй 60 сая мал маань хоёр аварга хөршид ганц сарын үдийн зоогт хүрэхгүй атал мал мах экспортыг хөгжүүлээд хаа ч хүрэх юм билээ. Хөөрцөглөөд хувийн болон төрийн хөрөнгө оруулалтаар баахан мах комбинат барьчихсан чинь ашиглалт нь дундачаар 20 хувь хүрэхгүй байгаа шүү.   Өнгөрсөн 2017 онд Монголд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт ердөө 25 сая долларын хэмжээнд байсан ба ганц орж ирсэн уул уурхайн компани Стэпгоулдын хөрөнгийн биржийн үнэлгээ жилийн дотор гурав дахин унаж өчигдрийн байдлаар 73 цент болжээ.
Монгол банк, Сангийн яамны тооцоолсноор өнөөдөр Монголын төсвийн гуравны нэгийг бүрдүүлж байгаа Оюутолгойн уурхайн хөрөнгийн биржийн үнэлгээ цагтаа бараг 30 доллар хүрч байсан бол одоо нэг доллар тавин цент байна. Энэ юу гэсэн утгатайг энд хуралдан суугаа эдийн засагчид эрх биш ойлгох бизээ. Зөвхөн энэ тоог харахад л Монголд маргааш ямар ч сайн засаглал гарч ирэн идэвхи зүтгэлтэй ажиллаад ч гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээхэд дор хаяхад 10 жил шаардлагатай боллоо. 1990 оноос эхлэн 15 жилийн турш Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, шадар сайд нар энд тэнд хэлсэн үгэндээ нийт 200 шахам удаа Гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж гуйж аргадаж байсныг тоолсон байдаг. Ийм л их хичээл зүтгэл цаг хугацаа зарцуулж үнэмшүүлний эцэст дөнгөж 2004 оноос л доривтой Гадаадын хөрөнгө оруулагчид Монголын хаалгаар цухуйх болсон юм.
Харин популизмаар удирдлага хийх болсон өнөөгийн бид Гадаадын хөрөнгө оруулалтыг дахин сэргээх гэж оролдох дараагийн арван жилд “хөгжихгүй байна, хөгжил зогслоо, уруудаж байна” гэсэн өмнөх хорин жилийн ёр зөгнөлөө бодит амьдрал дээр “хэрэгжүүлэх” болов уу.  Ардчилсан тогтолцоо бол бололцоо болохоос шууд утгаараа диваажин биш. Эмчилгээ тэжээлийн цэг ч биш, сүм хийдээс зохион байгуулдаг үнэгүй хоолны гуанз ч биш, өвгөд хөгшдийг харж хамгаалдаг асрамжийн газар ч биш. Хөгжлийн эх сурвалж бол өөрт байхгүй буюу дутагдсан мөнгөө гаднаас оруулж ирж ашиг өгөх салбараа эрчимтэй хөгжүүлэх явдал болохоос яаж ч ардчиллаад, ардчилсан болж харагдаад, ардчиллын арал гэж дэлхийгээр нэг магтуулаад ч энэ нь материаллаг хөгжлийн эх сурвалж биш.
Гадаадын хөрөнгө оруулалтаар АНУ нэгдүгээрт, Хятад хоёрдугаарт орж буй нь тэдний ингэтлээ тэлэн томорч чадсаны нэг эх үүсвэр байх. Хятадыг ардчилсан тогтолцоотой гэж тооцдоггүй байх шүү.  Монгол улс хөгжихгүй байна, ухраад мөхөл рүүгээ ойртож байна гэдэг нь бас нэг талаасаа үнэн юм. Энэ бол дээр өгүүлсэн хөгжлийн ангиллаар сэтгэл санааны гэх бүлэгт багтах үзүүлэлт юм. Ёс суртахууны, оюуны, соёлын, сэтгэл ханамжийн, өөрийгөө илэрхийлэх зэрэгт хамаарах үнэлэмж. Энэ шаталбараар хэмжих юм бол үнэхээр Монголын хөгжил зогссоноор барахгүй уруудаж байна. Сэтгэл санааны гэх энэ урвуу хөгжил нь популизмтай нийлж үнэхээр олон жил ёрлоод байсныхаа дагуу удалгүй материаллаг урвуу хөгжил болон хувирахад ойртжээ. 
2019.05.02
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу