Caakmedee

Боолчилсон нийгэмд борчуудаа дарлаж махлахыг эсэргүүцэж байна

  • Нийгэм
  • 2019/07/25
Авто замын түгжрэлийг бууруулах мэргэн санаа нь замыг гурван бүсчлэлд хувааж машинуудыг хэд ангилж явуулах талаар холбогдох албаныхан мэдээлэл хийсэн нь олон нийтийн эсэргүүцэлтэй тулгараад байна.
Тодруулбал, замын бүтцийг өөрчилж, гурван бүсчлэлд хувааж, өнгө үзэмж муутай, торгуультай, даатгалд ороогүй, жолооч нь олон удаа зам тээврийн осол хийсэн гэх мэт үзүүлэлтээр автомашиныг төв замаас “арчих” шийдвэр нь хэр зөв шийдвэр вэ. Зөв үү, буруу юу.
Ирэх сарын 15-наас эхлээд Цэцэг төвийн уулзвараас Багшийн төвийн уулзвар хүртэл А бүс, Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх уулзварыг В бүс, түүнээс гаднахыг С бүс хэмээн тооцжээ.
Хотын төв буюу А бүс рүү бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, торгуулиа төлөөгүй, даатгалд хамрагдаагүй, татвараа төлөөгүй, хугацаандаа үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгсэл оруулахгүй бөгөөд мөн өдөр бүр тэгш сондгой дугаар үйлчилнэ гэлээ. Хотын төвийн бүх зогсоолын төлбөрийг 8-15 мянга болгох бөгөөд ингэснээр түгжрэлийг бууруулж чадна гэж үзжээ.
Тэгэхээр нэг долоо хоногт машинтай хүмүүс нэг удаад нь 3 хоног, нэг долоо хоногт нь 4 өдөр хотын төв рүү орох юм байна. Өнөөдрийн үнийн өсөлттэй нийгэмд дуртайдаа машин барьж гадуур тэнэдэг хүн ховор биз дээ. Ажлаа амжуулж яваа хүмүүс машин унадаг. Машин хэрэглээ болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Наад зах нь өвчтэй зовлонтой аав ээж, ах дүүгээ машинаараа тээвэрлэж эмнэлэгт хүргэж, авахаас өгсүүлээд машины хэрэг байнга гарна. Гэтэл хотын бүсэд машинаа тавьчихаад нийтийн тээвэрт өвчтэй хүнээ суулгаад явж байх юмуу.
Бүгд ажил, амьдралын шаардлагаар машин барьж байгаа шүү. Хоёр болон түүнээс дээш машинтай болон төрийн номертэй машин унадаг хүмүүст энэ журам нь хүүхдийн тоглоом байж болно.
Жирийн иргэдийн хувьд арай хийж машин тэргээрээ үр хүүхдээ сургууль соёлд нь хүргэж, эмнэлэгээр орж яваа хүмүүсийн хувьд энэ чинь том асуудал болно.
Нийтийн тээврийн хүрэлцээ байхгүй, хэрэглээг дэмжиж дөнгөхгүйн байж автомашиныг хязгаарлах вэ. Ийм балай боолчилсон сэтгэлгээний эсрэг иргэд нэгдээд эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Яахаараа ийм тэнэг бүтэхгүй санаа олж, түүнийгээ хэрэгжүүлэх гэж дайрдаг юм бэ.
Энэ гаргаж байгаа шийдвэрийг нь харахаар Зайсангийн баячууд хотын А бүсийг эзлэж, тансаг зэрэглэлийн өнгө үзэмж сайтай тэгш сондгой дугаартай хоёр автомашинтай,торгуулиа өдөрт нь төлдөг, өдөр бүр зогсоолын 8-15 мянган төгрөг төлөх чадвартай баячууд хотын А бүсэд нэвтрэх эрхтэй болж гэж харагдахаар. Энэ шийдвэр нь баян ядуугийн ялгааг харуулж байна.
А-бүс-Баячуудын бүс 
В-Бүс - Дундаж орлогтой иргэдийн бүс 
С-Ядуусын бүс ингээд гурав хувааж байгаа юм байна.
Дээрх шийдвэрээ Дэлхийн жишигт нийцүүлнэ гэх юм. Монголд нэвтрүүлнэ гэх. Юу гэсэн үг юм бол.Олон улсын жишигт нийцсэн шаардлага тавихын тулд дэлхийн жишигт нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээгээ эхлээд үзүүлчихээд дараа нь автомашины явах замыг хязгаарла. Манайх шиг уур амьсгалтай оронд нийтийн тээвэргүй, машингүй бол өвөл хэцүүдэнэ.
Ялгаварлан гадуурхаад байгаа В, С бүс буюу Баянбүрд, 100 айл, Дарь-Эх, Дамба, Нарантуул, Хархорин зэрэг газруудаар л хамгийн их түгжрэлтэй байдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Төв замаа чөлөөлж, захын хороололыг машинаар хахаах ямар шаардлагатай юм бэ.
Хоёр машинтай дарга нари нь хотын төвдөө сэлгүүцэх боломж олгож харин ядарсан иргэд нь "түгжрэл дээрээ түгжрэл нэмж, зам дээрээ хоно оо" гэснээс ялгаагүй харгис шийдвэрийг чинь дэмжихгүй байна. Тиймээс тэнэглэлд хязгаар бий шүү.
Ард иргэдээ боолчилж, бүр нэг дарлах, дарамтлах аргаа олсон энэ балай шийдвэрээ эргээд нэг хараарай. Өнөөдөр нийгэм ямар билээ. Талх тарианы мөнгөө залгуулах гэж өдөр шөнөгүй таксинд явдаг хүмүүс өнгө үзэмж муутай гэсэн шалтгаанаар хотын төвөөр явах эрхгүй болох юмуу. Ядарсан ард иргэд болохоос задарсан биш юм. Ард иргэдийнхээ амьдралд нийцсэн шийдвэрийг гаргаж байхыг эрх баригч болон хотын удирдлагуудаас хүсье.
О.Гэрэл
Оллоо.mn 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу