Caakmedee

Яаралтай тусламжийг яаралтай үзүүлдэг болъё

  • Нийтлэл
  • 2018/12/07
Манай улсын Эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал хүндхэн байна. Яагаад гэхээр өнгөрсөн даваа гаригийн 23 цагийн орчимд Эх нялхсын эрүүл мэндийн төвийн Хүүхдийн эмнэлэгт Жирэмсэн эхийг хүлээн аваагүйгээс үүдэн гадаа төрөхөд хүрсэн юм. Бид улс төр гэж хэрүүл хийж, нэхий дээлээ уралцан байх хооронд ийн зүйл тохиожээ. Хамгийн эмзэглүүштэй нь манай улсын хүүхэд хамгааллын асуудал үнэхээр доройтжээ. Ганц дээрх эх ч эмнэлгийн гаднаас ингэж хөөгддөг юм биш. Олон мянган жирэмсэн эхчүүд харьяалал биш гэх шалтгаанаар эмнэлэг хэсүүчлэн явдаг.
Эмнэлгийн байгууллагынхны хүнд суртал ч хэрээс хэтэрсэн аж. Уг нь хүний эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн улс шүү дээ. Өвчтөнөө ялгаварлан харьцана гэж тангараг өргөөгүй л болов уу. Бүгд ийм биш ч дийлэнх нь гэж хэлье.
Төрөх байгууллага ингэтлээ дордсон байхад салбарын сайд Д.Сарангэрэл юу хийж байв. Энэ асуудалд анхаарахгүй юу хийж явав гэх бухимдал цахим сүлжээгээр их байна.
Энэ талаар салбарын сайд мэдээлэл хийхдээ “ЭХЭМҮТөвийн хүүхдийн тасагт ирсэн жирэмсэн эмэгтэйг төрөх тасаг руу явахыг угтах үйлчилгээний ажилтан зөвлөснөөр замдаа гадаа төрж ,эмч мэргэжилтнүүд шуурхай арга хэмжээ авсны үр дүнд эх хүүхэд эсэн мэнд, биеийн байдал тогтвортой байна. Гэхдээ харанхуй шөнө, хүйтэнд гадаа төрөхөд хүргэсэн буруутай хүмүүст хариуцлага тооцно. Эх хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулахын зэрэгцээ хүн ардынхаа эрүүл энхийн төлөө цаг наргүй зүтгэдэг эмч мэргэжилтнүүдийнхээ нэр төрд сэв суулгаж, олныг цочроосон хэрэг гарсанд уучлал хүсье. Цаашид салбарын ёс зүйн асуудалд онцгой анхаарч ажиллах болно” гэсэн юм.
Гэвч анх уг хэргийг олон нийтэд хүргэсэн гэрч эмэгтэй “Ээжүүдийн групп” гэх цахим хуудсанд ийн өгүүлсэн байдаг. Тэрбээр, “Эх нялхсын эмчид хүүхдээ үзүүлэх гээд байж байх үед нэг жирэмсэн эмэгтэй би төрөх гээд байна гээд ороод ирэхэд үүдэнд бүртгэл хөтөлдөг гурван сувилагч манайх төрчихсөн хүүхдийн эмнэлэг болохоос төрүүлдэг нь биш нөгөө талаар ороод төрөхдөө үзүүл гээд 23 цагийн үед хөөгөөд явуулчихлаа. Гэтэл тус ээж цуг яваа хүнгүй таксины жолоочтой хоёулаа байв. Гараад нөгөө төрөхөө хайж явж байх үедээ,  бараг 30 гаран градусын энэ их хүйтэнд хүйтэнд гадаа гудамжинд хүүхдээ төрүүлчихлээ. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн юм. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдож. Ээжүүд аавууд маш их уурлалаа. Энэ эмнэлэг чинь бүгд залгаатай байж шууд хөөж явуулахын оронд ядаж нэг сувилагчтайгаа дотроор явуулчихгүй гэж намайг хэлэх үед сувилагч нар уурлан, чи одоо хэн юм ар гэрийнхэн нь биш бол дуугай бай гэсэн үг хэлж намайг болон тэнд байсан хүмүүсийг бүгд рүү нь уурлаж загналаа. Тэгээд мөн бүх аав ээжүүд за за хүүхдээ үзүүлнэ, олон юм хэлбэл олигтой үзэж өгөхгүй гээд бас дуугүй болчих юм” гэж бичсэн байдаг.Бодит байдал ийм байхад салбарын сайд нь нүдэн балай, юу хийж явдаг юм бол.
Уг хэрэгт дан ганц хариуцлага яриад л дуусгах биш, анхааралдаа авах цаг хэдийн болсныг гэрчлээд өгөх шиг. Эмнэлгийнх нь хананд л гоё сайхан уриа, цагаан цаасан дээр хараар бичсэн хэдэн мөр байхаас тэр нь амьдрал дээр хэрэгждэггүй бас л үнэн.
Д.Сарангэрэл сайд аа! Та сайдын албан тушаалд томилогдсоноос эхлээд энэ хугацаанд юу хийж гийгүүлэв. Ядаж нэг төрх эмнэлэг шинээр нэмэгдэв үү. Салбарынхаа энэ мэт хүнд суртлыг арилгахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ. Жирэмсэн эхчүүд төрөх гээд өвдөөд арга ядаад ойрхон эмнэлэг рүү очиход хөөгөөд явуулдаг энэ жишээг яах гэж байна. Эмнэлгийн байгууллагынхны хүнд суртлаас үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирвол хэн хариуцахав.
Дээрх асуудал юу ч биш. Мөн хувийн амьдралдаа тохиолдсон уур бухимдлаа, өвчтөн, үйлчлүүлэгчдээ гаргах тохиолдол их гардаг. Үгүй гэвэл иргэдээр дүн тавиулаад үз. Хэлээд өгөх байх.
Энэ оны эхний 10 сард нялхсын эндэгдэл 865 болж, өмнөх оны мөн үеэс 16-аар өссөн байна шүү. Энэ тооноос та нарын хариуцлагагүй байдал, хүнд суртлаас үүдсэн нь олон бий байх шүү.
Миний буруу биш гээд хариуцлага тооцсон болоод өнгөрөх үү, эсвэл дорвитойхон шиг ажил хэрэг болгох юм уу. Таны хариуцдаг эмнэлгийнхний чинь төрх ийм л байдаг шүү, сайд аа!

24tsag.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу