Caakmedee

Шүүгч нарын авлигын нотлох баримтыг ХЭЗЭЭ ДЭЛГЭХ ВЭ

  • Онцлох мэдээ
  • 2019/06/28

Монголын шүүх засаглал Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг /ҮАБЗ/ түргэн авахуулах хүртлээ  доройтсоныг ойрын өдрүүдийн хэрэг явдал илчиллээ.
Лхагва гарагт ҮАБЗ хуралдаж,  нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зөвлөмжийг гарган ШЕЗ-д ирүүлжээ. Энэ дагуу ШЕЗ хуралдаж, нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр тогтож, тогтоол гарган хүргүүлжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлээд байна.
Зарлигт Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн саналыг үндэслэсэн гэж дурдсан байгаа. УИХ-аас Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд 2019 оны гуравдугаар сарын 27-ны өдөр өдөр нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дах хэсэгт заасны дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хуульчлан зохицуулсан. Тэгэхээр ШЕЗ  хуулийн энэ заалтын дагуу ажилласан гэсэн үг.  
ҮАБЗ-өөс шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх талаар гаргасан зөвлөмжийг нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэнийг ШЕЗ хаалттай горимоор хэлэлцжээ. Иймд зөвлөлийн хуралдаан дээр яригдсан асуудал болон шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлийн талаар мэдээлэх хуулийн боломж байхгүй гэдгийг ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар дурдсан байна билээ.
Харин эдгээр шүүгчдийг ямар үндэслэлээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байгаа талаар албан ёсны мэдээлэл бараг үгүй байна.  "Эдгээр шүүгчид авлига авсан баримт байгаа учраас ийм шийдвэр гаргасан юм. Үүний найман шүүгч нь Салхитын мөнгөний ордтой холбоотой. Шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж байж шалгахаас өөр арга байхгүй” гэсэн албан бус мэдээлэл байгаа юм. Түүнчлэн  Ерөнхийлөгчийн Тамгын газраас  албан ёсоор тайлбар өгөөгүй ч эдгээр 17 шүүгчийн 13 нь Салхитын мөнгөний орд болон авлига, харин 4 шүүгч нь эрүүгийн хэрэгтэй холбоотой хэмээн “ам алджээ”.
 Дундговь аймгийн нутаг дахь Салхитын мөнгөний ордоос 7 шүүгч 125000 долларын авлига авсан гэх мэдээлэл байгаа юм.  Энэ талаар  хэн нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч шүүгч нарын авлигын асуудал баримттай, бичлэг нь байгаа гэсэн яриа байна. Үүнтэй холбоотойгоор шүүгч нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулсан уу гэх хар сэр цухалзсан. Харин тийм явдал үгүй аж.  Салхитын ордтой холбоотой нэр бүхий хүмүүст гүйцэтгэх ажиллагаа явуулж байх үеэр шүүгч нар өөрсдөө орж ирсэн бололтой.
Нийгэм тэр чигээрээ хүсэн хүлээж байгаа асуудал гэвэл яах аргагүй шүүхийн шинэчлэл билээ. Энэ ч учраас УДШ-ийн эргэн тойронд ойрын хэд хоногтоо жагсаал цуглаантай байгаа. Харин 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэнийг шүүхийн байгууллагад их цэвэрлэгээ эхэллээ гэж харж байх шиг байна. Энэ шинэчлэлийг бүр гүнзгийрүүлж, УДШ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах ёстой гэж зарим иргэд тэмцлээ эхлүүлээд байгаа юм.
УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг сольсон ч дараагийн Ерөнхий шүүгч нь дотроосоо сонгогдсон. Ц.Зориг шүүгч хэвээрээ байгааг иргэд нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэр нь өөрчлөгдөхгүй гэдэгтэй жишжээ. Эрдэнэтийн 49 хувийн шүүгч гэгддэг М.Батсуурь, Х.Идэр гэхчлэн шүүгчдийн нэрийг иргэд, иргэний нийгмийн байгууллагынхан нэр заан дурдаж огцруулахыг шаардаж буй.  Гэсэн хэдий ч энэ нэр бүхий шүүгч нар Ерөнхийлөгчийн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн дотор багтаагүй байна билээ. Энэ дунд Улсын дээд шүүхийн Ц.Амарсайхан, Д.Цолмон, Г.Цагаанцоож, Х.Сонинбаяр, П.Золзаяа гэсэн таван шүүгч багтжээ.
Энэ оны эхээр буюу хоёрдугаар сард үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зургаан шүүгчид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэсэн тухай мэдээлж байв. Тэгвэл эдгээр зургаан шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр нарын гурван  шүүгчийн эрх түдгэлзээд байна.
Мөн эрх нь түдгэлзсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг Б.Хурцыг батлан даалтад гарах асуудлыг шийдсэн шүүгч гэдгийг иргэд санаж байгаа байх.
Шүүгч нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлж шалгах ёстой. Үйл явдал энэ жишгээр өрнөж байна. Гэхдээ шүүгч нартай холбоотой авлигын хэрэг нь баримт нотолгоотой гэдгийг хэлж байгаа. Харин тэр нотлох баримтыг хэзээ олон нийтэд дэлгэх нь одоогоор тодорхойгүй байна.
Монголын шүүх засаглалд салхи орж, шүүгчдэд ч бас төрийн хууль үйлчилдэг гэдгийг ойлгож мэдрэх цаг ирж байх шиг байна. Тийм бол “Ура” л гэж хэлэх ёстой болов уу.
Г.Тулга
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу