Caakmedee

Оюутолгой ухрах, урагшлахыг “Рио Тинто”-гийн хөрөнгө оруулагчид шийднэ

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2019/05/16

ХАРААТ БУС ЗАХИРЛЫГ УДИРДЛАГЫН БАГТ ОРУУЛАХЫГ ШААРДАВ
 
“Рио Тинто”-гийн захирлуудын жил тутмын уулзалт “Туркойз хилл”-ийг хатуухан шүүмжлэлд өртөх цэг болж мэдэх нь. Монголын говийн зэс, алтны асар их нөөцийг агуулсан Оюутолгойд үйл ажиллагаа явуулж буй энэ компанийг удирддаг “Рио Тинто” группийн хөрөнгө оруулагчид ээлжит тайлангийн уулзалтаараа ширүүхэн асуудлыг босгож иржээ. Энэ талаар “ft.com”-д мэдээлсэн байлаа.
Тус компанийн хувь нийлүүлэгчдийн 40 хувийг бүрдүүлж буй SailingStone Capital Partners зэрэг компанийн төлөөлөл “Туркойз хилл”-ийн хараат бус дөрвөн захирлыг дахин сонгох санал хураалтад эсрэг байр суурь илэрхийлжээ. “Туркойз хилл” нь Оюутолгойн зэсийн ордын 66 хувийг эзэмшдэг бол үлдсэн хэсгийг Монголын Засгийн газар мэдэлдээ байлгадаг билээ.
Хамгийн их өсөлт авчирдаг чухал төслийн нэг болох Канадад бүртгэлтэй бөгөөд уурхайн үйл ажиллагааг явуулж байгаа энэ компанийн 50.1 хувийг “Рио Тинто” эзэмшиж байна. Харин SailingStone-ийн хувьд Сан Францискод төвтэй, байгалийн нөөцийн сангийн үйл ажиллагаа явуулдаг компани. Тус компани өнгөрсөн сард энэ саналаа илэрхийлж байсан юм.
Өнгөрсөн хагас жил гаруйн хугацаан дахь “Туркойз хилл”-ийн компанийн засаглалын дорой байдал, хувьцааны ханшийн уналт нь ийм нөхцөл байдал үүсэхэд нөлөөлжээ. Түүнчлэн “SailingStone” компани “Рио Тинто”-г 5.3 тэрбум ам.долларын өртөг бүхий далд уурхайн бүтээн байгуулалтаа хойшлуулсан хэмээн хатуу шүүмжилсэн юм. Энэ төсөл хэрэгжсэнээр жилд олборлох зэсийн хэмжээ 550 мянган тоннд хүрэх байсан юм. “Туркойз хилл”-ийн 10.9 хувийг эзэмшдэг тус сангаас цөөнх хувь нийлүүлэгчдэд нэг хараат бус захирлыг удирдлагын багт оруулах хүсэлт гаргаад байна.
Энэ хүсэлт нь тэдний эсэргүүцлийн илэрхийлэл байжээ. Өмнөх хурлуудаар хараат бус дөрвөн захирлыг “Рио Тинто”-гийн дэмжлэгтэйгээр дахин сонгосоор ирсэн нь цөөнх хувь нийлүүлэгчдийн бухимдлыг төрүүлж улмаар үүнийг эсэргүүцэхэд хүргэжээ. Ашигт малтмалын орлогоос ихээхэн хамаардаг учир энэ асуудал Монгол Улсад эмзгээр тавигдаж байна.
 
ЦӨӨНХ ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН САНАЛ 33 ХУВИАС ИЛҮҮ ГАРЧ БАЙСАНГҮЙ 
Тэгвэл businesswire.com-д  “SailingStone” компани “Туркойз хилл”-ийн талаар ямар мэдээлэл тавьсан талаар онцолсон байв. “Ямар ч хараат бус захирал цөөнх хувьцаа эзэмшигчдээс 33 хувиас илүү санал авч байгаагүй. Тэгвэл өмнө сонгогдож байсан дөрвөн төлөөлөгч сонгуулийн итгэмжлэгдсэн зөвлөхүүдийн саналыг үл харгалзан 45-50 хувийн санал авдаг байв. Энэ нь цөөнх хувьцаа эзэмшигчдэд “Рио Тинто”-гийн бүрэн хамааралтай захирлын зөвлөлийг ойлгож, хүлээж авах боломжгүй болгож байна” гэж хувь нийлүүлэгчдэд зөвлөгөө өгдөг дэлхийд алдартай институтуудын нэг Glass Lewis тэмдэглэсэн байлаа.
“SailingStone”-ийн менежментийн түнш МакКензи Дэвис “Хувь нийлүүлэгчдэд бид өөрсдийн гол онцолж буй мэдээллээ хүргэсэн. Энэ нь ч энэ удаагийн сонгуулиар биеллээ оллоо. Компанийн эзэд болоод томоохон хөрөнгө оруулагчид “Туркойз хилл”-ийн компанийн засаглалд бодитоор санаа зовж байна гэдэг нь маш тодорхой харагдлаа. Одоо тодорхойгүй байгаа зүйл бол Зөвлөл хэрхэн бүх хөрөнгө оруулагчдынхаа итгэл дээр үндэслэн дүрмээ гаргах вэ гэдэг асуудал болоод байна” гэжээ.
 
“SAILINGSTONE CAPITAL PARTNERS” КОМПАНИЙН ТУХАЙ БИД ЮУ МЭДЭХ ВЭ? 
Дэлхийн байгалийн баялгийн нөөцөд хөрөнгө оруулах шийдэл санал болгох зөвлөх үйлчилгээг “SailingStone Capital Partners” LLC компани үзүүлдэг аж. Сан Францискод төвтэй энэ компани хөрөнгө оруулагчдад урт хугацааны үнэт цаасны багц санал болгодог юм байна.
 
“ТУРКОЙЗ ХИЛЛ”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ УНАЖЭЭ 
Энэ мэдээлэл гарсны дараа буюу өнгөрсөн мягмар гаригт “Туркойз хилл” компанийн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дэх хувьцааны ханш 1.50 хувиар унаж, 1.31 ам.доллар болсон байв. Өнгөрсөн оны тавдугаар сарын 16-нд 2.99 ам.долларт хүрч байсан билээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсаны дараа, эдийн засгийн өсөлт асар өндөр байсан 2011 онд энэ хувьцааны ханш анх удаа 28.25 ам.долларт хүрсэн түүхтэй билээ.
 
 
Ж.ЦогзолмааЭх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу