Caakmedee

Малаа ч экспортолъё, нөөцөө ч үнэгүй бэлдье

  • Нийтлэл
  • 2019/08/01
Монголчуудын ашиг орлого, төгрөг мөнгө олдог ганц салбар бол мал аж ахуй. 60 гаруй сая малтай хэрнээ хэрэглээний махны үнэ нь жил ирэх тусам улам нэмэгдсээр байдаг манай орны хувьд мал, махтай холбоотой асуудал эмзэг, чухал сэдэв. Энэ хавар л гэхэд нэг кг үхрийн мах 15000 төгрөг хүрч олныг цочроов. Гэхдээ энэ малчдын буруу биш.
Ноос, ноолуур, мал, махны худалдаа, цаашлаад малчдын эрх ашиг гээд яривал их юм бий. Уг нь малчдаа дэмжээд өгчихвөл мал аж ахуй сэвхийгээд л босоод ирэх салбар. Энэ салбар өндийчихвөл наад зах нь махны үнэ буурч, нийт монголчууд амьжиргаандаа тохирсон хэрэглээтэй болоод явчих гээд байдаг.
Мал амьдаар нь экспортлох тухай асуудал сая нэг хэсэг олны анхаарлын төвд орж, малчид “Амьжиргаа дээшлэх нь” гэж олзуурхаж байв. Засгийн газраас малыг амьдаар экспортлохтой холбоотой гурван удаагийн тогтоол батлаад байгаа юм. Тодруулбал, 2017 онд 142, 284, 2018 оны 318 дугаар тогтоол баталж, малыг амьдаар нь экспортлохтой холбоотой хорио цээрийн бүс байгуулах, Монгол, Хятадын мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагуудын хамтын ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбоотой шийдвэр гаргаж байлаа. Хамгийн сүүлд нь батлагдсан Засгийн газрын 318 дугаар тогтоолд үржлийн бус бог мал буюу нөөцийн 20 хүрэхгүй хувийг амьдаар гаргана гэж тусгаад байгаа юм. Харамсалтай нь сошиалд идэвхтэй цөөхөн хүний ямар ч үндэслэлгүй эсэргүүцлээс болж мал экспортлох том төслийн ажил зогсонги байдалд орчихлоо.
Энэ төсөл ажил болбол нөөцийн махаа төрөөс мөнгө төгрөгийн дэм хүсэлгүйгээр бэлдээд авах боломж байна. Нөөцийн махтай бол нийслэлчүүд жил бүрийн хавар үнэтэй мах авах гэж халаасаа сэгсрэхгүй. Мал, махны экспорт амжилттай хийгдээд байвал хотынхон жилийн турш хямд мах хэрэглэх боломжтой.
Ингэхдээ нөөцийн мах бэлтгэх асуудлыг төр засагт дарамтгүйгээр зөвхөн экспортлогчдод даалган, хоёр ч аргаар шийдэх гарц байна.
ЭХНИЙ ШИЙДЭЛ:
Төр мах боловсруулж экспортолдог болон үржлийн бус бог мал амьдаар нь экспортолдог компаниудаас татвараа авдгаараа авч нэмээд экспортолж буй махны килограмм тутамд нь хураамж тавих гарц бий.
Ингэхдээ мах боловсруулж экспортолдог компаниудын нэг кг мах тутмаас 250 төгрөгийн хураамж авъя.
Харин үржлийн бус бог мал экспортлохдоо амьдын жингийн нэг кг тутамд 5000 төгрөгийн хураамж тавчихъя.
Монгол Улс өнгөрсөн жил 72 мянган тонн боловсруулсан мах экспортолсон. Нэг кг-ыг нь 250 төгрөгөөр тооцож хураамж авлаа гэж бодоход 18 тэрбум төгрөг цугларна. Харин гурван сая бог мал экспортоллоо гэж үзвэл 15 тэрбум төгрөг болж байна.
Экспортлогчдоос олсон эдгээр нэмэлт эх үүсвэр болох 32 тэрбум төгрөгөөр нийт 7000 тонн нөөцийн мах бэлтгэх боломжтой.
Манай улс уржнан жил 8000 тонн нөөцийн мах бэлдэж байсан статистик бий. Тухайн үед нөөцийн мах илүү гарсан учраас өнгөрсөн онд 4000 тонныг бэлдэж байв. Гэвч бэлдсэн 4000 тонн мах нь хаанаа ч хүрэлгүй дуусч, хомсдол үүсгэн, махны үнэ хаданд гарсан юм.
Тэгэхээр манай улсын нөөцийн махыг дунджаар 6000-7000 тонн гээд тооцчихвол нийслэлчүүд лав л жилдээ үнэтэй мах идэх нь гэж санаа зоволтгүй болно. Дахин хэлэхэд өмнө онцолсон хураамжийн мөнгөөр бүтэн жил хэрэглэх махаа хангалттай нөөцлөөд үнийн өсөлт гэсэн зовлонгүй амьдрах боломж харагдаад байна.
ХОЁР ДАХЬ ШИЙДЭЛ: Үржлийн бус бог мал экспортлохдоо нийт малын 10 хувьд нь нөөцийн мах бэлтгэх үүрэг өгчих хэрэгтэй. Тодруулбал, жилд гурван сая бог мал экспортолно гэж тооцвол 300 мянган малыг нь нөөцийн махны хэрэглээнд зориулж бэлтгэх боломж үүснэ.
Ингэвэл нийслэлчүүдэд бүр ч хожоотой. Учир нь олон улсын стандартын шаардлага хангасан хорио цээрийн бүсэд 45 хоног зориулалтын тэжээлээр тэжээгдэж, эрүүлжсэн малын махыг 2000-3000 мянган төгрөгөөр худалдан авах боломж бүрдэх юм.
Ер нь төр ухаалаг менежерийн үүргийг л гүйцэтгэх учиртай. Сая хэлсэн хоёр зохицуулалтыг хийгээд эрүүл, цэвэр хадгалах агуулах саваа бэлдчихэд л иргэдээ хямд махаар жилийн турш хангадаг болчихно.
Эцсийн бүлэгтээ малыг амьдаар нь экспортлох шийдвэр мал аж ахуйн салбарт сүүлийн жилүүдэд хийгдээгүй хамгийн зөв, ашигтай шийдэл гэдгийг хүн бүр хэлж байгаа. Мал мах, ноос ноолуурын үнэ жил жилийн хавар, намарт шалдаа буутал унадаг, малчин хүний бүтэн жилийн хөдөлмөр юу ч үгүй үрэгддэг нь өнөөгийн бодит байдал. Дахин хэлэхэд мал аж ахуй бол монголчуудын амьжиргааны эх үүсвэр байсаар ирсэн уламжлалт аж ахуй. Тэр утгаараа төр засгийнхны анхаарахаас аргагүй өнцөг.
Эцэст нь онцлоход сонгуулийн насны нийт хүн амын 40 хувийг малчид эзэлдэг гэсэн статистик бий. Малчид тойргоосоо сонгогдсон гишүүнээ “Бидний амьдралд хэрэгтэй ямар шийдвэр санаачилж, батлах нь вэ” гэж нүд салгалгүй анхааралтай ажиглаж суудаг хэсэг.
Товчхондоо, сонгогчдын хамгийн идэвхтэй хэсэг болох малчдын хувьд ахуй амьдралд нь нэмэртэй шийдвэр гаргасан хүмүүсийг л дараагийн УИХ-д сонгох нь гарцаагүй үнэн.

Ц.Билиг
Эх сурвалж: Өдрийн сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу