Caakmedee

Ганц юмны мөнгө

  • Нийгэм
  • 2019/05/14
“Ард түмнийг мунхаг байлгахыг та хариуц, ядуу амьдруулахыг нь би хариуцна...” хуучны нэгэн хаан шашны мяндагтанд хандаж хэлсэн үг.
Монголын төр ажил хийсэн хүнийг биш ажилгүй гар газар, хөл хөсөр суугаа хүнийг асарч тэтгэдэг билээ. Зүтгэж, сэтгэснийх нь хохь болдог, зүгээр суусных нь зол болдог нийгэмд бид амьдарч байна. Төрийнхөө энэ өгөөмөр хишгийг ард иргэд бид ч тухай бүрт нь чадах ядахаараа хариулахыг хичээдэг билээ. Эрхэлсэн яам нь хүртэл “Хөдөлмөр, нийгмийн хамгаалал” гэсэн хоёрдмол үүрэгтэй. Ихэнхдээ хөдөлмөрийг дэмжих биш хөдөлмөрлөөгүйг халамжлах ажил хийнэ.
Аяганы хариу өдөртөө...
Эдийн засгийн тэнцвэр алдагдаж, мөнгөний үнэ цэнэ унахтай уралдан чардайж хөдөлмөрлөснийх нь нуруун дээр зүсэн зүйлийн дарамт ирж, аргацааж суусных нь ам руу татварын мөнгө цутгахдаа ичнэ татна гэж даанч нэг үгүй.
Тэргүүн баян, технократ сэтгэлгээтэй, жанжны нэртэй залууг Ерөнхий сайд болголоо гэж хөөрцөглөж байтал, өнөөх нь урд хөршөөс өчнөөн сая доллар зээлээд, архинаас өөр юм авч хүрэхээргүй мөнгө болгоод тараачих нь тэр. Зүгээр суухад чинь архины мөнгө өглөө, зөрүүлээд манай намыг сонгоорой гэв. Жинхэнэ монгол маягийн сонгуулийн кампани.
Хэчнээн пиарын ололт нэвтрүүлэх гэж үзээд нэмэргүй. Энэ сонгуулийн кампанийг давах үр нөлөөтэй пиар Монголд үгүй. Технологи шаардсан хэрэглээгээ дээрмийн замаар хангадаг байсан өвөг дээдсээсээ уламжлан авч социализмын үед ужигруулан хөгжүүлсэн энэ уламжлал эдүгээ бидний сэтгэлгээнд хэчнээн гүн бат суусны тод жишээ бол жалга жалгандаа мөнгө, данх, чихэр тарааж байгаад олонхийн санал авсан УИХ-ын 76 гишүүн билээ.
Хадган дороо мөнгө хийгээд золгож байхдаа нэр дэвшигч хүү хэчнээн сэтгэл татам санагдсан билээ. Аяганы хариу өдөртөө гэгчээр нэрийг нь дугуйлж л орхисон.
Ийм “бэлэнчлэх сэтгэлгээ”-тэй ард түмнийг удирдах шиг амархан зүйл үгүйг хэдэн үеэрээ популизм хийж, хэнээрхэлээр төрийн сэнтийд залрагч удирдагчдын ялгуусан замнал батлан харуулсаар байна. Популистууд сайндаа биш хөдөлмөрийн үр шимийг мэддэггүй, хөдөлмөрөө үнэлүүлж сураагүй сонгогчдын саналаар л төрийн толгой руу мацаж гарч ирдэг. Өөрөөс нь онц ялгаагүй, хийсэн бүтээсэн зүйлгүй нөхөр өөрийнх нь хий дэмий мөрөөдөн сэтгэлээ цатгадагтай нь адилхан зүйлийг хавьгүй илүү итгэл үнэмшилтэй яриад унахаар, завсарт нь ганц нэг шил юмны мөнгө хүртэл өгчихөөр сонголгүй ч яах юм. 
Их хөдөлмөрлөвөл илүү мөлжинө!!!
Монгол хүний хөдөлмөрийн доод үнэлэмж сүүлийн 10 гаруй жил 100 америк доллараас дээш гараагүй. Нэг сар хөдөлмөрлөсний доод үнэлгээг сонгууль бүрээр нэмсээр ирсэн ч, нэдэр дээрээ тэр нь улам бүр чангарч буй долларын ханштай л дөхүүлсэн аргацаалтууд байсан. Одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ: 320 мянган төгрөг. Монгол хүний хөдөлмөрийг үнэлж буй итгэлцүүр 100 ногооноос хэтрээгүй хэвээр.
Нэг өдрийн хөлс нь таван доллар ч хүрэхгүй. Монголд нэг өдөр ажиллаад авах мөнгө Австралид нэг цаг ажиллаад авах цалингаас даруй дөрөв дахин бага. Ийм үнэлгээ, ийм нийгэмд ажил хөдөлмөр хийж буй хүмүүс бол баатрууд юм. Гэтэл баатруудаа төр нь шаталсан татвараар дарамтална. Хэдий чинээ сайн ажиллана, төдий чинээ их татвар төлнө. Шар нар бор хоногийг аргацаасан цалин аваад, гэрийнхээ мухарт гэдсээ илээд хэвтэж бай гэж төр маань биднийг улаан цайм шахна. Манай төрийн мөлжлөгийн схемийг өөрсдийнх нь ойлгомжтой хүснэгтэлснээр харуулбал:
Эх орноо орхих тэмцэл
Хөдөлмөрийн үнэлэмж муу, бүтээмжийг дэмжих бодлого огт үгүйтэй адилхан, тийм бодлого байдаг юм гэхэд сангийнх нь мөнгийг дарга нар хамаатнуудтайгаа хуваагаад ашиглачихдаг орноос иргэд нь дайжиж байна.
2014 онд 85, 2015 онд 129, 2016 онд 307, 2017 онд 490, 2018 онд 543 монгол хүн эх орныхоо иргэншлээс татгалзжээ.
Улс төрчид төв талбай дээр цуглуулсан жагсагчдынхаа тоог арав дахин өсгөж хэлдэг. Тэдний цуглуулахыг хүсдэг тэр олон иргэд нь Солонгосын визний дараалалд хонон өнжин зогсдог. Жинхэнэ тэмцэл харь орны элчингийн үүдэнд өрнөж буй. Энэ бол монгол хүмүүсийн хөдөлмөрөө үнэлүүлэхийн төлөөх тэмцэл. 
Хилийн чанадыг зорих чадвар, боломжгүй нь эх орондоо үлдэж “боолын хөдөлмөр” эрхлэхээс аргагүй. Монголд тогтвортой ажлын байр олсон бол хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны тухай асуух ч хэрэггүй. Ажил олдож байхад нүдээ аниад л зүтгэнэ. Яг ингэж зүтгэж явсан дөрвөн залуу өнгөрсөн долоо хоногт цэвэрлэх байгууламжид амиа алдав. Хөдөлмөрийн аюулгүй байдал хэрхэн хангасан тухай яриад ч хэрэггүй нь харваас ойлгомжтой “Эко алтан Заамар” ХХК-ийн үхлийн цооногт хоёрдугаар сард мөн л дөрвөн иргэн нурангид дарагдан амь насаа алдсан. Уурхайчдын цогцосыг гаргаж авахын тулд уурхайн цооногт тогтож мөстсөн гүн усанд 36 аврагч 9 хоног амь дүйн ажилласан. “Цалингаа л бүтэн авч байвал тэр аюулгүй байдал нь дүүрчээ дүүрч”. Монголд хөдөлмөр эрхэлж буй хүмүүст ийм л бичигдээгүй хууль үйлчилнэ. Тэд эх орныхоо ирээдүйг бүтээж байна, хэзээ нэгэн цагт нийгэм маань тэгширч, амьдрал өөр болно гэсэн итгэлээр биш өнөө маргаашаа л гэсэн бодолтой, амьд үлдэхийн тулд тэмцэж байгаа. Жирийн монгол иргэнд хаа нэг тийшээ аялах, дэлхий ертөнцтэй танилцах талаар яривал арван хүний ес нь зүгээр л хоржоонтойгоор инээнэ. Хөдөлмөрийн хөлс нь ажлынхаа дараа тухтайхан газар ороод шар айраг захиалахад, хаа нэг хошин шогийн тоглолт үзэхэд, найз нөхдөөрөө цуглаж ахуйн хүрээнд архидахад ч хүрэхтэй үгүйтэй байхад юун аялал, юун урлаг, юун гэрэлт ирээдүй.
Ганц юмны мөнгөтэй үлдлээ...
Хадган дороо мөнгө хийгээд золгож байхдаа нэр дэвшигч хүү хэчнээн сэтгэл татам, итгэл даахуйц санагдсан билээ. Аяганы хариу өдөртөө гэгчээр нэрийг нь дугуйлж л орхисон. Агт алдвал Зундуйн Дорж гуай олоод өгчихдөг сайхан цаг байж. Харин алдсан саналыг маань буцааж авчирах хүн алга. Тийм болохоор, баян Монголын ядуу иргэн та банкны дансаа шалгахаа мартав. Удахгүй нүүрсээ хятадуудад зарж олсон 26.800 мянган төгрөг орно. Найман шарга гараад солиулахад арван доллар хүрэхгүй ч гэсэн гайгүй шиг ганц шил архи авчихаж дөнгөнө. Тэгээд л зовлонгоо ууцгаана даа. Маргааш нь шартаад муусайн 76-гаа хараахаа мартав.
Я.Баяраа
Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу