Caakmedee

НААДАМ БОЛОХОД НАЙМ ХОНОГ ҮЛДЖЭЭ

  • Онцлох мэдээ
  • 2019/07/03

Өнөөдөр зуны адаг цагаагчин хонь сарын шинийн 1-ний өдөр. Төрийн их баяр наадам болоход найм хоног үлджээ.

Эрийн гурван наадмын их чимээ хажууд ирж. Эртэй бяртай бөхчүүд нь наадмынхаа бэлтгэлд гарсан өнгөтөй харагдана. Бэлтгэл хангагдсан одоо сэтгэлзүйгээ бэлтгэж байна даа гэж залуу бөхчүүдийн нь цол нэмж, цол ахихаар сэтгэл дүүрэн ярих нь ямар сайхан юм бэ.

Наадмынхаа тухай л нутаг нутгийн гал галынхан хэлэлцэж, тэр жилийн наадмын сонин сайхныг дурсан хуучилна.
Ай сайхан наадмын бараа сураг одоо л хол ойроос түгээд эхэлж. Хөхүүрийн айраг хөдөө нутгаас амтагдаж, улаа бутарсан улс л морин дэл дээр хийсэж байна уу гэмээр салхи зүсэн одно.

Сүр барааг нь хараад л сүрдмээр сайхан эрчүүд эмээл дээрээ хазгай сууна. Хазгай суусан адуучны хийморь нь босоо, унаж яваа морины уран явдал нь гайхмаар яруу.

Ялгуун саарал морь л ийм байдаг даа гэж бодогдмоор. Нударгатай дээлэндээ түүртээнэ үгүй талын Монголын хүдэр эрчүүд наадмынхаа тухай л хөөрөлдөнө. Аргагүй л сайхан наадам байсан даа гэж хүүрнээд хусан уургаа сунгасаар асгасан шагай шиг адууныхаа зүг ергүүлнэ. Ингэж л хөдөө нутагт минь наадмын агаар салхи сэвэлзэх нь тэр.

Зон олны сэтгэл нь тогтохгүй наадмынхаа товийг хүлээнэ. Итгэл тээсэн нутгийн бөхөө асарын хоймроос хайж, даваа авахад нь баярлаж, тугаа тойроход нь адилхан дэвэх мэт хөөрцөглөнө.

Наадмынхаа тухай үг уралдуулж, мэтгэлцэн тун удахгүй болох ч тээр хол юм шиг санагдах монгол наадмаа мөрөөснө. Тиймээ, мөддөө л наадмын тухай яриа хөөрөө намжихгүй. Хойтон жилийн наадам хүртэл өнөө жилийн наадмын сонин сайхан хуучрахгүй ээ. Тиймээ, наадам болоход ердөө л найман хоног үлдсэн байна.

О.Гэрэл
Оллоо.mn скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу