Caakmedee

Үндсэн хуулийн өөрчлөлтөөр эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох мөрөөдөл улам холдлоо

  • Улс төр
  • 2019/06/10
Үндсэн хуулиар 45 нас хүрсэн Монгол Улсын иргэн зөвхөн парламентад суудалтай нам, эвслээс Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй.  Хэрвээ сонгогдвол нэг удаа улирч болдог. Харин одоо УИХ-аар хэлэлцэх Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр энэ боломжуудыг хязгаарлаж өгчээ. Ерөнхийлөгчид 45 биш, 55 нас хүрсэн хүн зөвхөн нэг удаа сонгогдох бөгөөд улирах эрхгүй. Бүрэн эрхийн хугацааг дөрөв биш, зургаан жил болгожээ. Энэ тухай ажлын хэсгийнхэн “Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг нэмж, бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа хүн ахин сонгогдох гэж улс төр хийдэг, мөн Ерөнхийлөгчөөс буучихаад дахин улс төрд орж ирэх байдаг сөрөг талуудыг хааж байгаа юм. Шинэ төслөөр 55 нас хүрсэн хүн сонгогдлоо гэхэд Ерөнхийлөгчөөр зургаан жил ажиллаад шууд тэтгэвэртээ гарна” гэж тайлбарлав.
Үнэндээ ч Монгол Улсын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших насыг 45 гэж тогтоосон нь арай залуудаж байна, 45-тайдаа Ерөнхийлөгч болоод нэг улирч сонгогдсон хүн найман жилийн дараа төрийн тэргүүнээс буухад дөнгөж 53 настай байх учир буцаж улс төртэй зууралдаад байх юм гэх шүүмжлэл явдаг. Жишээ нь, Н.Багабанди Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллаад 2005 онд бүрэн эрхийн хугацаа нь дууссан. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл “улс төрийн тэтгэвэр”-т гарахгүйгээр МАН-ын дэмжлэгтэйгээр Оюутолгой компанийн ТУЗ-д хоёр дахь удаагаа ажиллаж байна. Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн бүрэн эрх нь дуусангуут 5-6-хан сарын дараа УИХ-ын нөхөн сонгуульд өрсөлдөх гэж зүтгэснээс болж намтайгаа муудалцаж улмаар МАН-ыг хоёр хуваасан. Одоо Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс буусан ч буцаад улс төрд ирэхээр зэхэж байгаа тухай мэдээллүүд гардаг. Үнэхээр ч тэдний хувьд байгалийн нас нь ч, улс төрийн нас нь ч тэтгэвэрт гарах болоогүй учраас “зүгээр суухгүйн тулд, хаан байсан хүн гэнэт жирийн иргэн болсонтойгоо эвлэрч чадахгүй” учраас  эргэж улс төртэй зууралдаад байгаа тал бий.
Иймд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчид нэр дэвших насыг 55 болгож, бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгож байгаа нь сайн бөгөөд олон нийт дэмжих магадлалтай. Харин нэг сул тал нь энэ төслөөр бол Монгол Улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй болох магадлал бараг л хаагдаж, эмэгтэй хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхгүй болж байгаа юм. Учир нь Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод босго болох 55 нас бол эмэгтэйчүүдийн хувьд Монгол Улсын хуулиар тэтгэвэрт гарах нас. Тэтгэвэрт гарахыг бараг л хүний тооноос хасагдаж байгаа мэт уламжлалт ойлголттой, тийм соёлтой монголчууд “тэтгэврийн чавганц”-ыг төрийн тэргүүнээрээ сонгож сүлд хийморио унагахгүй л байлгүй дээ. Тэгэхээр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явцад Ерөнхийлөгчид нэр дэвших насны доод босгыг эмэгтэйчүүдийн хувьд 50 болгож жендерийн тэгш байдлыг хангахгүй бол сонгогдох эрхэн дээр эрчүүд нь илт давуу эрх эдлэхийг аварга А.Сүхбат шиг “Дорнын соёл”- оо хэт эрхэмлэдэг цөөн хэсэг нь л дэмжих болов уу.

Б.Сугар
Эх сурвалж: Itoim.mn


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу