Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирсэн. Түүний айлчлалд олон талын дүгнэлт өгч байна. Хамгийн ихээр анхаарал татаж буй асуудал нь АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай хийсэн уулзалт байлаа.
Учир нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсоныхоо дараахан оффшорын асуудлыг сөхөж, үе үеийн эрх мэдэлтнүүдийн гадаад дахь хөрөнгийг олон нийтэд ил болгож, оффшор дансан дахь хөрөнгөө эх орондоо авч ирвэл “өршөөнө” хэмээн хугацаа хүртэл зааж байсан. Гэвчтэр асуудал тийм ч их үр дүнд хүрээгүй. Харин “би явж байна, Бээжин сууж байна” гэгчээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бусад асуудал ч ил болж байна.
Мэдээж 2 улсын Ерөнхийлөгч уулзмагцаа бүх асуудлыг шууд тохирчихно гэж үгүй. Тиймээс ч түүний энэ удаагийн айлчлалын үеэр яригдсан оффшорын асуудал нэлээд нааштай шийдэгдэх хэмжээнд хүрсэн учраас өөрийн биеэр очсон болов уу гэх таамаглал бий.
Өнгөрсөн жил буюу 2018 оны 3-р сард Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр хүсэлтийг АНУ-ын ерөнхийлөгч Д.Трампад уламжлахаар тус улсыг зорьсон. Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-ын төрийн тэргүүнээс Монголд үйлдвэрлэсэн оёмол сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу татваргүй квотгүй оруулах болон оффшор дансыг ил болгох, мөнгийг буцааж авчрах гэсэн хоёр асуудлаар туслалцаа хүссэн байдаг. Мөн Тамгын газрын дарга З.Энхболд Конгресс дээр тодорхой уулзалтууд хийж, Монголд үйлдвэрлэсэн оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг АНУ руу оруулах талаар ярилцсан тухайгаа мэдэгдэж байв.
Харин энэ удаа айлчлалын үеэр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр манай улсын Ерөнхийлөгчтэй уулзан “АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ”хэмээжээ.
Тэгэхээр өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хэлж байсанчлан “АНУ хоёр гараа өргөөд дэмжиж байна. “Бид гадаадын диктаторууд, авлига, оффшорын мөнгийг хадгалдаг, хууль бус зүйлсийг өөгшүүлдэг улс биш. Манай улсад үл хөдлөх хөрөнгө авч байгаа бол хаанаас олсон орлогоо мэдүүлдэг ёстой. Бид хуулиа барина” гэсэн” гэдэг нь биелэлээ олж байгаа бололтой.
Х.Маргад
Эх сурвалж: erennews.mn