Caakmedee

Өрийг шүүхээр "дардаг" зуршилтай "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат

  • Нийтлэл
  • 2019/06/20
Нэгэн цагт Монгол Улсыг “Эрэл улс” болгох шахаж байсан Б.Эрдэнэбат гэдэг хүн бий. Одоо бол “Эрэл” ХХК-ийн ерөнхийлөгч Б.Эрдэнэбат л даа. Тэр үед “Эрэл”-гүй улс төр, бизнес, хууль шүүхийн байгууллага, тэр ч бүү хэл хамтлаг хүртэл байгаагүй юм шүү.
Б.Эрдэнэбат Монголын хамгийн олон лиценз эзэмшигчдийн тоонд одоог хүртэл байдаг. Тоолохоор 36-37 лиценз гарч ирдэг гэсэн эх сурвалжийн мэдээлэл бий. Өөрөөр хэлбэл, уул уурхайгаар гол “таяг”-аа хийж ирсэн хүн.
Мөн барилгын бүтээн байгуулалт, барилгын материалын үйлдвэрлэл гээд түүнд ороогүй салбар байхгүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн, намын дарга, бас Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан юм. Энэ утгаараа Б.Эрдэнэбат гэдэг хүнд гэрэл, сүүдэр аль аль нь бий гэхэд болно. Гэхдээ “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг өнөөг хүртэл дагасан нэг л зуршил бий.
2000-аад оны үед ааг бяр нь багтаж явах үедээ, өдгөө жирийн нэг бизнесмений дүрээр ажиллаж байхдаа өрөө шүүхээр “дардаг” аргаасаа салж чадахгүй яваа хүн. Дардаг гэдгийг хашилттай хэлж байгаа юм.
Учир нь ийм юм. 1990-2000 оны үед буюу газар нутгаа ухаж гайхалтай ашиг олдог гэдгийг монголчууд мэдэхгүй байсан цаг үед “Эрэл”, “Монполимет”, “Гацуурт”, “Монгол газар” гэсэн хэдхэн том компани байв. Өвөрхангайн Уянга сумын Өлтийн хөндий, Бөөрөлжүүтийн ам, Мод мухар гээд уул уурхайн хөлд анх сүйдсэн газруудад энэ компани оройлон оролцож байлаа.
Хамгийн сонирхолгой нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын нөгөөдүүлтэйгээ лиценз булаалдсан, мөнгө төгрөгийн маргаан хийж, түүнийгээ шүүхээр шийдүүлсэн тохиолдол олон байдаг юм. Маргаан нь шүүхийг даваад Үндсэн хуулийн Цэц хүртэл орж байсан удаа бий.
Үндсэн хуулийн Цэц 2004 оны зургаадугаар сарын 7-нд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шийдвэрлэж дүгнэлт гаргасан байдаг.
Одоогийн УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, тухайн үед “Монполимег”-ийн захирал байхдаа “...“Монполимет” ХХК нь 2001 онд “Эрэл” ХХК-тай худалдааны гэрээ байгуулсан юм. Гэтэл “Эрэл” ХХК энэ гэрээгээр манайд шилжүүлсэн техникээ хүчээр татан авч хууль бус үйлдэл гаргасан тул 2001 оны аравдугаар сарын 10-ны өдөр “Монполимет” ХХК Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, уг маргааныг Хан-Уул дүүргийн шүүх 2002 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 64а дугаартай шийдвэр, мөн энэхүү шийдвэрийг давж заалдах шатны шүүх 2003 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр авч хэлэлцээд 13 тоот магадлал гаргасан. 
Дээрх шийдвэр, магадлалыг хяналтын журмаар Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхим 2003 оны гуравдугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд 182 тоот тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолоор “Монполимет” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг авч хэлэлцсэн Хан-Уул дүүргийн шүүхийн 64а дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 13 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан билээ.
Гэтэл Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат нь "...Анхан шатны шүүхийн 64а дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 13 дугаартай магадлал нь хууль зөрчөөгүй байна... Улсын Дээд шүүхийн хяналтын шатны 182 тоот тогтоол үндэслэлгүй" гэсэн илт хууль болон бодит байдалд үндэслэлгүй дүгнэлт бичиж, улмаар 2003 оны зургаадугаар сарын 20-ны өдрийн Улсын Дээд шүүхийн хуралдаанд оруулан хэлэлцүүлж 19 дугаартай тогтоол гаргуулсан. 
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх заалтыг зөрчиж, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах тухай хүсэлтийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат ганцаараа хянаж хариу өгснөөрөө Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана”, Тавин нэгдүгээр зүйлийн нэг дэх хэсгийн “Улсын Дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ”, Тавин хоёрдугаар зүйлийн нэг дэх хэсгийн “Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн заалтыг тус тус зөрчиж байгаа тул Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ. 
Харин Үндсэн хуулийн Цэц “..Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Ганбат Монгол Улсын Үндсэн хуулийн  Тавин нэгдүгээр зүйлийн нэгдэх хэсэг, Тавин хоёрдугаар зүйлийн нэгдэх хэсэг, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургаадугаар зүйлийн 12, 14 дэх хэсгүүдийн заалтыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм. 
Нэг үгээр, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ялж, “Монполимет” ялагдсан гэсэн үг.
Дараагийнх нь "Гацуурт”-ын Л.Чинбат болсон байдаг. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат ид явахдаа Л.Чинбатыг жинхэнэ дарж байсан түүх бий. Хоёулаа Өвөрхангайн Уянгад “газар ухдаг” байсан нөхөд түүнээсээ болж маргалдсан. Г эхдээ Б.Эрдэнэбат Л.Чинбатын лицензийг өөрийн болгочхоод, нөгөөх нь хохирчихсон, хэдэн жил шүүхээр, хэвлэлээр заргалд-саныг мэдэх юм. Юутай ч тэдний мар-гааны хохирогч нь Л .Чинбат л байсан.
Мөн 2007 оны эхээр Хөтөлийн шохойн үйлдвэрийн түүхий эдийн бааз болох “Хөтөл-2” ордын талаарх маргаан Хөтөл хотынхон болоод “Эрэл” компаниудын хооронд үүссэн.
АМГТХЭГ-ын ГУУК-ын алба үйлдвэр, орон нутаг, харьяалагдах яам, Төрийн өмчийн хороонд мэдэгдэлгүй “Хөтөл-2” ордын талбайд 1999 оны есдүгээр сард “Эрэл” ХХК-д хайгуулын лицензээр олгожээ. Улмаар гурван сарын дараа буюу 1999 оны арванхоёрдугаар сарын 20-нд тус компанид 1993 А дугаартай ашиглалтын лиценз олгосон байна. 
Тус хоёр компани нь хайгуулын лиценз эзэмшиж байх үедээ ордод хайгуулын ажил хийгээгүй бөгөөд ашиглалтын лиценз авснаасаа хойш “Хөтөл-2” ордод ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй гэнэ. Харин 2006 оны наймдугаар сард Үйлдвэр худалдааны яам, Барилга, хот байгуулалтын яам, АМГТХЭГ, УМХГ, Иргэний хөдөлгөөнийхөнтэй хамтарсан шалгалт хийж, түүний дүгнэлтийг үндэслэн АМГТХЭГ-ын ГУУКА-ны даргын тусгай зөвшөөрлийг цуцлах тухай 902 дугаар шийдвэр гарсан байна.
Харин “Эрэл” компанийнхан Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан байна. Тэгэхдээ “...ГУУКА-ны шийдвэр хууль зөрчсөнийг нотлох ба шүүхийг шударга шийдвэр гаргана гэж найдаж байгаа. “Хөтөл-2” шохойн чулууны орд хэзээ ч Хөтөлийн цементийн үйлдвэрийн мэдэлд байгаагуй. “Эрэл” компани хуулийн дагуу хамгийн анх уг ордод өргөдөл гарган эзэмшсэн. “Хөтөл-2” шохойн чулууны ордтой холбогдон АМГТХЭГ-ын ГУУКА болон “Эрэл” компанийн хооронд үүссэн маргаанд Хөтөлийн цементийн үйлдвэр огт хамаагүй.
Шүүх Хөтөлийн цементийн үйлдвэрийг шүүхэд гуравдагч этгээдээр оролцох тухай хүслээс татгалзсан нь үүний нотолгоо” хэмээн Б.Эрдэнэбатын хуулийн зөвлөх мэдэгдэж байжээ.
Түүнчлэн 2017 оны зургаадугаар сарын 8-нд Хаан банкны нэхэмжлэлтэй “Эрэл” ХХК-д холбогдох гомдлыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн байдаг. Б.Эрдэнэбат зээлээ төлөөгүй. Тодруулбал, шүүхээс “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 32 146 877 669 /гучин хоёр тэрбум нэг зуун дөчин зургаан сая найман зуун далан долоон мянга зургаан зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж, хариуцагч “Эрэл” ХХК, Б.Эрдэнэбат нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаануудыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэсэн шийдвэрийг гаргаж байжээ.
Хамгийн сүүлд Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудал нь босож ирлээ. Хөгжлийн банкнаас “Эрэл” ХХК-д нийт 23 сая ам.доллар, 13.1 сая еврогийн зээлийг жилийн найман хувийн хүүтэй, 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр хүртэл хугацаатайгаар олгохоор шийдвэрлэжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Эрэл” ХХК-д 2014, 2015 онд зээл олгох шийдвэр гаргахдаа банкны гүйцэтгэх удирдлагад зээлдэгчийн Хан-Уул дүүргийн III хороонд байрлах барьцаа үл хөдлөх хөрөнгүүдийн газар эзэмших эрхийг тусад нь барьцаалахыг даалгаж шийдвэрлэсэн боловч тус нөхцөл шаардлагуудыг хэрхэн хангасан нь тодорхойгүй аж. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл барьцаа хөрөнгийн газрын асуудлыг шийдвэрлээгүй банканд барьцаалагдаагүй байна.
Засгийн газрын 2014 оны 113 дугаар тогтоолоор Байшин үйлдвэрлэх комбинат төсөлд зориулж Герман улсын Коммерц банкнаас авсан 13.1 еврогийн эх үүсвэр нь 2019 оны зургаадугаар сард төлөгдөх хугацаатай юм байна.
Гэтэл “Эрэл” компани нь 2017 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн 381 дүгээр албан бичгээр “Байшин үйлдвэрлэх комбинат-1” төслийн бүтээн байгуулалтын ажил удааширч, төлөвлөсөн хугацаанд ашиглалтад ороогүй, барилгын салбарын зогсонги байдлаас үүдэн зээлийн хугацааг 5-8 жилээр сунгуулах, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” үйлдвэр ашиглалтад орж байгаатай холбогдуулан эргэлтийн хөрөнгөд 30 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийн урьдчилгаа хэлбэрээр шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг Хөгжлийн банканд ирүүлжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-өөс “Эрэл” ХХК-ийн энэхүү хүсэлтэд үндэслэн зээлийн гэрээг 2026 оны эцэс хүртэл сунгах шийдвэр гарсан боловч “Эрэл” ХХК-ийн зүгээс гэрээнд гарын үсэг зураагүй. Өөрөөр хэлбэл, шинэчилсэн гэрээ хүчин төгөлдөр болоогүй байна.
Монгол банканд тайлагнаж буй Хөгжлийн банкны санхүүжүүлсэн зээлийн талаарх мэдээнд “Эрэл” ХХК-ийн зээлийг хүчин төгөлдөр бус зээлийн гэрээний хугацаагаар тайлагнасан байгаа юм. Энэ асуудал бас л удахгүй шүүхээр явж эхлэхээр болж байх шиг байна. “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж өрийг шүүхээр “дардаг” зуршилтай ийм нэг хүн байх ажээ.

Эх сурвалж: Зууны мэдээ
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу