Caakmedee

“Сентеррагоулд”-ын гомдлыг хэлэлцэх ШҮҮХ ХУРАЛ хойшиллоо

  • Онцлох мэдээ / Мэдээ мэдээлэл
  • 2019/08/06

Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2019.08.06/ “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч хойшиллоо.
Хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийг давж заалдсан юм.  
Сануулахад,  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм.
Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд, шийдвэрийг ТББ-ын талд гаргасан. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Тэгвэл гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий талд гарсан юм.  Харин хариуцагч тал 14 хоногийн дотор буюу  гуравдугаар сарын 19-нд багтаж давж заалдсан.
 

Тэгвэл өнөөдөр /2019.08.06/ товлогдсон шүүх хурал хойшлогдсон шалтгаан нь Засгийн газрын төлөөлөгчийн харшил хөдөлсөнтэй холбоотой гэсэн мэдээллийг гишүүн асан Г.Уянга өгч байна.
“Сентеррагоулд Монголия” ХХК өөрийн эзэмшилд байсан лицензүүдээ, төслүүдээ OZD ASIA PTE  компанид худалдсан гэж мэдээлснээс хойш арван сар болж байгаа. Тэгэхээр энэ оны гуравдугаар сард гарсан шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлыг  “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн зүгээс гаргасан  анхаарал татаж буй. Нэг талаас "Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлд дурдагдсан лицензүүдийг OZD ASIA PTE компанид худалдчихсан нь хууль зөрчсөн асуудал болж харагдаж буй.
Хэрэв  “Сентеррагоулд Монголия” ХХК нь OZD ASIA PTE  компанитай хийсэн наймаагаа  өөрийн зөв гэж үзэж буй бол шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх тэдэнд байх уу гэдэг асуудал дагаж яригдах ёстой юм. 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу