Caakmedee

Даншиг дарга нарт дарагдав уу, данс мөнгөнд хавчигдав уу?

  • Онцлох мэдээ / Нийтлэл
  • 2019/07/18
Монголын анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарыг шашны тэргүүнд өргөмжилж, үүнд зориулан 1639 онд “Халх долоон хошуу” наадам хийснээс даншиг буюу “Бат оршил өргөсөн” хэмээх энэхүү дэг жаяг уламжилсан гэж үздэг. Түүнээс хойш 300 гаруй жилийг дамжин ирсэн ч дундаа нэлээд их тасарч байсан Даншиг наадмыг сүүлийн дөрвөн жилд Хүй Долоон худагт Гандантэгчэнлин хийд Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран аялал жуулчлалын өдрүүд болгон өргөжүүлж, улмаар монголчуудын тусгаар тогтнол, өв соёлоо дээдлэн хүндэтгэх, дэлхийд Монголын түүх соёлыг түгээн дэлгэрүүлэх ёслол болгон тэмдэглэж ирсэн.
Түүх, шашин, соёлын биет болон биет бус хэлбэрийг өөртөө агуулсан Даншиг өргөх ёслолын хамгийн гол зүйл нь Хүрээ цам. Наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлал, Мандал өргөх, Их Очирваань шүтээний тахилга, язгуур урлагийн тоглолт, эрийн гурван наадам, жороо морины үзүүлбэр, аялал жуулчлал, шашин соёлын эд зүйлсийн үзэсгэлэн зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулдаг тул гадаад, дотоодын жуулчдын үзэх дуртай баяр болжээ.
“Даншиг наадам- Хүрээ цам 2019” шашин соёлын наадам ирэх сарын эхний долоо хоногийн амралтын өдөр болохоор товлосон байсан боловч нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан уг албанд томилогдохоосоо өмнө “Мянгахан жуулчинд зориулж Даншиг наадам зохион байгуулахад энэ жил хөрөнгө зарцуулахгүй” гэж хатуухан мэдэгдэж байсан. Энэ жилийн тухайд Даншиг наадам хийх эсэхийг нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ц.Мөнхбаатараас тодруулахад "Шийд хараахан гараагүй байна" гэлээ.
Одоо шийдээд ч оройтсон биз ээ. Учир нь тов нь тодорхойгүй, болох эсэх нь бүрхэг арга хэмжээ, эвентийг зорьж, төлөвлөж ирэх жуулчин гэж байхгүй байх. Жил бүр 21 аймгийн дацан хийдийн лам нар хуран чуулж, номын мэргэд ном хаялцаж, түүхэн уламжлал, шашин соёлоо гайхуулан гадаад дотоодын жуулчдын анхаарлыг татдаг Даншиг наадам дарга нарт дарагдав уу, данс мөнгөнд хавчигдав уу?
Бодлого боловсруулагчид “Аялал жуулчлалыг хөгжүүлнэ” гэж олон жил ярьж ирсэн. Дэлхийгээр дүүрэн аялан жуулчлагчид хэрэн хэсч байна. Тэднийг олох тийм ч хэцүү биш. Харин тэднийг урьж авчраад үзүүлж харуулах контент, эвент арга хэмжээ бараг алга. Бас тэдэнд үзүүлэх үйлчилгээний дэд бүтэц алга. Ийм үед үзэгч, хэрэглэгчээ олоод хэлбэршиж явсан контентийн нэг нь дэлхийд Монголоос өөр хаана ч олж үзэхгүй монгол цам, даншиг наадмын дэг ёс байлаа.
Өдгөө хотын дарга НИТХ-ын дарга байхдаа “Тэр наадамд төрийн албан хаагчид, хотын захиргааны ажилчид л гэр бүлээ хүчээр аваачиж, хэмхэрхий сандал дээр суулгана. Өөр зүйл байхгүй. Та нар арай жаахан өөр зүйл сэтгэ, шинэ зүйл хий. Би наадахыг чинь дэмжихгүй” хэмээн хэлж байлаа. Уг нь дарга ч бас өөрөөр сэтгэж болно шүү дээ.
Энэ арга хэмжээг улам бүр хөгжүү­лэх, үзэгч, жуулчид татах, ашиг орлоготой бол­гох нь бодлого тодорхойлогч даргын асуудал болохоос биш өв соёл тээж ирсэн Даншиг наадмын буруу биш билээ.
 
Даншигт 200 сая төгрөг зарцууллаа гэхэд 200 жуулчны үлдээсэн мөнгөтэй дүйнэ
 
Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Бямба­жаргалаас Даншиг наадмын түүхэн уламжлалын тухай тодруулсан юм.
-Даншиг наадмын түүхэн уламжлалын тухай ярина уу. Энэ наадмыг хийснээрээ улс орон, ард түмэнд ямар ямар ач тустай вэ?
-Манжийн хаанд даншиг өргөж дулдуйдаж байсан гэх хүмүүс их байдаг ч Манж Монголд орж ирэхээс өмнө Батмөнх Даян хааны хүү Гэсрэнз хун тайжид Даншиг өргөх буюу Бат оршил өргөж байжээ. Энэ нь төр нь бат, түмэн ард нь амгалан тайван байхын бэлгэдэлтэй.
-Наадмын үеэр үйлддэг зан үйлийн талаар тайлбарлана уу?
-Дэлхий дахин нэг үе шинэлэг зүйл сонирхдог байж байгаад үндэстний түүхэн уламжлалт зан үйл, ёс заншлыг илүүтэй чухалчилдаг болжээ. Даншгийн үеэр монголчуудыг дааж явдаг сахиус бурхан Очирвааниа тахиж Монголынхоо заяа буяныг даатгадаг. Цам харайх гэдэг бол цамын бүжиг харуулж буй мэт боловч Ганданд лам нар хурлаа хурж тарнийн нууц шидийг бүрэлдүүлж байдаг. Бурхдыг дайснаа дарж байгаа, амьтны тусыг үйлдэж буйг харуулсан бэлгэдэлтэй. Мөн түүнчлэн байт харваа, жороо морины үзүүлбэр зэрэг ард түмний дунд бүдгэрэн балрах дөхсөн эртний соёл уламжлалаа аль болох үзүүлэхийг зорьдог.
-Жил бүрийн Даншиг наадмыг гадаад улс орноос хэчнээн тооны жуулчин ирж үзэж сонирхож байсан бол?
-Наймдугаар сар гэдэг байгаль дэлхий, цагаан идээ, мал амьтан, жимс ногоо тэгширч боловсорсон үе байдаг. Энэ үеэр Даншиг наадмыг үзэхээр 2000-3000 жуулчин ирдэг гэсэн тоог Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас өгсөн. Нэг жилийн наадамд 200 сая төгрөг зарцууллаа гэхэд 200 жуулчны Монгол Улсад оруулж буй мөнгөтэй дүйнэ. Энэ мөнгө нэг бөхөд өгч байгаа машины л үнэ шүү дээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэрбумын өртөг зардал гарсан гэдэг бол ташаа ойлголт шүү. Аялал жуулчлалын байгууллагуудаас асууж тодруулж байгаа зүйл нь Даншиг наадам болох уу гэдэг асуулт. Жуулчид энэхүү наадмыг үзэхээр төлөвлөн ирдэг болжээ гэж харж байна.
-Гандантэгчэнлин хийдэд Нийслэлээс шийдтэй хариу өгсөн үү?
-Өгөөгүй. Бурхан шашны сүм хийдүүдийн зүгээс бид наадмаа зохион байгуулахад бэлэн, уг нь өдийд хөтөлбөр тов нь гарчихсан, бэлтгэл ажил нь эхэлчихсэн байдаг юм л даа.
-Нийслэлийн Засаг Даргын Тамгын газраас санхүүжүүлэх боломжгүй бол бурхан шашны байгууллагууд хамтраад зохион байгуулж болдоггүй юм болов уу?
-Тийм зүйл яригдаагүй байна.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу