Caakmedee

ХААЛГА ТОГШСОН ХАР ТАМХИ ХОЙМОРТ ГАРААД “ТУХАЛЧИХЛАА”

  • Нийгэм / Шар мэдээ
  • 2018/11/19


Гаднын кинон дээрээс л хардаг байсан хар тамхины сураг чимээ өнөөдөр манай улсад чих дэлдийлгэм хачин жигтэй мэдээ байхаа нэгэнт больжээ. Тухайлбал, энэ сарын 15-ны шөнө ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гэртээ хар тамхины төрлийн ургамал тарьж ургуулж байсан, Турк улсын иргэнийг баривчилсан байна. Турк иргэн 2016 оноос хойш Монгол Улсад хуулийн дагуу зөвшөөрөл авч цагаачлан амьдардаг нэгэн байжээ.

Тэрбээр монгол эхнэртэй нэг хүүхэдтэй бөгөөд Монголд ирсэн цагаасаа хойш хар тамхины төрлийн ургамал болох каннабис тарьж ургуулж байсныг албаныхан мэдээлэл цуглуулж баримтжуулжээ. Цагдаагийнхан сэжигтэн М-ийг Баянзүрх дүүргийн XVI хороо, “Амгалан” хотхоноос дайчлан баривчилсан байна. Хэргийн газарт очиход, гэрийнхээ нэг буланг ургамал тарихаар тусгайлан тохижуулсан байжээ.

Эхнэрийг нь ч гэмт хэргийг нуун далдалсан гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ. Тэгвэл яг ийм нэгэн хэрэг өнгөрөгч оны дөрөвдүгээр сард мөн гарч байсан билээ. Сануулахад, 23 настай иргэн Б гэрийнхээ тагтан дээр марихуан тарьж ургуулж байгаад баривчлагдсан байдаг. Энэ мэт хил гаалиар л орж ирдэг гэсэн бидний хэвшмэл ойлголтыг үгүй хийсэн тохиолдол нэмэгдэх боллоо. Өөрөөр хэлбэл, хар тамхи хаалга тогшихоо байж хэдийн хоймор эзэллээ.

ТЭД “ОЛУУЛАА” БОЛСООР Л…

Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэгчдийн тоо 2011 онд 561 гэж тандалт судалгаа гарч байжээ. Гэтэл түүнээс хойш буюу 2017 оны байдлаар 70 мянга болж тэд өсжээ. Харин 2018 оны есдүгээр сарын байдлаар 131 хэрэгт 258 хүн шалгагдсан байна. Харамсалтай нь эдгээрийн дотор насанд хүрээгүй найман хүүхэд холбогдсон байгаа нь хамгийн том аюул. Хэргийн 85-90 хувийг 18-30 насны залуучууд эзэлж байгааг ЭЦА-ны Хар тамхитай тэмцэх газрын ахлах мөрдөгч С.Батзориг хэлж байна.

Мэдээллийг нэлээд тодорхой болгохын тулд ганцхан сарын хугацаанд энэ төрлийн хэчнээн хэрэг бүртгэгдэж шалгагдсан байдлыг хамтдаа харъя. Өнгөрөгч тавдугаар сард гэхэд л хар тамхитай холбоотой найман хэрэг гарч, 21 хүн холбогджээ. Үүнд, өмнө нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдон шүүхээс хорих ял сонсон, өнгөрсөн хоёрдугаар сард суллагдсан “38 настай иргэн Ч, 29 настай Б-тэй хамтран хууль бусаар хар тамхи тээвэрлэж яваад баривчлагдсан байна. Энэ мэт тохиолдол олон байна. Тэд яагаад ийм богино хугацаанд тийм “олуулаа” болов. Шалтгааныг хайя. Нэг ийм шийтгэлийг жишээ болгоё.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор асан Х.Тамир, Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ажиллаж байсан Б.Амарбаясгалан нарын таван хүн хар тамхи, авлигын хэрэгт 2015 онд холбогдсон байдаг. Уг хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сарын 11-нд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн билээ. Тэд “мөс” хэмээх мансууруулах бодисыг худалдан авч байгаад үйлдэл дээрээ баригдсан байдаг. Шүүхийн шийдвэрээр Х.Тамир, Б.Амарбаясгалан, Н.Мөнх-бат, Д.Жавхлан нарт тус бүр таван жилийн хорих ял, Б.Сүхбаатар гэх этгээдэд 6.5 жилийн хорих ял оноосон. Х.Тамирыг мансууруулах бодис хэрэглэсэн, албан үүргээ гүйцэтгэж байхдаа ажилдаа хайнга хандсан, бусдаас авлига авсан хэрэгт давхар шалгаж байсан юм.

Анх Б.Сүхбаатар тэдэнд хар тамхийг хилээр нэвтрүүлж авчирч өгсөн гэдэг. Гэтэл Б.Сүхбаатар хилийн гадна гэмт хэрэг үйлдсэн, хорих ял авсан ч ялаа эдлээгүй байгаа юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Амарбаясгалан. Н.Мөнхбат нарыг хар тамхи хилээр оруулсан гэм буруутайд тооцоод. борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ. Харин Х.Тамирын хар тамхи хилээр оруулсан, борлуулах зорилгогүйгээр олж авсан үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож, албан үүрэгтээ хайнга хандсан.

15.8 сая төгрөгийн хахууль авсныг нь гэм буруутайд тооцсон байна. Эдгээр хүмүүсийг хар тамхины хэрэгт холбогдоод, ял авах үеэр Өршөөлийн хууль үйлчилж байж таараад, өршөөл үзүүлсэн байдаг. Ингээд хахууль авсан 15.8 сая төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө хураажээ. Шүүгдэгч Д.Жавхлан нь хүний амь бүрэлгэсэн хэрэгт 15 жилийн ялаар шийтгүүлж, тэнсэнгээр суллагдсан нэгэн байна. Тэрбээр тэнсэнтэй байх хугацаандаа зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан.

Гэтэл энэ ослын хэрэг нь Өршөөл үзүүлэх хуульд тооцож, хахууль өгсөн үйлдлийг нь хамруулан хэрэгсэхгүй болгожээ. Дээрх хүмүүст ногдуулсан ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон байдаг. Тэгэхээр монголд энэ төрлийн гэмт хэрэг хийсэн нөхдөд өгөх ял, шийтгэл хэтэрхий бага, өршөөлд хамруулдаг, хэрэгсэхгүй болгодог зэрэг нь “олуулаа” болох нөхцөл бий болгож байна. Мөн бага насныхан, өсвөр насны залуус ихээхэн холбогдож байгаа нь эцэг, эхийн хараа хяналтгүй байдал, залуусын мэдлэггүй байдлаас үүдэлтэйг мэргэжлийн хүн хэлж байна.

ҮХЭЛ ЭСВЭЛ ШОРОНГ СОНГОХ АЙДАС

Хар тамхи, мансууруулах бодис нь нийгмийн эрүүл мэндэд нөхөж баршгүй хор хохирол учруулахаас гадна зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдэх томоохон шалтгаан болдог нийгмийн онц аюултай үзэгдэл юм. Хар тамхи, мансууруулах бодис муу нөлөөтэй гэдгийг бараг хүн бүр мэддэг ч чухам ямар хор нөлөөтэй, аймшигтай үр дагавар авчирдгийг нь төдийлөн ухамсарладаггүй. Хүүхэд, залуучуудын хэрэглэгч болох гол хүчин зүйл нь саваагүй сониуч зангаасаа болох, ашиг олох гэсэн хар тамхи, мансууруулах бодис худалдаалагч нарын золиос болох, хар тамхи, мансууруулах бодисын талаар сайн сайхан зүйл мэтээр буруу ташаа ойлголттой болох зэрэг учир таны ойр орчинд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэгч байвал түүнийг уг муу зуршлаас нь татаж авах эсвэл түүнээс та өөрөө зайгаа барих хэрэгтэй.

Мөн хар тамхи, мансууруулах бодист та үгүй гэж хэлж чаддаг байх хэрэгтэйг анхааръя. Ганцхан удаагийн хэрэглээнээс танд үхэл эсвэл шорон гэх сонголт ирэх болно. Хар тамхи мансууруулах бодист донтогсодын зевхөн таван хувь нь бүрэн эдгэрдэг гэсэн судалгаа байдаг бөгөөд уг таван хувь эргээд хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэх өндөр эрсдэлтэй байдаг гэнэ. Хар тамхинд ганцхан удаа хэрэглэнэ гэсэн ойлголт байдаггүй. Донтсон хүнд таван жилийн эмчилгээ шаардагддаг бөгөөд асар их хүч тэвчээр, хөрөнгө мөнгө шаардагддаг гэдгийг мэргэжлийн эмч анхааруулж байна. Хар тамхи, -мансууруулах бодист өртөгсөд, дараах байдлаар ганцхан удаа гэж хэрэглээд донтогч болж, буруу сонголт хийдэг байна.

Үүн дээр саваагүй, сониуч зан, найзуудын дарамт, сэтгэл гутрал, өөртөө итгэлгүй байдал, өөр ертөнц хайх, гэр бүлийн түүх, санамсаргүй тохиолдлоор сэтгэл хөдлөлдөө автах, өвчин намдаах, их ажиллах хүсэл, хуурч мэхлэгдэн хэрэглэх, хөрөнгө чинээлэг эцэг, эхтэй хүүхдийг хар тамхи, мансууруулах бодис борлуулагч, зуучлагч нар элсүүлж донтогч болгодог гэнэ. Мөн даган дуурайх байдлаар өсвөр насныхан хөл алддагийг СЭМҮТ-ийн Донтох эмгэг судлалын клиникийн эмч Л.Мягмарсүрэн хэлж байна. Тиймээс үр хүүхдэдээ үүнээс татгалзах арга заая.

ХАР ТАМХИНЫ ХЭРЭГЛЭЭ ХҮНИЙГ ИНГЭЖ ӨӨРЧИЛДӨГ

Сургуульдаа явах сонирхолгүй болж чөлөөт цагийг ихэвчлэн гадуур өнгөрөөх хүсэлтэй болно. Найз нөхдөөсөө хөндийрч, танилын хүрээгээ өөрчилнө. (найз нөхдийн хүрээ нь өөрчлөгдөж зөвхөн хар тамхи хэрэглэгч, борлуулагч хүмүүсийн хүрээлэлд орно). Огцом уур уцаартай болно, сэтгэл санаа тогтворгүй, ганцаараа байхыг эрмэлзэж, гэр бүлийн гишүүдтэйгээ харилцах нь багасна, маш их унтана, маш их ханиалгана, биеийн жин огцом буурна, нүдний салст улайж, нүд ямар ч гал цоггүй болно, зодоон цохион хийх, шөнийн цагаар гадуур явах, гэртээ хонохгүй байх, өөрийн байнга хийдэг сонирхдог зүйлийг орхих, мөнгөний зарцуулалт ихсэх, худал хэлэх, хулгай хийх зэргээр мөнгөтэй болох арга хайна, хамраас нь их хэмжээгээр нус гоождог болно.

ТАТГАЛЗАХ АРГА ЗААЯ

Таныг хэн нэгэн ямар нэг буруу үйл ажиллагаанд татан оруулах гарцаагүй байдал рүү түлхэж байгааг та мэдэрч байгаа бол дараах өгүүлбэрүүдийг ашиглаж өөрийгөө “аварч” болно. Үүний нэгдүгээрт, шууд үгүй гэж хэлэх, надад наад “танихгүй” зүйлийг чинь хэрэглэх сэтгэлийн хөдлөл алга, Би сайн зүйл гэж бодохгүй байна, ҮГҮЙ. Би өөрийнхөө биеийг хордуулахыг хүсэхгүй байна, ҮГҮЙ. Би таагүй байдалд орохыг хүсэхгүй байна, ҮГҮЙ. Би наад зүйлээс чинь айж байна, Дараагийн удаа, хэзээ нэгэн цагт, ҮГҮЙ. Наад хог чинь надад зориулагдаагүй, ҮГҮЙ. Надад саруул ухаан, эрүүл тархи хэрэгтэй, ҮГҮЙ. Баярлалаа.

Наадах чинь миний сонирхлыг татахгүй байна, ҮГҮЙ. Би зөвхөн амин дэм хэрэглэдэг, ҮГҮЙ. Би наад хоргүйгээр чинь өөрийгөө сайхнаар мэдэрч чаддаг, ҮГҮЙ. Чи галзуураа юу. Би чинь тамхи ч татдаггүй хүн, ҮГҮЙ. Би залуугаараа үхмээргүй байна, ҮГҮЙ. Би эрүүл энх, аз жаргалтай гэр бүл хүсэж байна, ҮГҮЙ. Надтай хамт миний эцэг, эх, эхнэр, хүүхдийн маань нулимс шоронд цуг хоригдоно, ҮГҮЙ. Би эрүүл байхыг хүсэж байна, Наадах чинь надад ямар ч сайн зүйл авчрахгүй, Надад хэзээ ч хэрэггүй, намайг манай найзууд хүлээж байна, Чимээгүй эргэж хараад явах, ҮГҮЙ. Хар тамхи хэрэглэдэг хүн сэтгэж чадахаа больдог.

Өөрийн ухаангүй болно, ҮГҮЙ. Хар тамхины үйлчлэлээр гэмт хэрэг үйлдэнэ. Энэ чинь өөрөө гэмт хэрэг, ҮГҮЙ. Хар тамхи хуурамч аз жаргал харуулдаг, ҮГҮЙ. Хар тамхи азгүй тохиолдлууд авчирдаг, ҮГҮЙ. Хар тамхи ямар ч харилцааг устгадаг, ҮГҮЙ. Хар тамхи найз нөхдийг үгүй хийдэг, Үгүй, хар тамхи оюун санааг минь гажиг болгодог гэдгийг би мэднэ, ҮГҮЙ. Хар тамхи төрөл бүрийн өвчний эх сурвалж, ҮГҮЙ. Намайг гэр минь хүлээж байна, ҮГҮЙ. Би амьдралын зорилготой хүн, Энэ миний үнэ цэнийг устгана, Би найз нөхдөө болон гэр бүлээ хуурамч бүхнээр солихыг хүсэхгүй байна, ҮГҮЙ. Би спортоор хичээллэдэг, Би өөрийнхөө мөнгийг ийм зүйлд хэзээ ч зориулахгүй, ҮГҮЙ.

Манай найзууд намайг ойлгохгүй, ҮГҮЙ. Би ДОХ-ын халдвар авахаас айж байна, Би ямар нэгэн зүйлээс хамааралтай болохыг хүсэхгүй байна, ҮГ/Й. Би найз залуугаасаа салахыг хүсэхгүй байна, ҮГҮЙ. Би чадахгүй. Намайг гэртээ орох бүрд эцэг, эх маань намайг шалгадаг, үнэрлэдэг, ҮГҮЙ. Би хүсэхгүй байна. Манай эцэг, эх надад наад зүйлийн чинь хор хөнөөлийн талаар ярьж өгсөн, Би эцэг, эхээ гомдоомооргүй байна, Би маш их завгүй байна, явах яаралтай ажил гарчихлаа, ҮГҮЙ бас дахиад ҮГҮЙ, Хүсэхгүй байна, хэзээ ч хэрэглэхгүй, Спорт бол хүч, хар тамхи бол шарил, Би өөр сонирхолтой, Би өөр хүмүүжилтэй хүн, Миний амьдралын зарчим бол эрүүл амьдрал, Би өөрийн бие эрхтнийг бохирдуулмааргүй байна, Одоо үгүй, өнөөдөр үгүй, хэзээ ч үгүй, Чи миний найз гэж бодохоор надад харамсалтай байна, ҮГҮЙ.

Энэ чинь хуулиар хориотой, би шоронд орохыг хүсэхгүй байна, ҮГҮЙ. Баярлалаа би химийн хорт бодис хэрэглэдэггүй, ҮГҮЙ. Би эрүүл амьдралыг сонгож байна, Намайг одоо хүртэл эцэг, эх маань хянадаг, Би хар тамхичин биш, ҮГҮЙ. Би дөнгөж сая хар тамхины хор хөнөөлийн талаар уншсан, ҮГҮЙ. Би хар тамхичдыг харсан. Тэд яг мал шиг харагддаг, ҮГҮЙ. Энэ бидний нөхөрлөлийг устгана, ҮГҮЙ. Би дараа нь харамсахыг хүсэхгүй байна, Хэрвээ чи миний найз юм бол надад битгий ийм зүйл санал болго, Би хуулийнханд хандаж чадна. …Энэ мэт үгийг хэлснээр та өөрөө өөрийгөө аврах хамгийн зөв замыг сонгож байгаа юм. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөж буй дээрх эшлэлүүдийг балчир гэлтгүй хүүхдэдээ цээжлүүлье.

Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу