Уран баримал бол нийгэм, цаг үеийнхээ соёл, түүхийн гэрч болдог урлагийн гайхамшигт бүтээл. Техник, технологи, хийцийн хувьд оюуны болон биеийн хүчний ажил давхар хосолдог мэргэжил. Асар их оюуны бяраар, хүчээр босдог гэж хэлж болно. Энэхүү мэргэжлийг эзэмшин, хилийн чанадад гурав дахь удаагаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаад буй залуу бол Өлзийбаатарын Одхүү.
Тэрбээр Солонгос улсын Күүкмин их сургуульд мэргэжил дээшлүүлэн докторантурт суралцаж байгаа бөгөөд энэ удаагийн бие даасан үзэсгэлэн нь түүний судалгааны ажлын үзэсгэлэн юм.
Ө.Одхүүгийн “Бидний амьдарч буй ертөнц” бие даасан үзэсгэлэн 2019.05.25-05.30 хооронд Солонгос улсын нийслэл Сөүл хотын Ганнам дүүргийн ArtSpaceat галлерейд болжээ.
Түүний энэ удаагийн үзэсгэлэнгийн агуулга нь:
Хүн гадаад оронд амьдрахдаа тухайн улс, нийгмийн байдал, ард иргэдийг нь ажиглаж эх оронтойгоо үргэлж харьцуулалт хийдэг. Энэ харьцуулалтаас мэдэрсэн мэдрэмж болон эх орноосоо өөр нийгэмд туршлагажих үйл явцыг өөрийн өнцгөөс харж уран бүтээлээрээ илэрхийлэхийг зорьжээ.
Хүн бид зогсолтгүй урагшлах энэ нийгмийн урсгалд зөв явахыг хичээж, хол хаягдаад үлдчихгүйн тулд айж, түгшиж амьдардаг. Хүний хүсэл шунал, сэтгэл зүйн түгшүүрт байдал гэх мэт сэтгэл хөдлөлийн хэлбэрүүд нь томрох тусам хүнийг гадна болон дотроос нь удаанаар идэж, хүний мөн чанарыг муутгаж байдаг гэх. Цаашлаад хүсэл шунал нь хэрээс хэтэрч өөрсдийн амьдардаг ертөнц болсон байгалиа сүйрүүлсээр байгаа. Уран баримлч Ө.Одхүү “Бидний амьдарч буй ертөнц” цуврал бүтээлүүдээрээ дамжуулан аажим аажмаар муудаж байгаа хүний мөс чанар, сэтгэл зүйг дүрслэхийг зорьжээ.
Ө.Одхүүгийн уран бүтээлийг үзэж сонирхсон гадаад дотоодын үзэгчид, багш нар нь "Монголын уран баримал дэлхийн түвшинд нэг их доош ороод байдаггүй, нэлээн цээжинд давхина" хэмээн түүний бүтээлийг өндрөөр үнэлсэн байна.