Caakmedee

МАН-ын үед ТӨРИЙН МИНЬ АЛТАН СОЁМБО сэвтэх нь ээ!!!

  • Улс төр
  • 2019/05/24
-“МАН-ын “Улаан мах”-ны хэрэг нөхөн сонгуулийн хувь заяаг эргүүлэх үү-
Ингэж хэлэхийн учир нь ирэх даваа гарагт ҮХЦ дунд суудлын хуралдаанаараа “Улаан мах”-ны хэргийн талаар хэлэлцэх гэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, өөрийн хүсэлтээр гишүүнээсээ түдгэлзэх хүсэлтээ өгч УИХ түүнийг 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр чөлөөлсөн байдаг.
Тэгвэл Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн өмнө буюу яг нэг жилийн дараа иргэн Д.Ганхуяг, Г.Нацагдорж, Д.Отгонбат, А.Кадирбек нар ҮХЦ-д гомдол гаргаж олныг алмайруулсан юм. Тэд Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн тогтоол нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж буй аж. Уг Д.Гантулгыг УИХ-ын 49 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн байдаг. Харин тэрбээр УИХ-ын тухай хуулийн 6,6,3 гэсэн заалтыг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байдаг юм. Тодруулбал, УИХ-ын тухай хуулийн “6.6.3. гишүүн өөр ажилд  шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” хэмээн заасан байдаг билээ. Энэхүү үндэслэл нь Үндсэн хууль зөрчсөн байна хэмээн дээрх нэр бүхий иргэд үзэж цэцэд гаргасан гомдолдоо тусгасан юм.
Ямартай ч ҮХЦ тэдний гомдлыг энэ сарын 06-ны өдөр хүлээн авсан хэрнээ 21-хэн хоногийн дотор асуудлыг шийдэхээр түргэвчилж буй нь Д.Гантулгыг УИХ-д эргэн оруулах шийдвэрийг гаргахаар зэхэж байна уу гэх хардлага ч байна. Учир нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг өнгөрсөн оны аравдугаар сарын 07-ны өдөр явуулахаар Сонгуулийн ерөнхий хорооноос товыг нь зарласан ч нэр бүхий иргэн бас л Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаж дээрх товыг хойшлуулж байсан юм. Тухайлбал, нөхөн сонгууль товлон, санал авах өдрийг тогтоохдоо иргэний тэгш байдлын зарчмыг алдагдуулж зарим иргэдийн сонгогдох эрхийг зөрчсөн, улмаар уг тогтоол нь Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад нийцээгүй. Тодруулбал, УИХ-ын 62 дугаар тогтоол нь төрийн жинхэнэ албан хаагчийг нөхөн сонгуульд нэр дэвших эрхийг хязгаарласан хэмээн цэцэд гомдол гаргаж хойшлуулсан юм. Тэгвэл энэ удаад цэцэд гомдол гаргасан иргэд яагаад ямар ашиг сонирхлын улмаас Д.Гантулгыг УИХ-д буцаан оруулахаар улайрах болов оо. Хэрвээ МАН-ын Хяналтын хороо намынхаа нэр хүндийг боддог бол “Улаан мах”-ны хэрэгт нэр холбогдож намынхаа нэр хүндийг улс даяар шившиглэсэн Д.Гантулгыг намаасаа хөөж хариуцлага тооцох ёстой байв. Гэтэл тус хороо түүнд хариуцлага тооцох нь бүү хэл харин ч түүнийг МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн зөвлөх болгож гишүүдээ доромжилсон юм. Энэхүү томилгооноос болж нийгмийн сүлжээнд МАН-ыг хүчиндэгч нам хэмээн ёгөөдсөн. Яг үнэндээ МАН-ын Хяналтын хорооны дарга Д.Батбаатар ч өөрөө тийм ёс зүйтэй хүн биш гэдгийг түүний сошиалд тарсан нэгэн зураг гэрчилж байсныг уншигчид санаж буй биз ээ. Хяналтын хорооны дарга гуай өөрөө тийм ч их ариухан нэгэн биш хэрнээ генсекийнхээ заавараар намдаа үнэнчээр зүтгэсэн хүмүүсийг ёс зүйн доройтолд орж, асуудал тарьж байгаа хэмээн шалтаглан намаас нь хөөж байсан нь шившигтэй.
Үүгээр ч зогсохгүй тус хорооныхон өнгөрсөн долоо хоногт Д.Амарбаясгалангийн өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж У.Хүрэлсүхийн Засгийн газрыг гудамжинд гаргах дөхсөн. Тэдний энэ удаагийн увайгүй үйлдлийг олж мэдсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх маш хурдан алдаагий нь засч нэр бүхий хоёр гишүүнийг аварч Засгаа ч авч үлдсэн юм. Тэгвэл ёс зүй хариуцлага тооцох дуртай МАН-ын Хяналтын хороо яагаад Д.Гантулгад хариуцлага тооцохгүй өнөөдрийг хүрэв. Түүнчлэн цэц яагаад улстөржсөн шийдвэр гаргах болов гэсэн асуултад хариу хайгаад үзэхээр цэцийн дарга Д.Одбаярыг шүүмжлэхээс аргагүй дүр зураг харагдаж байна. Д.Одбаярын хувьд намынхаа одоогийн дарга нарын хичээл зүтгэлээр тус албан тушаалд томилогдсон болохоор хариугаа төлж байж ч болно.
Эцэст нь хэлэхэд МАН-ыг засаглаж байх энэ цаг дор Үндсэн хуулийн Цэц “Улаан мах”-ны хэргээсээ болж УИХ-ын гишүүнээс сайн дураараа чөлөөлөгдсөн Д.Гантулгыг эргүүлэн гишүүн болгох шийдвэрийг гаргаж ТӨРИЙН МИНЬ АЛТАН СОЁМБЫГ СЭВТҮҮЛЭХ ВИЙ ДЭЭ.

Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу