Тоталитаризм нь нийгмийн бүх үзэгдэлд туйлын хяналт тогтоохыг эрмэлздэг улс төрийн дэглэм. Төрөөс ард түмнийг бүрэн хараат байлгах бүхэл бүтэн тогтолцоо механизм бүрдүүлэхийг чармайж, нийгмийн амьдарлын бүхий л хүрээ, иргэдийн хувийн амьдралыг хүртэл төр, цэргийн хүчээр ХЯНАЛТАНДАА БАЙЛГАДАГ ийм л нийгмийн тогтолцоо.
Үүнийг дурьдсаны учир нь 2019 оны гуравдугаар сард төрийн ордонд цэрэг, армийн 1000 орчим албан хаагчид цуглаж, “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллагын анхдугаар хурлыг хийсэн. Улмаар тус байгууллагын тэргүүнд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг нэр дэвшүүлж, түүнийг 100 хувийн саналаар сонгосон явдал байв. Түүний толгойлсон цэрэг, армийн албан хаагчдаас бүрдсэн 1000 гаруй гишүүнтэй тус байгууллага “Монголын цэрэг, хүчний байгууллагын нийт 27 төрийн бус байгууллага байдаг бөгөөд эдгээр холбоодыг нэгтгэж нийгэмд дуу хоолойг нь хүргэхээс гадна үндэсний аюулгүй байдлын эрх ашигт нийцсэн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” хэмээжээ.
У.Хүрэлсүх сайд парламентийн танхимд төрийн сэнтийгээс цэргийн ёсолгоо хийж ард олноо хэдэнтээ гайхшруулсан. Тэрээр арван жилээ төгсөөд л цэргийн сургуульд элсэж цэргийн боловсрол эзэмшсэн нэгэн. Цэргийн боловсрол эзэмшсэн хүн улс төрч, парламентийн толгойлогч байж болно. Гэхдээ цэргийн байгууллага, цэргийн алба хаагч, цэргийн анги, байгууллагын үйл ажиллагаа улс төрөөс ямагт ангид байх ёстой.
Өнөөдөр Монгол улс хүнлэг ардчилсан, эрх чөлөөт нийгмийн тунхаглаад 30 жилийн нүүрийг үзэж байна. Энэ ч утгаараа зэр зэвсэггүй, энх тайвныг эрхэмлэгч орон. Хоёр хөрштэйгээ байтугай дэлхийн олон оронтой энх тайваны гар барилцсан улс. Гэтэл улс төр, цэрэг армиа хольж хутган тоталитар буюу НЭГ ҮЗЭЛ СУРТАЛД дэглэм рүү хандуулж байгаа мэт дүр зургийг У.Хүрэлсүх сайд олон нийтэд санагдуулах болов.
Хамгийн гол нь тус төрийн бус байгууллагыг Монгол улсын төрийн цэргийн байгууллагуудын албан хаагчид, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын ажилтан, албан хаагчид, түрүүч, байлдагчид болон иргэдийн сайн дурын үндсэн дээр байгуулсан гэх даруухан мэдээлэл нь сонирхол татна. Нэг ёсондоо цэрэг, армийн замаар ард түмнээ соён гэгээрүүлэх үйлсэд уриалах ажлыг цэрэг армийнхан эхлүүлж, түүнээ улс төрийн томоохон намын удирдагчаар гардуулан хийлгэж байгаа нь хэний санаа байв.
-21 АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБООНЫ ТЭРГҮҮДЭЭР ТОМИЛЖ ЦОЛ, ХЭРГЭМТЭЙ БОЛГОЖ ЭХЛЭВ-
Гуравдугаар сард байгуулагдсан У.Хүрэлсүх толгойлогчтой “Монгол цэргийн нэгдсэн холбоо” гэх төрийн бус байгууллага өдгөө 21 аймагт салбар зөвлөлөө байгуулж өргөжин тэлж эхлэв. Ингэхдээ төрийн түшээд болох аймгийн засаг дарга нарыг цэрэг армитай хамаарал бүхий болгож, цол хэргэмтэй ч болгож байх аж.
Тодруулбал, тус ТББ-ын орон нутаг дахь салбар зөвлөлийг байгуулахаар дэслэгч генерал Ц.Тогоо, дэслэгч генерал Д.Даваа, бригадын генерал Г.Ариунбуян нар орон нутгуудаар явжээ. Анхны салбар зөвлөлийг Орхон аймагт байгуулж, тэргүүнээр нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутыг сонгосон. Дараа нь Архангай аймагт салбар зөвлөл байгуулж, Засаг дарга Ц.Мөнхнасанг батламжилж, улмаар зүүн гурван аймагт ажиллаж дуусаад байна.
Мөн Доронд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба нар аймагт байгуулагдсан Цэргийн нэгдсэн холбооны салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогджээ. Цаашид бусад аймгуудад Цэргийн нэгдсэн холбооны салбарыг байгуулж, Засаг дарга нарыг тэргүүнээр батламжлах үйл хэрэг үргэлжлэх юм байна.
-У. ХҮРЭЛСҮХ САЙДЫН ТЭРГҮҮЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫГ Б.ЭНХ-АМГАЛАН ГЭХ ИРГЭН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ-
Тэгвэл бүр гуравдугаар сар луу эргээд өнгийж үзье. Тус төрийн бус байгууллагыг хэн санаачилсан, хуулийн этгээдийн бүртгэлд хэзээ, хэрхэн бүртгэгдсэн талаар сонирхлоо. Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэгдсэнээр бол тус төрийн бус байгууллагыг 2019 оны гуравдугаар сарын 14-ний өдөр бүртгүүлжээ. Тэргүүнээр нь Боржигонтуул овогт Б.Энх-Амгалан гэх иргэний нэр дээрх “Иргэд, залуу үеийг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, сургалт семинар зохион байгуулах” гэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр ашгийн төлөө бус байгууллага хэмээн бүртгэгджээ.
Өмнө нь ийм чиглэлтэй бүртгэгдсэн өөр төрийн бус байгууллага хаана ч алга. Тэр тусмаа төрийн өндөр дээд албан тушаалтан, сайд дарга нар ийм хэмжээний зүйл сэдэж сэтгэж байсангүй.
Нөгөө талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, тус улсын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нарыг ямагт даган дуурайдаг тэдэн шиг байхыг хичээдэг хэмээн иргэд шүүмжилцгээдэг. Эл үйлдэл ч энэхүү шүүмжлэлээс нэг их хол зөрөхгүй бололтой. Учир нь ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, тус улсын батлан хамгаалахын сайд Сергей Шойгу нар “Залуу арми” нэртэй хөдөлгөөнийг үүсгэн байгуулж, түүгээрээ бүх Оросын залуусын Цэрэг-Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэх байв. Энэ хөдөлгөөнийг залуу үеийг хүмүүжүүлэх салбарт төрийн бодлогыг сайжруулах зорилгоор байгуулсан бөгөөд иргэдийг цэрэгт татагдахаас өмнөх асуудлыг хариуцдаг бүхий л байгууллагуудыг нэгтгэх зорилттойгоор 2016 оны есдүгээр сарын 1-нээс албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлүүлж байжээ.
-“МОНГОЛ ЦЭРГИЙН НЭГДСЭН ХОЛБОО” ТТБ-ЫН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ХӨТӨЛБӨР ТӨЛӨВЛӨГӨӨ РҮҮ ӨНГИЙВӨЛ-
Холбооны анхдугаар Их хуралд "Монгол цэргийн нэгдсэн холбоо"-ны бүтэц зохион байгуулалтын хувьд тэргүүн болон Удирдах зөвлөлийн 31 гишүүн, Хяналтын зөвлөлийн таван гишүүнтэй байхаар баталжээ. Холбооныхоо ээлжит Их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус хурлыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж байхаар тогтсон байна. Холбоо нь их хурал, бага хурал, удирдах зөвлөл тэргүүнээс бүрдэх бөгөөд төв салбар Улаанбаатарт байх аж. Улмаар орон нутагт салбар нэгжтэй байж болохыг дүрэмд тусгажээ. Мөн холбооны ээлжит их хурлыг зургаан жилд нэг удаа, ээлжит бус чуулганыг холбооны тэргүүний шийдвэрээр хуралдуулж болох дүрэмтэй. Тус холбоог шүүхийн шийдвэр болон гишүүдийн олонхын саналаар татан буулгах боломжтой аж.
Түүнээс гадна холбоо нь гишүүдийн татвар, иргэд, аж ахуй нэгж, дэмжигч байгууллагын хандив тусламж дэмжлэг, дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны орлого, гадаадын хандив, тусламж, дэмжлэг, холбооны гишүүдийн татварыг Удирдах зөвлөлийн хурлаар жил бүр ялгавартай тогтоох зэргийг дүрэмдээ тусгаж өгсөн аж.
П.Урнаа
Эх сурвалж: isee.mn