Caakmedee

Хэлмэгдэн тарчлагч түмэндээ гүн эмгэнэл илэрхийлье

  • Нийгэм
  • 2019/09/11
Монгол хүн өдөр бүр цаг минут тутамд хэлмэгдэн зовж байгааг тэгээд юу гэж хэлэх ёстой юм бол оо!
Өчигдөр бага үдийн цагаар төрийн ордны баруунтаад хүндэт харуулын цэргүүд жагсаж, гашуудлын бүдэг аяз дор Монголын өнөө цагийн мяндагтнуудын цуваа хэсэг бүлэг болон хөврөхийг гадаад, дотоодын басхүү хэсэг бүлэг хүн цагдаа нарын баахан хэрцгийдүү хамгаалалтын цаагуур наагуураас сониучирхан харан зогсохтой таарлаа. Гайхлаа. Гэвч тэр даруй учрыг саналаа. Жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг дурсах өдөр болгон “тэмдэглэж” байхыг 1996 онд УИХ-аас зарлигдсанаас хойш 23 дахь удаагаа тохиож буйг нь санаж, эл үйл явдлыг түр саатан ажиглахын зэрэгцээ энэхүү онцгой өдрийн ач холбогдол улам бүр бүдгэрч, өнгөрснөөс үлдэх ой санамж, ирээдүйд хүргэх сэрэмж, сургамжийн дохио, илгээх илгээлт суларч сарниж байгааг анзаарч, эрхгүй бодолхийлэв. хэлмэгдүүлэлт гэж ер нь юу юм бэ гэдгийг би гэдэг хүн хэзээ ч ингэж нухацтай бодож байгаагүй юм байна. Яг өнөө цагт монголчууд бидний “эцэг” болох чухал дүрд “тоглож” буй гурван өндөрлөг хамтдаа нэн үнэмшилтэйеэ гашуудлын царай гарган тас хар шил, тас хар хослолоор “гоёж”, тас хар дөрвөлжин хүрээнд тэлэгдсэн хүний дүр бүхий хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж байхыг би харав. Хэдхэн хором өнгөрөхөд тэд баясгалантай инээмсэглэлийг царай дүүрэн цацраан явж одлоо. Жагсан үлдэх хүмүүс бодвол Монгол төрийн “махны машин”-д хилсээр хэрчигдэж хэлмэгдэгсдийн үр сад, танил дотнынхон л байдаг байх. Тэрхүү зовлонт хэлмэгдүүлэлтийн анишгүй шарханд тарчлагсдаас бусад нь мань мэт энэ өдрийг мартсан тууж яваа гэдэг бараг л тодорхой. Ойр орчим зогсоо хүмүүсийн амнаас хажуугаар нь өнгөрөн одож буй эрх баригчдад хандсан хатуу агаад үнэн үг асгарна. Сонсож буй маний яс хавтаймаар болж байхад эл үгс зориулагдсан эрхмүүдийн зүрхний цохилт лавтайяа тасалдсан байх аа. Эс бөгөөс эсрэгээрээ байсан ч байж мэднэ. Тэгээд хэлмэгдүүлэлт гэж юу болохыг эргэцүүлэхүйд яс мах янгинаж, хорсол төрөхийн зэрэгцээ айдас хүйдэст автаж, нэн муухай мэдрэмж бүхий л биеийг минь нөмрөн хучих шиг болов.
Хэлмэгдүүлэлт гэж ийм зөөлнөөр хэн ер нь оноож нэрлэсэн юм бол оо!
Минийхээр Монголын хамгийн эрдэм номтой, чадалтай самбаатай сэхээтнүүд, лам хувраг, ноёд түшмэд, эзэн Чингисийн алтан ургийнхныг онцлон байж яргалан устгасан тэр үйл явдлыг зүгээр нэг хэлмэгдүүлэлт гэх дэндүү эерэг үгээр оноон нэрлэснээр өнөө цагийнхан, тэр тусмаа төр, засгийн түшээдэд хэдхэн хором баргар царайлж дүр эсгэн хөшөөнд цэцэг өргөөд л өнгөрдөг үйл явдал гэж андуурагдах болж. Энэ бол дэндүү гашуудалтай хэрэг.
Эргэж сануулъя. 1922 оноос эхлэн 1980 оны дунд үе хүртэл үргэлжилсэн хэлмэгдүүлэлтээр үхэж үрэгдсэн монгол хүний тоо одоо болтол яг таг гараагүй хэвээр. Цагаатгах ажлын комиссоос гаргасан илтгэлд эдгээр он жилүүдэд 35 мянга, 744 хүн хэлмэгдсэн. Үүнээс 31 мянган хүнийг цагаатгасан гэж байна. Гэтэл яг үнэн хэрэгтээ тухайн үеийн Монголын нийт хүн амын 13 хувь буюу 100 мянга гаруй хүн хэлмэгдэж хөнөөгдсөн гэх баримтыг эрх баригчид яагаад хөндөхгүй байна вэ. Бодоо, Данзан, Лхүмбэ, Гэндэн, Дэмидийн хэрэг, буриадуудын эсэргүү хөдөлгөөн, Сэхээтнүүдийн төөрөгдөл, Ц.Лоохууз, Б.Сурмаажав, Д.Төмөрочир, Б.Ширэндэв, А.Жаланаажав нарын гэх зохиомол хэргийн дор хэдэн мянган хүнийг егүүтгэж, хэдэн мянган хүнийг шар махтай нь тарчлааж зовоосныг хэрхэн мартаж болох билээ. Хэлмэгдүүлэлт гэдэг бол хүнийг хүчээр хилсдүүлэх, хомроглон устгах, амь насыг нь хөнөөх, тамлан зовоох, бие махбод, сэтгэл санааны гүн тарчлаанд унагах хамгийн харгис, хэрцгий эмгэнэлт үйл явдлыг мартуулах гэж зориуд зөөллөн, болоод өнгөрдөг зүй тогтол шиг дараа дараагийн үед ойлгуулах гэж гаргаж ирсэн үг нэршил юм. Төрөөс зориудын зохион байгуулалттайгаар хийдэг аймшигт хэрэг явдал, аллагыг “хэлмэгдүүлэлт” гэж хэлэх нь дэндүү гомдолтой, шударга биш сонсогддог юм. Хэлмэгдэгсдийн өдрөөр хөшөөнд цэцэг өргөж яваа эрхмүүдээс Монголын ард түмэн одоо ч бодлогогүй төр, бохир заваан улс төрийн золиос болж бүгд хэлмэгдэн зовж, зүдэргээт амьдралын буулган дор тарчилж, шаналан байгааг хэн ч зүрхэлж зориглож асуусангүй. Хэзээ нэг Монгол Улсын маань иргэд хэлмэгдэн тарчлах зовлонгоосоо салах бол оо гэж ч эргэцүүлсэнгүй.  Ардчилсан Монгол гэж чангаар ярьдаг ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр байна. Монгол хүний эрх, эрх чөлөө ардчилсан нийгэмд улам хумигдаж байна. Үндсэн хуулиараа баталгаажсан атлаа Монголд иргэн хүн үгээ чөлөөтэй хэлж, хэвлэн нийтэлснийхээ төлөө ял сонсож, эрүүдэн шүүгдэж, хоригдож байгааг хэлмэгдүүлэлт биш гэж хэн хэлж чадах вэ? Монгол хүн өдөр бүр, цаг минут тутамд хэлмэгдэн зовж байгааг тэгээд юу гэж нэрлэж тайлбарлах ёстой юм бол оо! хүний эдлэх ёстой захын эрхээ эдэлж чадахгүй, ядуу тарчиг, өр зээлд баригдаж, үнийн өсөлт, авлига хээл хахууль, хүнд сурталд идэгдсэн нийгэмд үхэж үрэгдэн, бухимдаж шаналан, өвдөж зовон амьдарч байгааг маань хэлмэгдүүлэлт биш гэх үү!
Төрийн алба бол үйлчилгээний алба, ард түмэнд хэрэгтэй үйлчилгээг нь хамгийн яршиг түвэг багатайгаар хамгийн шуурхай үзүүлж байх үүрэгтэй, дэгсдүүлж хэлэх аваас зарцын үүрэг гүйцэтгэх учиртай алба хэмээн нэг биш удаа бичиж байлаа. Монголын төр хийгээд төрийн албаны үйлчилгээ өнөөдөр ард түмнээ зүгээр л бүхний нүдэн дээр илтээр хэлмэгдүүлэх болсон.
Шударга ёс алдагдахаар хэлмэгдүүлэлт зад тавьдаг аж. Өнөөдөр хууль, шүүх, прокурорын байгууллагад итгэх ард түмний итгэл хэвээрээ юү гээд хэн ч бай өөрөөсөө асуугаад хариулах гээд үз. Итгэл чинь байна уу? тийм ээ, байхгүй байгаа биз. Тэгэхээр хууль цаазад итгэх монгол хүний итгэл “нойль” заадаг болж. Бидний итгэл үнэмшил тэг рүү унасан байна. Улмаар төр, засагт өсөрхөн, улам улмаар үзэн ядах болж байна.  Арчаагүй төрдөө дарлагдан, хэдийд ч, яаж ч хэлмэгдэж болох болохоор яг л манкурт боол шиг айдас хүйдэст автан, дагжин чичирч, хэлмэгдүүлэлтийн тарчлаан монгол хүний яс маханд нь янгинан шигдэж байна. Гэтэл монгол хүн энэ их тарчлааныг туулж бий болгосон бүхнийг хэдхэн хүн тэрбум тэрбумаар нь хуваагаад цөлөмчихөж байна. Банк, хоршоог бүхлээр нь “идчихдэг”, хувь хүний өмч, бүтээж босгосон бүхнийг нь хүссэн цагтаа шууд булаагаад, дээрэмдчихэж болдог хуулийн засаглалтай, дампуу төрийн хэлмэгдүүлэлт дор цаашдаа хэр удаан тарчлах ёстой юм бол! хүний заяагдмал болон олдмол эрх хаа сайгүй зөрчигдсөөр байхад эрхмүүд хэлмэгдүүлэлт аль хорьдугаар зуунд үлдэж хоцорсон гэж байн байн хэлдэг үгээ энэ өдөр онцгой чангаар хэлж байгааг сонслоо. Тэдэнд өчүүхэн ч гэмшил ажиглагдсангүй ээ! ядаж цэцэг өргөн алхахдаа гаргадаг шигээ дүр эсгээд ч болтугай ард түмнээ ийн зовоож байгаадаа уучлалт гуйчих “этик”-ийн шавхруу ч үгүй нь харамсалтай байлаа. Харин энэ өдрөөр хэлмэгдүүлэлтийн дор тарчлан зовж, яваа монгол хүн бүрт хувиасаа гүн эмгэнэл илэрхийлье ээ!

Ш.Даваадорж
Эх сурвалж: ubinfo.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу