УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг дагасан дуулиан тасрахгүй байна. Тодруулбал, Тост, Тосон бумбын нуруунд олборлолт явуулахыг хориглосон, дархан цаазат газраар бүртгэсэн хилийн шугамыг зориудаар өөрчилж байгаад ухаж эхэлсэн нь нийгэмд бухимдал төрүүлээд байгаа. Эл асуудал намжиж амжаагүй байхад түүний барилгын компани ч нэгэн дуулианыг дагуулж эхлэв.
Тодруулбал, Монгол банк болон ХЗДХЯ хооронд “төрийн өмчит хоёр барилга” баригдаж буй. Тухайн барилгын ажлыг ямар ч тендер, сонгон шалгаруулалтгүйгээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн компани барьж гүйцэтгэж байгаа юм байна.
Өөрөөр хэлбэл, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нар нэг нутгийнх. Нэг нутгийн ах дүүс төрийн барилгыг хичнээн төгрөгийн гэрээтэйгээр, хэзээ шалгаруулсан тендерээр, хэдэн төгрөгийн өртөгтэйгээр барьж байгуулж байгаа вэ гэдэг нь тодорхой бус байна. Иймд хууль зөрчих учиргүй ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж гэрээг олон нийтэд ил болгох ёстой бөгөөд төрийн албан тушаалтнуудад ч тендерийн хууль үйлчлэх ёстой.
Үүнээс нааш ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн нарын хамтарсан бизнес хэмээн хардагдаж байгаа юм. Нөгөө талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга өөрийн компанидаа ямар ч тендергүйгээр төрийн хоёр обьект барьж гүйцэтгэх ажил авсан гэж хардагдах үндэслэл болж байна.
Тухайн хоёр обьектийг “Дабль Пирамид констракшн” ХХК барьж буй бөгөөд тус компани нь “Хурд групп”-ын охин компани аж. Компанийн захирлаар М.Болдсүх ажилладаг бөгөөд “Дабль Пирамид констракшн” ХХК нь дараах томоохон барилгуудын ажилд оролцож байжээ.
-Хаан банкны “Хаан тауэр” 24 давхар оффисийн барилгын чулуун хана шалны өнгөлгөөний ажил
-“Мөрдөн байцаах газар”-ын албан конторын барилгын гадна хөнгөнцагаан фасад, чулуун фасад болон чулуун өнгөлгөөний ажил
-Хан-Ууул дүүрэг, 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Цэнгэлдэх хотхон”-ы гадна фасадны ажлыг хийж гүйцэтгэж буй юм. Тус барилгыг “Хурд групп” барьж байгаа бөгөөд 2019 дөрөвдүгээр сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй барилга юм.
“Дабль Пирамид констракшн” ХХК-ийн захирал М.Болдсүх
ЭХ СУРВАЛЖ:ISEE.MN