Жад ба Худ
Ерөнхий сайд асан М.Энхсайханы өгсөн нэр л дээ. 2000-аад онд байх (ардчиллын жилүүдэд) ардчиллыг манайд “импортолсон” нөхдийн нэг нь манайд ирээд түүнээс “танайх овог аймгийнхаа асуудлыг яаж шийдэж байна?” гэж асууж. Мань эр “Манайх 13-р зуунд энэ асуудлаа шийдчихсээн” гэж хариулж. Одоо эргээд бодоход тэр үгнээсээ их ичдэг гэсэн.
Учир нь монголчуудын овгийн сэтгэлгээ одоо хэр нь амь бөхтэй байсаар байгаа. Нутгийн зөвлөл, Уяачдын холбоо, Мото клуб, сүүлдээ туялзуур жадны овог (фэйсбүүкээр нэлээд идэвхтэй сурталчлагдаж байгаа) хүртэл бий болсон байна. Тэгээд овгийн ахлагч нар нь монгол хүний сонголтыг тодорхойлдог.
Монголчууд овгийн байгуулалтай байх үедээ өөрийн овогт ороогүй хүнийг “жад” гэж нэрлэдэг байж. (Жадран гэх овог түүнээс үүссэн байх магадлалтай) “Жад”-аас хамгаалахын тулд, хүү, охиноо гэрлүүлж, ураг барилдаад “худ” болцгоодог байв. Одоо ч гэсэн энэ уламжлал бидний “элит” гэж нэрлэдэг нийгмийн дээд түвшинд хадгалагдсаар байгаа.
Овгийн сэтгэлгээтэй нийгэмд том улс төр ярьсан хүн тэнэг харагддаг. Харин популистуудын хувьд “үржил шимтэй” хөрс болдог.
-Гэмт хэрэг, хүчирхийлэл нэмэгдээд байна, яах вэ?
-Цаазын ялыг сэргээе.
-Амьдрал дээшлэхгүй байна, яах вэ?
-Баячуудыг хөрөнгийг хураая.
-Бид яагаад бусад орнууд шиг хөгжихгүй байгаа юм бэ?
-Гадаадынхыг хөөн гаргая, хөрөнгөтний мөржлөгийг зогсооё...
Ингэж ярьдаг сэтгэдэг хүмүүс хэдий цөөн ч гэлээ бид цөөнхидөө санаачилгыг өгөөд байна. Боловсрол нимгэн хүмүүст хөршөөсөө айж эмээх нь бараг л “өвчин” болсон байдаг. Бид хөршөө сонгох боломжгүй учраас айдсаасаа салах ёстой. Харин айдсыг давах ганц арга нь боловсрол буюу мэдлэг юмаа гэж.
Оюутолгойг ашиглалтад орсны дараа манай нэг сэтгүүлч (энэ их олон зүйл дээр дурьдагддаг жишээ л дээ) зам дагуу ТҮЦ ажиллуулж байгаа иргэнтэй уулзжээ.
-Амьдрал ямархуу байна даа?
-Өө хэцүү байна, хамаг байгалийн баялгаа гадаадынханд алдаад дууслаа.
-Гэхдээ та ядаж сардаа нэг удаа бараагаа татаад байгаа биз дээ?
-Юу ярьж байгаа юм. 14 хоногт нэг удаа шалаанзаар татаж байна шүү дээ...
Ийм л зүйл болдог. Тиймээс популизмыг нийтээрээ буруушаах хэрэгтэй. Их дээд сургуульд полит-экономийн (улс төр-эдийн засаг) хичээл оруулмаар байна. Экономи нь тал хагас орж байгаа боловч политиктой хамт заамаар байна гэв.
М.Энхсайхан даргатай нүүр тулж уулзсан олон хүн “Таныг дэмжиж байгаа шүү, битгий шантраарай” энэ тэр болоод, гар хөлийг нь атгаад явдаг гэнэ л дээ. Сая хоригдоод гарахад нь бүр ч олон хэлсэн байх. Гэвч тийм дэмжлэгээр нийгэм өөрчлөгддөггүй юм аа, сонгуулийн дэмжлэгээр өөрчилдөг гэж тэр хэлэв. Өөрөөр хэлбэл түүнийгээ М.Энхсайханд шивнэх биш, тэр дэмжээд байгаа үзэл санаагаа нийгэмдээ зарлаж бай гэсэн үг л дээ. Тэгэхгүй бол хоосон зусраас дээрдэх юун.
Буруу сонголт хийдэг биологийн бодьгалыг “олон түмэн” гэдэг
Боловсрол бол халаасанд чинь байгаа дипломоор хэмжигддэг зүйл биш. Ямар мэдээллийг хаанаас авч болох вэ гэдэг мэдлэгийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүнд тооцдог. Хорвоогийн гэгээ, шинэ мэдлэг WiFi шиг хүн бүрийн тархинд нэгэн зэрэг орж ирдэггүй. Цөөнх нь түүнийг хүлээж аваад нийгэмдээ түгээдэг. Хэрвээ нийгэм нь түүнийг таашаан хүлээж авбал тэр нь нийтийн мэдлэг болдог. Харин Ж.Батзандан шиг энд нэг зүйл ярьчихаад, тэнд очоод тэрнээсээ иш татаад "Сүүлийн үеийн мэдээ ийм байна" гээд яриад явбал тэр нь яавч шинэ мэдлэг болохгүй.
Харамсалтай нь нийгэмд хамгийн амархан түгдэг мэдээлэл бол хоосон амлалт, популизм юм. Угаасаа буруу сонголт хийдэг биологийн бодьгалыг “олон түмэн” бол гэдэг. Тиймээс “Олон түмэн яагаад буруу сонголт хийдэг вэ?” гэх нь угаасаа буруу асуулт юм. Малаа яаж маллахаа маниас асуудаггүйтэй адил малчин хүн эдийн засгийн бодлого, улс төрийн суртлыг мэддэг байх албагүй. Долоон буудлын Должин гуай Үндсэн хуулийн өөрчлөлтийг унших шаардлагагүй.
Хамгийн сүүлд явуулсан судалгаагаар У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн хамгийн өндөр рейтингтэй улстөрчид болсон байна. Яагаад тэр вэ? гэдэг асуултад "Баячуудын хөрөнгийг хураана гэсэн" гэж хариулжээ, судалгаанд оролцсон хүмүүс. Тэгэхээр одоогийн УИХ бол нийгмийнхээ тусгал, ард түмний жижигрүүлсэн проекц юм. Энэ бол бодит байдал. Энэ бодит байдлаас гарах зам нь боловсрол.
Нийгэмд баялаг бүтээдэг маш цөөхөн хувь байдаг, 5-10 хувь. Нийгмийг гэгээрүүлдэг хэсэг ч гэсэн маш цөөхөн хувийг эзэлдэг. Харин мэдлэгтэй цөөнх нь сохор олонхидоо хөтлөгдөөд явахыг популизм гэдэг.
“Энэ бол Боловсрол төвтэй улс төр” клубээс МУИС-ийн номын санд иргэдтэй уулзах үеэр болсон яриа. Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Баабар М.Энхсайхан гэх мэт улс төрийн хуучин кадрууд нийлж ийм нэртэй ТББ байгуулсан талаар сонссон л байх. Олон нийтийн сүлжээгээр зарим нь “Эрх барьж байхдаа иргэдээ боловсролтой болгохгүй яасан юм бэ. Та нар л ийм болгоо биз дээ” энэ тэр гээд шүүмжлээд эхэлсэн байна лээ.
Гэвч нийгмийн сэтгэлгээг өөрчилнө гэдэг тогтолцоог өөрчлөхөөс шал өөр зүйл. Хууль баталж, хүчээр шийдэж болдоггүй. Урт удаан хугацаа шаарддаг. Хорьдугаар зуунд монголчууд социалист үзэл суртлыг хүлээж авахын тулд 30 мянган лам нараа буудан алсан. Учир нь нийгэмд шинэ үзэл суртлыг хүлээн авахын тулд өмнөх нийгмийн суртлыг тээгчдийг устгах шаардлагатай болдог. Харин ардчилсан нийгэмд тийм боломжгүй гэдгийг бид мэднэ.
Тэгэхээр ганц найдлага, мэдлэгтэй цөөнх нь сохор олонхидөө хөтлөгдөхгүй гээр нийгмээ чирж явах. Мэдээж гараас нь хөтлөөд, чихнээс нь зулгаагаад, тархин дундуур нь татаад явна гэсэн үг биш. Нийгмийнхээ дунд нь бай, байнга хэлэлцэж, мэтгэлцэж бай, мэдлэг мэдээллээ аль болох олон хүнд түгээж бай л гэсэн үг.
Б.Заяа
Эх сурвалж:inews.mn