Хавар болохоор л эрдмийн баяр, элсэлтийн хандив зэргээр эцэг, эхчүүдээс мөнгө татдаг бичигдээгүй хууль бий. Мөнгө татах гэхээс илүү алаг үрд нь “А” үсэг заасан нэрийдлээр ангийн багшид талархсан сэтгэлээ “авлигаар” илэрхийлдэг гэвэл илүү ононо. Гэтэл эцэг, эхчүүдийн энэ үйлдэл талархал биш тухайн багшид төвөг чирэгдэл учруулаад зогсохгүй хуулийн өмнө аваачих хангалттай үндэслэл болдгийг санах хэрэгтэй. Хууль хяналтын байгууллагын “чихэнд” хүрсэн жишээ баримт ч цөөнгүй байдаг. Энэ нь нэг талаас эцэг, эхчүүдийн ухамсар хандлагатай холбоотой бол нөгөө талаас багш нарын ёсзүйтэй ч холбоотой. Талархсан сэтгэлийн илэрхийлэл нэртэй хууль бус үйлдлийг болохгүйг нь мэддэг ч багш, эцэг, эхчүүдийн аль аль нь татгалзаж чаддаггүй гэмтэй. Харин энэхүү хуулиас гадуурх үйлдлийг тас хориглосон тушаалыг Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал Д.Оюунгэрэл гаргаж багш, эцэг эхчүүдэд танилцуулсан байна. Ингэхдээ дан ганц цаасан дээр тушаал гаргаад орхих биш багш нарын ёсзүйн асуудлыг хөндөж сургуульдаа бодитоор хэрэгжүүлж чаджээ. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирал А/16 тоот тушаал гаргаж 1, 5, 9, 12 дугаар ангийн тайлант өдөрлөгийн үеэр төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон тушаал гаргасныг АТГ-аас хянахад сургуулийн багш нар чанд мөрдөн ажиллаж байгааг хяналт шалгалтын явцад тогтоосон байна. Дан ганц сургуулийн удирдлага тушаал гаргаад зогсох биш багш нар нь ч ёсзүйгээ ухамсарласан сайн жишээ илүү олон байгаасай гэдэг үүднээс 35 дугаар сургуулийг онцолж байгаа юм.
АТГ-т ирсэн гомдлын дагуу шалгалт явуулахад нэгдүгээр ангийн сурагчдын эцэг эхчүүдийн зөвлөлийн санаачилгаар нэг хүүхдээс 20 мянган төгрөг хурааж 740 мянган төгрөг цуглуулсан байна. Тэрхүү мөнгөөрөө багшид цэцгийн баглаа, чихрийн цуглуулга, зүүлт бэлэглээд үлдсэн 607 мянган төгрөгийг бэлнээр өгөхөөр тохиролцсон байжээ. Харин эрдмийн баярын тайлангийн үеэр эцэг, эхчүүдийн өгсөн бэлэг, мөнгийг ангийн багш авалгүй тэр даруй буцаасан байна.
Энэ мэтээр төрийн байгууллагыг удирдаж байгаа дарга нар нь ч зөв уриалга гаргаж, удирдлаган дор нь ажиллаж байгаа багш ч хууль бус үйлдэлд автахгүй таслан зогсоосон ийм жишиг илүү олон байгаасай. Төрийн албыг хариуцлага, ёсзүйгээр “удирддаг” жишиг даргаас бусад ерөнхий боловсролын сургуулийн удирдах албан тушаалтнууд ч Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн захирлын нэгэн адил уриалга гаргаж, хамгийн гол нь бодитоор хэрэгжүүлж чадвал дэмжихээс өөр яахав. Тэгж байж л эцэг, эхчүүдийн зөвлөлийн санаачилга нэрийдлээр сурагчдаас мөнгө цуглуулж, багшид бэлэг болгон өгдөг боловсролын салбарын хуулиас гадуурх гажуудлыг засч чадна. Нийтээрээ нийгмийн хууль бус үйлдэл, сурагчдад буруу хандлага үлгэрлэсэн энэ мэт гажуудлыг засч байж ирээдүйн нийгэм маань илүү сайхан болно. Таны, миний хүүхэд ялгалгүй бүгд эрх тэгш эрүүл нийгэмд амьдарна.
Харин энд гагцхүү ганц зүйлийг онцлоход, төгсөх ангийн сурагчдаас мөнгө татах, хандив авах, амралт зугаалгаар явах, хооллох зэргээр хууль дүрэм зөрчиж багшийн ёс зүйн алдаа гаргахгүй байхыг үүрэг болгосон дээрх үйлдлийг сонжсон хүмүүс цөөнгүй байна. Мэдээж дунд сургуулийн захирлын энэ үйлдэл бусдаас содон, эерэг зөв байж чадсан ч олон нийт яагаад онцгойлон сонирхсон юм бол.
Магадгүй нийгэм даяараа болохгүй, бүтэхгүй бүхнийг ярьж, хэлж тийм л үйлдэл хийж байгаа учраас илүү сонин харагдсан байх. Түүнээс нийтээрээ эерэг, зөв зүйлд тэмүүлж байвал буруутан нь илүү тод харагдах учиртай юм. Гэтэл өнөөгийн нийгэмд бүгд буруу хандлага, зуршилтай байгаа учраас зөв зүйлд нь уриалсан нь ийнхүү этгээд харагдаж байж мэднэ. Магадгүй сайн зүйл хийж, зөв зүйлд уриалсан нэгнийг эвэртэй туулай харсан мэтээр сонжихоо больсон цагт л нийгмээрээ эерэг сэтгэлгээ, зөв үйлдэлтэй болно. Харин тэр гэрэл дундаас буруутан нь нэг хүн байсан ч илүү тод харагдана.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.УЯНГА