Л.Оюун-Эрдэнэ хэмээх залуу улс төрд харьцангуй богино хугацаанд тодорч, чамлахааргүй өндөрт гарлаа. Намаас нэр дэвших эрх авсан эхний сонгуулиараа УИХ-д сонгогдож, тэр дороо Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга болно гэдэг нь улстөрч гэгдэх амбицтай хүн бүрт олдох завшаан биш. Хувь хүнийх нь хувьд сайн мэдэхгүй сонгогчид түүний Харвардын их сургууль төгссөн гэх анкет, хар нөмрөг, дамран малгайтай зурагт итгэл хүлээлгэж, шинэ үеийн улстөрч, мэдлэг, боловсролтой боловсон хүчин, бас улс орны ирээдүйг авч явах шударга, сайхан залуусын нэг хэмээн найдлага тавьсан. Харин Л.Оюун-Эрдэнэ улс төрд амжилт олж, карьер нь ахихын хэрээр мөн чанараа таниулж, зэс нь цухуйсаар буй.
Хэдхэн сарын өмнө “Намын даргаас минь сайн хүн үгүй” гээд үнсэх нь холгүй дагаж гүйсэн М.Энхболдыгоо унагахын тулд хэрхэн увайгүй загнасныг нь харсан цагаас олон хүнд түүний үнэлэмж унасан болов уу. Ингэж увайгүй загнаж чадсаныхаа төлөө тэр өнөөдөр Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга гэх өндөр албанд очоод буй. Гэвч онцгойрч, тодрох оломгүй их хүсэл, шуналтай Л.Оюун-Эрдэнэ очсон албан тушаалынхаа онцлог, чиг үүргийг ойлгосон шинжгүй “попорсоор” явна.
Үүнийгээ ажил хийх гэж байна хэмээн тайлбарлах биз. Гэвч ажил хийнэ гэдэг өөд уруу, үүд хоймроо ялгахгүй цамнахыг хэлэхгүй. Аливаа тогтсон зүйлийг байранд нь байлгаж, хууль, журмаар тогтоосон тэг гортиг дотор, хүлээсэн үүрэг, олгогдсон эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлнэ гэдэг төрийн хүнд байх ёстой ур чадвар, ухаан билээ.
Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хаана л дуулиан шуугиан дэгдээж болох сэдэв байна, түүн рүү үсчиж, хэл амаа билүүдэж яваа харагдах юм. Төр, засгийн байгууллагуудад тус тусын чиг үүрэг, ажлын хуваарь гэж бий. Бусдын өмнүүр орж, юм болгон руу шүлсээ үсчүүлж, алхам тутамдаа хэвлэлийн хурал зарлан, өөрийгөө тодруулахыг оролдохоос өөр хийх ажил уг нь ЗГХЭГ-ын даргад олон бий.
...ЗГХЭГ гэж ямар чиг үүрэгтэй бүтэц вэ гэдгийг сануулъя. 1993 оноос хойш мөрдөж ирсэн, ЗГХЭГ-ын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлдог дүрэмд “Засгийн газрын ажлын алба нь Хэрэг эрхлэх газар” гэжээ. Мөн “Хэрэг эрхлэх газрын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааг зохион байгуулалт, эрх зүй, материал, техникээр хангах, Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, нутгийн захиргааг чиглүүлэн удирдахад туслах ажлыг эрхлэн гүйцэтгэхэд оршино” гэсэн байна...
ЗГХЭГ гэж ямар чиг үүрэгтэй бүтэц вэ гэдгийг сануулъя. 1993 оноос хойш мөрдөж ирсэн, ЗГХЭГ-ын үйл ажиллагааны чиг үүргийг тодорхойлдог дүрэмд “Засгийн газрын ажлын алба нь Хэрэг эрхлэх газар” гэжээ. Мөн “Хэрэг эрхлэх газрын зорилго нь Засгийн газрын үйл ажиллагааг зохион байгуулалт, эрх зүй, материал, техникээр хангах, Засгийн газраас төрийн захиргааны төв байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, нутгийн захиргааг чиглүүлэн удирдахад туслах ажлыг эрхлэн гүйцэтгэхэд оршино” гэсэн байна.
Түүнчлэн тус газрын чиг үүрэгт “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг Засгийн газрын хэмжээнд шийдвэрлэж, зохион байгуулах асуудалтай холбогдолтой болон шаардлагатай бусад мэдээллээр хангаж, мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, Засгийн газарт орж, гарах бичиг хэргийн ажлыг эрхлэх, Засгийн газрын хуралдааны зохион байгуулалт, техникийн бэлтгэлийг хангах, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ирүүлсэн асуудлыг зохих журмын дагуу бэлтгэж хуралдаанд оруулах, хуралдааны тэмдэглэл хөтлөх, Засгийн газрын шийдвэрийг хэлбэржүүлэн гаргаж, нийтэлж мэдээлэх, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх үүрэг бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлж, гүйцэтгэлд хяналт тавин, үр дүнг нэгтгэн тодорхойлох, Засгийн газрын архивын фондыг холбогдох баримт бичгээр зохих журмын дагуу баяжуулах, баримт бичгийг бүртгэлд авч, ангилан цэгцлэх, хадгалж, хамгаалах, ач холбогдлынх нь зэрэглэл тогтоох, Засгийн газраас гадаад орон, олон улсын болон төрийн захиргааны төв, орон нутгийн байгууллагатай телекс, телефаксын найдвартай холбоотой байлгах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран авч, зохион байгуулах, Засгийн газрын бүрэн эрхэд хамаарах асуудлаар бодлого боловсруулж хэрэгжүүлэх гэх мэтийн арав гаруй зүйл тусгажээ.
Дүрмийн заалтуудыг ерөнхийд нь харвал, олон жилийн өмнө ЗГХЭГ-т сэтгүүлчдийн өгсөн “Засгийн газрын гал тогоо” гэх тодорхойлолт яг голыг нь олсон, Засгийн газар, Ерөнхий сайдын найдвартай ар тал болж, төлөвлөж, боловсруулах, зохион байгуулах ажлыг нь нугалах үүрэгтэй газар санж. Олон ч жил ийм л маягаар ажиллаж ирсэн билээ.
Төрөөс Засгийн газрын үйл ажиллагааны чиглэл, бүтцийн ерөнхий тогтолцооны өөрчлөлт, шинэчлэлийн талаар баримтлах бодлогын тухай УИХ-ын 1996 оны 38 дугаар тогтоолд ч энэ тухай бий. Тус тогтоолд “Засгийн газар нь тэргүүлэн манлайлах чиг үүрэгтэй байх бөгөөд Ерөнхий сайд, Танхимын тэргүүлэн манлайлах чиг үүргийг дэмжих байгууллага нь Засгийн газрын ажлын алба болох ЗГХЭГ байна” хэмээсэн байдаг. Уг заалтаар бол ЗГХЭГ-ын дарга нь Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын үндэсний хэмжээнд тэргүүлэн манлайлах, стратегийн удирдамжаар хангах ерөнхий чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь дэмжин туслах үүрэг хүлээх нь. ЗГХЭГ-ын дарга хүн Ерөнхий сайд, Засгийн газрын танхимын тэргүүлэн манлайлах чиг үүргийг дэмжиж ажиллахаас биш, Ерөнхий сайдаасаа, танхимын бусад гишүүнээсээ онцгойрч, тодрохын тулд буруу, зөв ярин, хүн амьтны тархи толгой эргүүлж, явцуу зорилготой, ойрын зайн улс төр хийдэг албан тушаал биш гэдгийг ойлгуу лахын тулд дээрх уйтгартай, урт заалтуудыг хэрэг болгон чирч ирлээ.
ЗГХЭГ-ын даргаар томилогдсоноосоо хойш ч Л.Оюун-Эрдэнэ нөгөө л “популист” мэдэгдлүүдээ хийж, “Хоолны хордлого нь хөл рүүгээ орсон” гэхээс эхлээд “Махны үнэ өссөн асуудлыг ТЕГ-аар шалгуулна” гэх хүртэл хэчнээн ч шуугиан дэгдээв. Оюутолгойн гэрээ, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувь, “Монголиан коппер корпорэйшн”-ий санхүүгийн эх үүсвэр, казино тоглосон төрийн албан хаагчид, Их тэнгэрийн ам, нийслэлийн ЗДТГ-ын барилга, УДЭТ-ын арын, “Найрамдал” зуслангийн урд талын газар, Хөгжлийн банк, С.Зоригийн хэрэг гээд нийгмийн анхаарлыг татсан шуугиан хаана л гарна, тэр тэнд явлаа. Улс төрийн тайзнаа Ерөнхий сайдаас ч тод дүр болоодохов. Тэгэхдээ хоёр хоногийн настай улс төр хийснээс биш, төрийн ажил хийсэнгүй.
Зарим үед албан ёсны баталгаатай эх сурвалж гэж итгэхэд ч бэрх мэдээллийнх нь ард Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга хэмээх албан тушаалын нэр хүнд явааг ч тоож буй шинж алга. Мартагдахаас айдаг, хэн ч тоохгүй болохоор өөрийнхөө тухай худлаа мэдээ зориуд тарааж, олны анхаарлыг өөртөө татдаг дуучин, жүжигчдийн арга барилаар ЗГХЭГ-ын дарга ажиллаж байх шиг. Одоо тэр хэн ч тоодоггүй сул улстөрч биш, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга. Наанадаж олон нийт, цаашилбал дэлхий дахин Монгол Улсын Засгийн газрыг өөрөөр нь төлөөлүүлж харна гэдгийг ойлгомоор. Дэгдсэн дуулиан бүрт баримт нотолгоогүй, сураг таамаг төдий хариулт хэлж, дуулиан шуугианы гол дүр болохоос өөр хийх ажил уг нь түүнд хангалттай л байх ёстой доо.
Эх сурвалж: Өнөөдөр сонин