Caakmedee

Цайны замын аялал жуулчлал: Монгол оролцох уу, орхигдох уу?

  • Нийтлэл
  • 2019/07/26
Монгол, Орос, Хятад гурван улсын “Цайны замын аялал жуулчлал” дөрөв дэх хуралдаан боллоо. Хятадууд эр бяраа харуулж, оросууд боломж хайж, монголчууд зүгээр л оролцов. 2016 оноос зохиогдсон хуралдаанаар гурван улсын Аялал жуулчлалын сайд нар ӨМӨЗО-ны Улаанцав хотноо уулзах байсан ч Монголын сайд очсонгүй. Хувьсгалын ажил (чухам хувьсгалын ажил нь энэ байлтай) ихтэй гэж хэлүүлсэн шиг билээ. 
Нэг брэнд-Гурван төрх
Монгол, Хятад, Орос гурав хил залгаа боловч хэл амаа ололцох нь ч бий, зөрөх нь ч бий. Түүхийн хувьд хэн хэндээ хэрэг болсон нь ч байна, гай тарьсан нь ч байна. Харин “Цайны зам” 200 зуу орчим жил гурван улсын чадамж, чансаанд нь тохирсон хаялгаа харамгүй хайрласан түүхтэй. Ази, Европыг холбож асан худалдааны замыг шинэчлэн сэргээж гурван улс дундаа нэг аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнтэй болоод дэлхийн зах зээл дээр өрсөлдөх сайхан санаа одоогоор олигтой урагшилсангүй. Хятадын тал Орос манай хоёртой харьцуулшгүй хөрөнгө хаясаар ирсэн.
Оросууд Хятадын мөнгөөр өөдтэйхөн сурталчилгаа хийлгэж дэлхийг даллах, ядахдаа хятад жуулчин ахиухан татах тактик бариад байх шиг санагддаг. Бидний монголчууд шар толгойтой бол “жуулчин”, хар толгойтой бол “харийн хүн” гэдэг үзэлтэйгээ зууралдсаар суугаа. Юун “Цайны зам”. Дөрөв дэхээ болж буй энэ хуралдаанд Монголын сайд ганц удаа, Улаанбаатарт зохиогдоход л оролцсон байдаг. Тэгэх мөртөө нэгээс нөгөөд нь дамжуулсан буухиа шиг “сая жуулчин” гэдэг салбархай тугтай. Дараагийн сайд нь ч тосож аваад салбагнуулах биз.
Гурван дарга-Нэг асуудал
Гурван улсыг тэргүүлж ирсэн дарга нар хуралдааныг нээж үг хэллээ. Хятад, Оросын тал болж өнгөрсөн ШХАБ-ын уулзалтыг тохирсон мэт онцлон дурдав. Манай гурван улсын тэргүүн тэнд тав дахиа уулзсан юм байна. БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Лоу Шуган гурвын улсын харилцан аялсан жуулчны тоо өнгөрсөн онд уржнангийнхаас бага боловч өссөнийг хэлээд “Аюулгүй байдлыг хангах нь хамгийн чухал. Аюулгүй байдлын баталгаа гаргах хэрэгтэй” гэв. Хятад жуулчид Орос, Монголд аялахад учирдаг гол бэрхшээл нь энэ гэж ойлгогдсон. Гэхдээ байдал харьцангуй дээрдэх төвөл орсон гэж сайд ярилаа. ОХУ-ын Холбооны аялал жуулчлалын агентлагийн орлогч дарга А.А.Конюшков өөрийн ээлжин дээрээ хоёр хөрш нь Орост хамгийн ихээр жуулчилдаг эхний 10 орны тоонд ордог гээд “Орос, Хятад хоёр хил орчмын нутгаараа групп жуулчдыг визгүй нэвтрүүлж эхэлснээ дуулгав.
Хятадын хувьд тэрбум хол давчихсан хүн амдаа гадаад паспорт өгөхөд хүндрэлтэй ч аялах хүсэлтэй иргэдээ хилийн дээс алхуулах боломжийн арга нь энэ юм билээ. Мөнгө нь хатгаад тогтож суухаа больсон хятадуудын зоосыг Орос түүгээд эхэлжээ. Монголыг тэргүүлж оролцсон БОАЖЯ-ны Төрийн нарийн Ц.Цэнгэлийн үгээс “Ноднин Хятадын 168 000, Оросын 125 000 жуулчин Монголд ирсэн. Монголоос Хятад руу 1.2 сая хүн аялсан” гэдэг тооноос өөр сонирхолтой зүйл сонссонгүй. Монголын тал асуудал, шийдэл биш хуурай тоо л хэлээд өнгөрөв. Монголчуудын оролцоо цааш яг ийм маягаараа явсан.
Нэг сэдэв-Олон илтгэл
Хуралдааны хоёрдугаар хэсэг судлаач, эрдэмтдийн илтгэлээр үргэлжлэв. Нутагт нь болж байгаа хойно Хятадаас хоёр; харин Орос, Монголоос нэжгээд эрдэмтэн индэрт гарсан. МГУ-ийн Газарзүй, аялал жуулчлалын тэнхимийн доцент Т.М.Валькова “Гурван улс аялал жуулчлалын нэг стандарт нэвтрүүлнэ гэж олон жил ярьж байгаа боловч өнөө хэр нэг мөр болоогүй” л байгааг сануулан шүүмжлэв. Нэг бүтээгдэхүүнээ борлуулахын тулд гурван улс нэг баримжаатай болох нь зүй. Мөн “авто аялалд анхаарал хандуулах шаардлагатай” гэсэн юм. Хуралдааны үеэр Хятад, Монгол, Оросын тамирчид оролцсон авто раллигийн нээлт болсныг ташрамд дуулгая. Фуданий их сургуулийн Биет бус өв, соёл судлалын профессор Ду Шаофан “Торгоны зам бол материаллаг бус соёлын өв. Энэ бол зүгээр нэг маршрут биш. Цайны зам дагуух соёлын үнэт өвөө тодруулж ЮНЕСКО-д бүртгүүлэх нь нэн чухал.
Цайны замын дагуух соёлын үнэт өвийн хоёр хувь л нь ЮНЕСКО-д бүртгэлтэй. Дэлхий дахинд энэ зам дагуух соёлын өвөө таниулах ажлыг хамтран хийх хэрэгтэй” гэж ярилаа. Үнэхээр ч жуулчин ихээр татдаг Европт “Дэлхийн соёлын өв”-ийн ихэнх “бий”. Жуулчид түүнийг л зорьдог. Тиймээс гурван улс Ду Шаофан профессорын үгийг ажил болгууштай. Монголын талаас Чингис хаан их сургуулийн зөвлөх профессор, түүхч, судлаач О.Сүхбаатар гуай “Цайны замын түүх” ярив. “Эзэнт гүрэн байсан улсын иргэдийн толгой урагшаа биш, хойшоо харчихсан байдаг” гэж У.Черчилль үнэн хэлжээ. Индэрт гарсан дарааллаараа хамгийн сүүлд илтгэл тавьсан Ду Шаофан “Гурван улс Цайны замынхаа талаар харилцан адилгүй ойлголттой байна” гэсэн нь бидэнд хаягласан үг болов уу. Бүх илтгэлийг сонсоод дуусахад “Цайны замаас Орос, Хятадын худалдаачид далай шиг их ашиг хийсэн, бид тээвэрлэгч төдий байсан. Одоо ч бас тэр хэвээрээ үлдэх нь” гэдэг халаглал төрж билээ. 
Нэг асуудал-Нэг шийдэл
“Цайны замын аялал жуулчлал”-ыг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд гурван улсын иргэд бие биедээ ирж очдог жим гаргах учиртай. Ингэж гаргасан замаар дэлхийн бусад жуулчин ирнэ. Тиймээс “хил орчмын аялал жуулчлал” гэдгийг Хятадын талаас зүтгүүлдэг. Оростой тэд учраа олоод эхэлж байгаа бололтой. Харин Монгол хаалга үүдээ дангинатал түгжээд, салхивчаа үл ялиг нээсэн байдалтай. Жилд хэдэн арван саяараа ядуурлаас гарч байгаа хятадууд дэлхийгээр хэсэж мөнгөө цацаж яваа. Улс орнууд тэднийг дуудах, татах гэж хүч хаяж буй. Гэтэл бид “Монгол ялна” гэдэнг дуулианаар “хил орчмын аялал жуулчлал”-аа хаачихаад өдий хүрлээ. БОАЖЯ, сүүлийн хоёр ч сайд нь урьд жирийн явж байсан “хил орчмын аялал жуулчлал”-ыг сэргээнэ гэж найддаг ч асуудал Гадаад яаман дээр очоод таг гацсан хэвээр. Бээжин, Хөх хот, Эрээнд суугаа Монголын консулууд виз олгохдоо авдаг хахуульд зоолсоор өдий хүрлээ. Германд суугаа Монголын дипломатууд хар тамхи зөөдөг бол Хятадад суугаа нь виз дамладаг.
Үүнийг Гадаад яамны сайд Д.Цогтбаатар мэдэхийн цаагуур мэдэх биз. Гэвч зочин ирэхээр нохойгоо сул тавьчихаад тотгоороо шагайж “Ор ор” гэж марзагнадаг маягаа хаясангүй. Хятадаас Монголыг сонирхож байгаа жуулчдын дийлэнх нь өвөр монгол, дээд монголчууд. Нэг үхрээ 10 мянган юаниар зардаг малчид Монголд мөнгөө үрэх л гэж ирдэг. Ноднин 45 хүнтэй Өвөр Монголын групп аялагчид таван өдөрт 200 мянган юань үрснийг батлах хөтөч бий. Гэтэл энэ мөнгөн урсгалыг виз тутмаас 150-200 юаний хахууль хардаг Гадаад яамны түшмэл таг хаагаад сууж байгаа. Ер нь асуудал биднээс, манай төрөөс, төрийн ажилтнуудаас л шалтгаалдаг. Ухаан нь, монголчууд Эрээнийг хөгжүүлсэн гэж ярих дуртай. Үнэн, хөгжүүлсэн. Жилдээ сая гаран монгол Хятадыг зорьж байгаагийн дийлэнх нь Эрээнээр дайрдаг. Тэд Эрээнд мөнгө үлдээдэг. Харин хятадуудаас айгаад хил алхуулдаггүй болохоор Замын Үүд элсний нүүдлээс өөр нэмэгдсэн зүйлгүй гучин жилийг үдлээ.
Нэг төгсгөл-Идэр жинчин
“Цайны зам”-ын ид цэцэглэлтээр монголчууд нийслэл шиг нийслэлтэй, шинэ мэргэжилтэй, нэмэлт орлоготой, нэмэрт нь “Идэр жинчин” дуутай болсон. Гурван зуун жилийн өмнө бид хууль журмаараа зохицуулаад “Цайны зам”-аас авахаа авсан. Харин өнөөдөр хаягдах л царайтай. “Цайны замын аялал жуулчлал” Монголтой, Монголгүй цаашаа явах нь гэдэг бодол хар аяндаа төрсөн. Өвөр Монголын Өөртөө Засах Орон гэж Дэлхийн соёлын өвд нүүдэлчин ахуйн хэд хэдэн зүйлийг бүртгүүлчихсэн жинхэнэ монгол ард түмэн байхад хаалгаа түгжээд мөнгө нэхээд суучихдаг эргүү Монголоор ер нь яах ч билээ. Хэлээд хэлээд ойлгохгүй бол хэн ч дахиж биднийг гуйхгүй. Монгол өнөөх л хэдэн зуун жилийн өмнөх шигээ дамжин өнгөрдөг эзгүй тал хэвээрээ үлдэнэ. ШХАБ гэж байхаар “Цайны замын аялал жуулчлал”-аа яривал хэн хэндээ хал балгүй билээ. “Цайны замын аялал жуулчлал” гурван орны сайд нарын тав дахь уулзалт ОХУ-д товлогдсон. Тэнд бид юу ярих, яаж оролцохоо эртхэн ярихсан...

Идэр жинчин бид
Эрэмгий чадлаа гаргаж
Ингээд аяны замаар
Эрх тааваараа туулаад
Энэ орны ардыг
Эд бараагаар хангацгаая...

Д.Батбаяр
Эх сурвалж: baabar.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу