Caakmedee

Ичдэггүй Ч.Улаан

  • Улс төр
  • 2019/07/04
-Ч.Улаан сайдын урвалт ураг саданд нь албан тушаал өгсөөөр байх уу-
Сайдын сэнтийд нэг заларвал дараагийн удаад ямар ч хамаагүй аргаар тэрхүү зөөлөн суудалд суухаар наймаа, тохироо хийдэг байдал улстөрд газар аваад удсан. Үүний тод жишээ нь одоогийн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан. Түүний хувьд өдгөө парламентын гишүүнээс гадна давхар дээлтэй. Өмнө нь хэд хэдэн удаа Сангийн сайдаар ажилласан мөн Шадар сайд ч байсан 2012 оны УИХ-ын сонгуулиар МАХН-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүн болсон төдийгүй Сангийн сайд болж байсан. Харин дараа нь 2016 оны сонгуулиар буцаад МАН-аас нэр дэвшин сонгогдсон.
Үндсэндээ аль намын үед арьсаа хамгаалан, аргаа олж, зөөлөн сэнтийд очиж чаддаг хүн гэсэн үг. Яг үүнтэйгээ адил хадам дүү нартаа ч хайр халамжаа “түгээсээр ирсэн”. Энэ нь олонд ил болмогц “надтай ямар ч хамаагүй” гэдэг тайлбарыг өгдөг хүн. Түүний энэ араншинг мэддэг улстөрийн хүрээнийхэн “төрийн суудлаар наймаалцаж чаддаг, санасандаа хүрч, сарвайснаа авдаг “Улайдаггүй Ч.Улаан” хэмээн нэрийддэг
Тэрбээр 2012 оны УИХ-ын сонгуулиас өмнө МАХН-ын дарга Н.Энхбаярт өмнөх “улстөрийн өрөө” төлөхөөр МАН-аас урваж, шанд нь Сангийн сайд болсон. Энэ хариу нь ихээхэн өсч ирсэн нь эхнэрийнхээ дүү О.Даваасүрэнг Гаалийн байгууллагад шургуулж, Тамгын дарга, ГЕГ-ын даргаар томилуулж байсан.
Ч.Улааны хувьд гэр бүлийн хоёрдахь амьдралаа зохиосон нэгэн. Тэр ч утгаараа “Хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах мөлжүүртэй” гэдэгчлэн хадам дүү нараа төрийн өндөр босгоор төвөггүйхэн алхуулдаг. Тодруулбал, түүнийг МАХН-аас нэр дэвшсэний дараа 2013 онд хадам дүү О.Даваасүрэн нь Гаалийн ерөнхий газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга болж байв. Тухайн үед мань хүн хөнгөн цагаан хууль бусаар хилээр гаргах гэж байгаад Замын-Үүд дэх Гаалийн хяналт шалгалтын байцаагчид үйлдэл дээрээ баригдаж, Дорногов аймгийн цагдаагийн газар шалгаж үзээд, прокурор хянаж үзээд таван жилээр зүйлчилсэн ч шүүх энэ ялыг нь тэнсэн харгалзах болгож байсан. Тэрхүү хугацаа нь дуусаагүй байсан үе.
Ч.Улаан МАН-д эргэн эрсний дараа МАН эхнэр О.Цэенбадамынх нь төрсөн дүү О.Лхагвацэдэнг Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар томилжээ. Мөн нэг дүү О.Оюун-Эрдэнэ нь Ч.Улаан сайдын зөвлөхөөр ажилладаг. О.Баасансүрэн Төрийн банкны дэд захирал гээд хадам дүү нарын нэрс хөвөрнө.
Давхар дээлийг Ч.Улаан сайд ингэж л “мундаг” ашигладаг. Мэдээж өөрийн төрснүүддээ албан тушаал өгөх, тэднийг ил тодоор гаргаж ирвэл овог ижил гээд асуудал маш хурдацтай тархаж хэл амны бай болно. Харин хадам дүү нар арай өөр гэсэн зарчмаар ажиллаад байх шиг. Арга ядахад л саяхан гаальд ажиллаж байсан О.Даваасүрэн нь малыг хөлөөр нь хил гаргахаар зүтгүүлж байгаад олон нийтэд ил болсноор тэрхүү ажил нь зогссон. Тэгэхэд эрхэм сайд “Манай эхнэрийн дүү надтай ямар ч хамаагүй. Бизнесээ хийгээд явж байгаа хүн” гэж мэлзэж байх вэ дээ.
Түүгээр ч зогсохгүй төрд олон жил зүтгэсэн хүн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хамаарал бүхий этгээд, ашиг сонирхлын зөрчил гээчийг тодорхойлоод, ялгаа заагийг нь заагаад өгчихсөн байхад л мэдэхгүй байна ч гэж юу байх вэ.
Харин ч мань хүн насны эрэмбээр улстөрийн карерь нь хэлбийгээд ирэхийн цагт “ичсэн хүн хүн ална” гэдэг шиг төрөл саднаа төрийн албанд шургуулчихав уу. Тэтгэврийн насандаа хүрсэн ч ажлаа хийсээр байгаа албан тушаалтнууд төрд хайртайдаа бус төрөл саднаараа ч болов төсвөөс авч дуусаагүй л харамсан зүтгээд байдаг юм биш үү. Олон засгийн нүүрийг үзэхдээ олон дүүгээ төрийн албанд шургуулсан Ч.Улаан сайд үүнийг ч бас батлаад байх шиг. Монголын төр түүнд өргүй байлтай. Тиймээс энэ хүнийг ирэх жил тэтгэвэрт нь гаргаж амар тайван амьдаруулвал яасан юм бэ МАН-ынхаан. Ядаж л Улайдаггүй Улаан дээрээ Ичдэггүй Улаан гэсэн нэр хоч зүүхгүй юмсан даа.

Б.Отгонзаяа
Эх сурвалж: tac.mn
 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу