Caakmedee

Архины хэрэглээ аюулын харанга дэлдэж байна

  • Нийгэм
  • 2019/08/14
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар олон улсын төвшинд нэг хүнд ногдох согтууруулах ундааг 8-9 литрт хүрсэн бол тухайн улс, үндэстэн аюулд учирсан гэж үздэг байна.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооноос Аж үйлдвэрийн салбарын 2018 оны дүн мэдээллээр манай улсад нэг хүнд 9,1 литр архи ногдож байгаа тухай анхаарал татахуйц мэдээллийг гаргажээ.

Манай улс  ундаа үйлдвэрлэлийн дэд салбарт архи, спирт, дарс, шар айраг, хийжүүлсэн цэвэр ус, рашаан, амтат ус, ундаа, сироп, жүүс зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Тодруулбал, 2018 онд 10.6 сая литр спирт, 28.8 сая литр архи, 110.3 мянган литр дарс, 91.2 сая литр шар айраг, 73.7 сая литр цэвэр ус, 165.7 сая литр амтат ус, ундаа, 48.0 сая литр жүүс үйлдвэрлэсэн байна.

Харин нэг хүнд ногдох архины үйлдвэрлэл 2018 онд 9.1 литр болж, өмнөх оноос 1.1 литр буюу 14.6 хувиар, дарс 34.9 грамм болж 1.8 грамм буюу 5.4 хувиар, шар айраг 28.9 литр болж 2.3 литр буюу 8.6 хувиар, цэвэр ус 23.3 литр болж 3.8 литр буюу 19.2 хувиар, амтат ус,  ундаа 52.4 литр болж 4.8 литр буюу 10.0 хувиар, сироп 28.8 грамм болж 3.6 грамм буюу 14.5 хувиар өссөн бол жүүс 15.2 литр болж 1.3 литр буюу 7.8 хувиар буурсан байна. Ийнхүү жилээс жилд архины хэрэглээ нэмэгдсээр байна.

Улсын хэмжээнд насанд хүрсэн хүмүүсийн 51,2 хувь архи хэтрүүлэн хэрэглээтэй гэх бас нэгэн баримт бий. Ийнхүү архи түүнийг дагасан тоо баримтууд харанга дэлдэж байна. НҮБ-ын мэргэжилтнүүдийн Lancet сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлд дэлхий даяар архины улмаас жилдээ гурван сая хүн амиа алддаг гэжээ. Энэ нь дэлхийн нийт нас баралтын 5,9 хувийг эзэлж байгаа аж. Манай улсад ч энэ талын судалгаа анхаарал татахуйц хэмжээнд гарна гэдэгт эргэлзэхгүй байна.

Архи гэх ундааны цаана хүчирхийлэл, айдас, үхэл гэх нийгмийн хөндүүр сэдвүүд сүүдэр шиг дагана. Гэсэн ч хууль журмын дагуу зохицуулалт хийж чадахгүй өнөөдрийг хүрч байна. Архины үйлдвэрлэл өдрөөс өдөрт өсөж, үүнийг даган хэрэглээ ч өдрөөс өдөрт нэмэгдлээ. Одоо бол Монголчууд бид архийг улс үндэстнээ аюулд хүргэх хэмжээнд хэрэглээтэй байгааг тоо баримтууд илтгэж байна.

П.Анир
Эх сурвалж: Оллоо.мн
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу