Caakmedee

Чингис хааны музей байгуулахыг хоёрдугаарт тавъя

  • Нийтлэл
  • 2019/08/22
Соёлын өвөө хамгаалах шаардлагатайг сануулав
Түүхийн үнэт олдвор, хөшөө дурсгал, хиргисүүр, хадны зураг зэрэг нь монголчуудын эртнээс хадлагдаж ирсэн өв соёл юм. Тэр ч утгаараа Үндсэн хуульд “Байгалийн баялаг, соёлын өв нь нийтийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна” хэмээн заасан байдаг.Нөгөө талаар энэ нь аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж юм. Гэвч Монгол Улсад соёлын өвийн хамгаалалт орхигдсон. Харин хоёр төрлийн хүмүүс л соёлын өвд анхаарлаа хандуулдаг гэхэд худал болохгүй. Өөрөөр хэлбэл, судлаачид хадгалан хамгаалахаар,  тонуулчид мөнгө олох хэрэгсэл болгохоор соёлын өвд “санаа тавьдаг”. Үүнтэй холбоотой хамгийн ойрын жишээ дурдахад, өнгөрсөн долоо хоногт  Монголын Үндэсний музей “Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  Мунгараг багийн нутаг “Хориг” уулнаас 700 - 800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан  гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон” тухай мэдээлэл түгээж, энэхүү олдвороо олон нийтэд дэлгэсэн. Гэвч энэ үйл явдал монголчуудын хувьд бахархам сайхан байсан ч, түүний хажуугаар соёлын өвөө хамгаалах шаардлага буйг давхар сануулсан. Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидний олж илрүүлсэн энэхүү эд өлгийн зүйлс бүгд тонуулчдын гарт  сүйтгэгдсэн дурсгалуудаас илрүүлсэн. 2016 онд бид Мунгараг багийн нутагт археологийн судалгаа хийхийн хажуугаар хүмүүстэй угсаатны зүйн ярилцлага хийж, мэдээлэл авсан. Энэ үеэр Хориг уулын аманд хаварждаг өндөр настан н.Баттөр эгч бидэнд тус газар булш бунхан тоноод сүйтгэсэн гэдэг мэдээллийг өгсөн. Тэгээд бид заалгаад тэр уулан дээр очиход 100 гаруй булшийг толгой дараалан тоносон байсан. Хүний яс, дөрөө, амгай, хазаар нь энд тэндгүй хог шиг хэвтэж байсан” гэсэн юм.
Соёлын өвийн сүйтгэл 20 гаруй жил үргэлжилж байна
Соёлын өвийн сүйтгэл Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил үргэлжилж байгааг судлаачид хэлдэг. Энэ нь нэгдүгээрт, тус салбарт төсөвлөсөн мөнгө нь хангалттай хэмжээний малтлага, үндэстний хэмжээний хайгуул  хийх зэрэгт хүрэлцдэггүйн улмаас илрүүлэлтгүй. Хоёрдугаарт, иргэд, олон нийт соёлын өвийг ойшоодоггүй. Үр хойч хийгээд, улсын нэр төр, үүх түүхээ танихад, судлахад хэчнээн чухал болохыг мэддэггүй. Мөнгө олох хэрэгсэл мэтээр хардаг. Тиймээс соёлын өвийг хамгаалах асуудал судлаачдын нуруун дээр байдаг гэхэд болно. Тэд гаднын судалгааны багтай хамтрах, төсөл, хөтөлбөрт хамрагдах зэргээр хайгуул, малтлага хийх төсвөө шийдэж, шаардлагатай тоног төхөөрөмжөө авдаг. Мөн л хамгийн сүүлийн үеийн олдвороор жишээ авахад, тус олдворуудыг Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт хэрэгжүүлдэг археологийн судалгааны “Умард Монгол” төслийн хүрээнд хийсэн малтлагаар илрүүлсэн. Түүнчлэн ваартай шар тос, өрөмөө ЖАЙКА-гийн төслөөр авсан дөрвөн хөргөгчиндөө хадгалж буй.  Монголын үндэсний музейн археологич  Ч.Баяндэлгэр "Соёлын өвийг хадгалахад музей, стандартын дагуу байгуулсан сэргээн засварлах лаборатори, хадгалах газар, шаардлагатай тоног төхөөрөмж хамгийн чухал. Төрөөс хангалттай төсөв хөрөнгө гаргаж чаддаггүй. Археологийн олдвор илрүүлэх судалгаа, малтлага хийх санхүүжилтийг ч ихэвчлэн гаднын  байгууллагууд гаргадаг" гэв.  Тэгвэл Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан “Бидэнд лаборатори хэрэгтэй байна. Монгол Улс өнөөдөр энэ чиглэлээр дэлхийгээс  хоцорсон. Лаборатори байхгүй. Жишээлбэл, бид энэ өрмийг анх олоод, яаж Улаанбаатарт хүргэх вэ гээд бөөн айдас болсон. Яаж авч ирэх тухайгаа хэлэлцэж, хэлэлцэж эцэст нь мөс тойруулж тавиад машиндаа ачаад л ирсэн. Мөсийг нь хайлахаар нь дахиад мөс тавих гэх мэтээр аргалж авч ирсэн” гэсэн юм. 
Саваа бэлдэхээр саалиа бэлд
Засгийн газрын хуралдаанаар Чингис хааны музей байгуулах тухай шийдвэр гарсан.Тодруулбал, Үлэг гүрвэлийн төв музейг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс татан буулгаж, Байгалийн түүхийн музейтэй нэгтгэсэн. Ингэснээр Үлэг гүрвэлийн музейн байрлаж байсан байранд Байгалын музейн үзмэрүүдийг нэгтгэн байрлуулж, иргэдэд түр үйлчлэх юм. Харин энэ хугацаанд Байгалын түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн ам дахь 7.5 га талбайд барихаар болсон. Барилгын зураг төсөлд шаардлагатай байгаа 400 сая төгрөгийг Засгийн газраас гаргаж, хуулийн дагуу тендер зарлагдан үнэлгээ хийх шатандаа явж байгаа. Шинэ барилга хуучнаасаа даруй тав дахин том байх тухай зураг төсөлд тусгасан талаар салбарын сайд мэдээлэл хийх үеэрээ хэлсэн байдаг. Харин Байгалын түүхийн музейн хуучин газрын 15 м.кв талбайд долоон давхар Чингис хааны музейг барихаар төлөвлөж байгаа. Тус музейд Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд зүйлсийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаадын музейд байгаа үзмэрүүдийг хуулбарлан тавих юм. Хэчнээн  том, олон давхар музей бариад дотор нь  тавих олдворгүй бол музей байгуулсны хэрэг юу байх вэ. Саваа бэлдэхээр саалиа бэлд гэдэг. Ингэхээр Чингис хааны музей байгуулах ажлыг хоёрдугаарт тавъя. Харин түүнээс урьтаж, малтлага, хайгуулын ажлаа эрчимжүүлж, соёлын өвөө тонуулчдаас авран, хамгаалъя.

Эх сурвалж: eagle.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу