Аялал жуулчлалын улирал ид дундаа байна. Монгол Улсад жилд 600 мянган виз бий. Үүнээс 120 мянга нь жуулчны виз. Үүний 40 мянга нь урд хөршийнхөн. 40 мянга нь БНСУ-ын иргэд. Үлдсэн 40 мянга нь манай улстай харилцаатай 40-50 орны виз. Тэгэхээр нэг улсаас 1000 хүрэхгүй жуулчин ирж байгаа юм. Энэ бол үнэндээ аймшиг. Монгол Улсыг дэлхийд хэн ч мэдэхгүй байна гэсэн үг. БНСУ, Япон, Турк гэсэн гурван орон руу л манайх шууд нислэгтэй. Ухаандаа гуравдагч хөршийн орнууд руу. Өөр хаашаа шууд нисэж байгаа юм. Бид хоёр том гүрний дунд тусгаарлагдсан хэвээр байгаа үнэнтэй эвлэрэх ёстой.
Эх орноо, элгэн саднаа, эцэг өвгөдөө доош нь хийж байгаа юм биш. Монгол орныхоо мууг дуудах гээд байгаа юм биш. Зүгээр л дэлхийд Монголоо арай өөрөөр таниулах цаг нэгэнт болжээ гэдгийг хэлэх гэсэн юм. Дэлхий нийтээрээ мэддэг, дэлхийн мэдээллийн сувгуудын овоо хараанд байдаг нэг ч монгол хүн алга. Чин үнэнийг хэлье, Чингис хааныг маань орчин үеийн дэлхий мэддэггүй юмаа. Манай олимпийн аваргуудыг нэг ч хүн таньдаггүй юм. Уудам тал нутаг, зах хязгааргүй говь хээр, уртын дуу, морин хуур, наадам... ерөөсөө мэддэггүй юм. Мэддэг болох арга бол монгол гэсэн тодотголтой дэлхийн “од”-ыг бэлдэх, бий болгох. Эсвэл дэлхийн одуудын анхаарлыг Монгол руу хандуулах, эх орондоо авчрах, тэдэнд долигонож, байдгаа барих нь чухал боллоо. Тэднийг дагаад дэлхийн хэдэн зуун сая хүн явж байдаг юм. Монголын төр засаг аялал жуулчлалд, эх орноо гадаадад сурталчлахад чамгүй хөрөнгө зарж байна. Тэр хөрөнгийг “од” бий болгох, “од”-уудыг авчрах, ийм хоёр зүйлд зарцуулъя. Тэгж гэмээнэ хүссэн хүсээгүй дэлхийн жуулчид монголчуудын ямар ч оролцоогүйгээр хүрээд ирнэ. Тийм урсгал нээгдсэн үед нислэгийн тийз, жуулчдын ая тухтай орчин... гэх мэт нь бүгдээрээ жижиг асуудлууд болно.
Жишээ нь бид үнэхээр алсыг хардаг байсан бол ерэн он дөнгөж гарангуут Хэнтий аймгийн Бэрхийн уурхайн хажууд сэрийж сарайгаад хэвтэж байсан Хятадын Батлан хамгаалахын сайд Лин Бяогийн эхнэртэйгээ хамт зугтаж яваад сүйрсэн онгоцны сэгийг тэр хэвээр нь хадгалаад, ямар нэг хэлбэрээр, ая данг нь олж тохижуулаад, хятадуудад зориулсан үзмэр болгочих байлаа. Тэгж чадсан бол өнөөдөр Монгол Улс урд хөршөөс дор хаяж 20 сая жуулчин хүлээгээд авчихсан, энэ тоо жилээс жилд өсөж, чинээлэг хятадуудын мөнгийг сааж суух байлаа. Учир нь Лин Бяо нь тухайн үедээ Хятадын хоёрдугаар хүн, Мао Зэдуныг залгамжлагч гэгдэж байсан юм. Тийм болохоор хятад хүн бүр түүний онгоцны сүйрлийг сонирхдог.Дорнод аймгийн хил гааль ерэн оны эхээр Манжуураар хамгийн түрүүнд нээгдэж хөршүүд орж ирсэн. Ирсэн хятад бүхэн ажлаа амжуулаад ганцхан зүйл хүсдэг байсан нь Лин Бяогийн сүйрсэн онгоцны сэг дээр очъё гэсэн хүсэлттэй. Тэр нь Дорнодоос 300 гаруй км, шороон замаар, түүнийг огт тоохгүйгээр цувцгааж байсан. Үүнийг тухайн үеийн дорнодчууд бүгд мэднэ. Ирэхэд нь хээр талд онгоцны сэг төмөр нь л байдаг. Баахан зураг дарж шуугилдаж байгаад буцдаг байлаа. Гэтэл төд удалгүй хаягдал төмөр хятад руу гаргаж эхэлсэн. Нэг өглөө харах нь ээ, өнөө онгоцны сэг төмрүүдийг цэмбийтэл ачаад явчихсан байдаг. Ингээд дэлхийн тэрбум хүний анхаарлыг онцгой ихээр татаж байсан үзмэр байхгүй болсон доо.
Ерэн оны дундуур дэлхий мэдэхгүй Монгол Улсад Холливүүдийн жүжигчин Жулиа Робертс ирж Төв аймгийн малчин Ц.Хэнмэдэх гуайнд сар орчим амьдарч баримтат кино хийж баруунд цацсан. Үнэнийг л хэлье, өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын тухай энэ баримтат кино шиг дэлхийд Монгол Улсыг таниулсан, хэдэн зуун сая хүн үзэж танилцсан сурталчилгаа байхгүй. Өнөөдөр ч гараагүй л байна. Ядаж л Монголд сэм сэмхэн ирж буцаад байгаа Стивен Сигалыг Монголын пиарчид яагаад ашиглаж чадахгүй байгаа юм бэ. Эхнэр Эрдэнэтуяа нь эх орноо гэсэн сэтгэлтэй, жинхэнэ монгол эмэгтэй л байна лээ шүү дээ. Дэлхийн аль ч улсын, ямар ч нэр төртэй эрчүүд эхнэрийнхээ үгнээс гардаггүй байлгүй дээ, монгол эрчүүд шиг.
Европт Монголыг сурталчлах өдрүүд гэж төр засаг, яам тамгын том бүрэлдэхүүн оролцсон, том төсөвтэй, баахан дуучид, жүжигчид, загвар өмсөгчид... өөр юу юу ч оролцдог билээ, олон зуун хүн онгоц хөлслөн, тив дамнан очдог арга хэмжээ байна. Бараг уламжлалт байх шүү. Үнэхээр европчууд тэнд нь цуглаад, бөөн юм болж байдаг гээд бодохоор их инээдтэй. Европт амьдардаг монголчууд тэндээс авсан эхнэр юм уу, нөхрөө, тэднийхээ хамаатан саднуудыг, за тэгээд Монголын Элчин сайдын яамдынхан найз нөхдөө дуудчихсан байдаг. Тэр сүртэй арга хэмжээнд нь Европ тивийн улс орны иргэдийн хэн нь сайн дураараа ирсэн нь байдаггүй. Манайхан болохоор Европт гудамжны нохой нь Монголыг мэдэхээр боллоо гэсэн юм ярьсаар эх орондоо ирдэг. Эхэнд бичсэн статистикаар бол Европоос жилд мянган жуулчин ирдэг юм уу.
Спорт бол хүн төрөлхтний талаас илүү хувь нь байнга сонирхож байдаг агуу сэдэв. Тэгвэл тэр Криштиану Роналдуг, Усэйн Болт, Майкл Жордан, Майк Тайсон... ер нь дэлхий мэддэг л бол хэн ч байсан яадаг юм, дэлхий тэр чигээрээ ууж идэх, унтаж хэвтэхийг нь хүртэл цаг үргэлж харж тандаж байдаг “од”-уудыг Монголд урьж авчраад долоо хоног байлгая. Түүнийг нь дэлхий рүү “Монголд” гэсэн автортой цацъя. Дэлхийн мэдээллийн бүх сувгууд шүүрээд авна. Ямар ч үр дүн гардаггүй Монголыг сурталчлах өдөрлөгт зарцуулсан мөнгөний чинь, ямар ч үр дүн гардаггүй аялал жуулчлалын яаманд зориулж буй төсвийн чинь өчүүхэн хувь нь л үүнд зориулагдана. Эдгээр хүмүүс нэг бүрт их удахдаа гурван сая ам.доллар л зарцуулагдана. Таван тэрбум хүн тэдгээр “од”-уудын монгол малчны гэрт айраг ууж суугааг үзнэ. Монголд очих сэдэл таван сая хүнд нь төрнө. Ядахдаа ингэж харахгүй бол манай аялал жуулчлалын салбар явахгүй юм байна. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гэсэн гурван үндсэн салбарт тулгуурлан эдийн засаг хөгжинө гээд байгаа биз дээ.
Монгол гэдэг нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах, Монгол руу ирэх сэдлийг дэлхийн жуулчдад төрүүлэх бүх л боломж бололцоог эрж олон, хийж хэрэгжүүье. Хийх хүн арга аа олдог, хийхгүй хүн шалтагаа олдог гэдэг шиг жуулчдыг сая саяар нь авчрах боломж байна, даанч онгоцны тийзний үнэ өндөр, нислэг цөөхөн, ирлээ ч аятайхан бие засуулчих жорлон ч алга гэх шиг... юм ярихаа боль. Усэйн Болтыг дэлхийн “од” болсноос хойш ядуу африкчуудаас бүрдсэн,өчүүхэн жижиг арал улс Ямайкт жилд 10 сая жуулчин очоод байгааг та бүгд уншсан л биз дээ. Ямайкт тэгээд гоё онгоцууд өдөр шөнөгүй жуулчин зөөгөөд, өндөр зэрэглэлийн зочид буудлууд сүндэрлэж байдаг гэж бодож байна уу. Манайх шиг модон жорлон ч байхгүй газар. Өнөө айхавтар өт хорхой, могой шавьжнаас нь жуулчид байтугай нутгийн иргэд мөнхөд айж болгоомжилж байдаг газар. Дэлхийн сая сая жуулчин тэгээд юунд нь болоод тийшээ цуваад байгаа юм. Зөвхөн Усэйн Болт гэсэн брэндийн төрж өссөн, ажиллаж амьдардаг газар орныг үзэх гэж л тэр. Аялал жуулчлал гэдэг аль ч утгаараа ямар нэг брэндийг дагаж хөгждөг байна. Тэгвэл Монголд дэлхийг дэлдийлгэх, дэлхийн жуулчдыг хэдэн саяар нь татах юу ч алга...
П.Хашчулуун
Эх сурвалж: baabar.mn