Caakmedee

Хойд, урдын ялгаа ба аудитын дүгнэлт

  • Нийгэм / Нийтлэл
  • 2019/05/13

Монгол Улсын Хөгжлийн банканд долоон төрлийн шалгалт хийсэн байдаг. Тэр дундаа Үндэсний аудитын газраас тус банкны 2011-2018 оныг хүртэл явуулж ирсэн үйл ажиллагаа болоод зээл олголт, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар шалгалт хийжээ. Өөрөөр хэлбэл 2017 оны сүүлчээс өнгөрсөн оны эхэн хүртэл эхний шалгалтыг явуулсан гэсэн үг. Харин хоёр дахь шат нь өнгөрсөн оны аравдугаар сараас энэ оны хоёрдугаар сарын 1 хүртэлх хугацаанд гүйцэтгэлийн аудит хийсэн тухай албаныхан хэлэв.

УЧИРЧ БОЛОХ 17.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХОХИРЛЫГ ХААЖЭЭ

Тус шалгалтаар 2011-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан аж. Гэсэн хэдий ч 2017 оноос тус банкны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Бүр тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай шинэчилсэн хуулиар жил бүр олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Засгийн газар хуулийнхаа хүрээнд тогтмол хяналт шалгалт тавьж буй. Зээл олголтын дараа 10 хөтөлбөрийн хүрээнд 11 банкаар дамжуулан олгосон 1,325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн байна.

Шалгалтаар зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлжээ. Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд эцэслэн гарсан байна. Мөн тус банкны хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдлийг хаажээ.

ТОСК-ИЙН ЗЭЭЛИЙН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙН ХҮНДРЭЛ БА ЗАСГИЙН ГАЗАР

Үндэсний аудитын газрын шалгалтын дүнг Төсвийн байнгын хороонд танилцуулах үеэр гишүүд зээлийн эргэн төлөлт болоод эрсдэлийн сангийн үйл ажиллагааг сонирхож байсан юм. Тэр дундаа эрсдэлтэй зээлд тооцогдож буй Төрийн орон сууцны корпорацийн зээлийн эргэн төлөлт муу байгаа шалтгааныг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн асууж байлаа. Тэрбээр тус корпорацийн зээлийн эргэн төлөлт ямар төвшинд очих, цаашид хэрхэх талаар тооцоо судалгаа хийсэн эсэхийг нь Хөгжлийн банкны удирдлагуудаас тодруулж байв. ТОСК нь Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг бөгөөд чанаргүй зээлийн дийлэнх хэсгийг нь эзэлдэг юм байна.

Тодруулбал, тус корпораци дөрвөн том төсөлд зарцуулахаар зээл авсан хэдий ч эргэн төлөлт нь муу байгаа талаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр хэлсэн. Түүнчлэн ТОСК-ийн зээлийн эргэн төлөлт хүндэрсэн шалтгаан нь Засгийн газрын тогтоолоор төсвийн хөрөнгөөс эргэн төлөлт хийхээр шийдвэрлэсэн зээлүүдийн эргэн төлөлт хүндэрсэн байгаа аж. Бизнес моделийн хувьд бага өртөгтэй зээлүүдэд Монгол Улсын хөгжлийн банкнаас дэмжлэг үзүүлсэн юм байна. Харин өндөр дүнтэй, хүндэрч болзошгүй зээлүүдэд зөвлөгөө өгч байсан тухайгаа гүйцэтгэх захирал Б.Батбаяр тайлбарлалаа.

ХОЁР НЬ ОДООГИЙН, 22 НЬ ӨМНӨХ УДИРДЛАГАТАЙ ХОЛБООТОЙ

Шалгалтын дүнг танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Хөгжлийн банктай холбоотой асуудлыг хоёр ялгаж үзэх хэрэгтэй болов уу. Аудитынхан ч энэ өнцгөөс харсан байх гэж найдаж байна. Нэгдүгээрт тус банкин дээр яригдаж байгаа зээлийн асуудал 2016 он хүртэл явагдсан. Эндээс нэлээд том зөрчил алдаа гарч, өр үүссэн гэж болно. Харин 2016 оноос хойш Хөгжлийн банкны өр зээлийг хэрхэн дарах вэ гэдэг асуудал тулгамдаж байсан боловч эргээд харахад харьцангуй нааштайгаар шийдвэрлэсэн юм байна.

“Ноолуур” хөтөлбөрийг Хөгжлийн банк санхүүжүүлж эхэлсэн. Энэ хэрээр ноолуурын үнэ өсөхийн сацуу үйлдвэрлэл нэмэгдсэн статистик мэдээлэл бий. Тэгэхээр тус банкны хийж хэрэгжүүлсэн ажлынх нь үр дүн эергээр харагдаж буй нэг жишээ гэж болно” гэлээ. Байгуулагдаад найман жилийн нүүр үзэж байгаа Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны есдүгээр сараас өмнөх, түүнээс хойших гэж ангилж үздэг.

Аудитын тайланд дурдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд гурван их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарчээ. Нийт 24 алдаа, зөрчил гарсны хоёр зөрчил нь одоогийн удирдлагын үед, харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой хэмээн үзсэн байна.

Хамгийн өндөр алдагдал нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банканд төгрөгөөр байршуулснаас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн байна. Энэ нь төсвийн тухай хуулийн “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зар-цуулах” гэж заасныг зөрчсөн байна.

ӨНГӨРСӨН ХОЁР ЖИЛД 6.1 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЖЭЭ

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед нэг их наяд төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн “Хөгжлийн банк нь УИХ-ын батал-сан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн заалтыг өмнөх удирдлагын үед зөрчжээ. Ийнхүү Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь 2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчил гэдгийг албаны эх сурвалжууд тайлбарлаж байна.

Хөгжлийн банкны одоогийн удирдлагууд ажлаа авсны дараа тус банкинд үүссэн зөрчил, дутагдлыг засаж, залруулах, банкийг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг ногдсон. Тиймээс тэд ажилдаа шамдан 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийг арилгахаар төлөвлөгөө гарган ажиллаж өдгөө 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Тухайлбал, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсөж 4.2 их наяд төгрөгт хүрчээ. Харин өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт хүрсэн байна.

Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2.4 тэрбум ам.долларын өр барагдуулжээ. Түүнчлэн гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн хоёр жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн тухайгаа Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяр ярьж байлаа.

2017 оныг хүртэл тус банк Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж хөрөнгө босгож байсан бол өнгөрсөн хоёр жилд 568 сая ам.долларын эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр босгосон нь дотоодод төдийгүй Азид шилдэг хэлцэл болсон. Ийнхүү гадаад зах зээлд тус банкны нэр хүнд өссөнөөр зээлийн зэрэглэл тогтоогч байгууллагууд банкны зээлжих зэрэглэлийг Монгол Улсын зээлжих зэрэглэлтэй ижил төвшинд хүргэсэн амжилт гаргажээ.

Хөгжлийн банк санхүүгийнхээ удирдлагыг зохистой болгохын тулд төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн багцыг Сангийн яам руу шилжүүлсэн байна. Ингэснээр улсын төсвөөс хараат байдлыг арилгасан хэмээн үзэж буй. Түүнчлэн Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд өнгөрсөн онд Засгийн газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ, Д.ОЮУН

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу