Caakmedee

Оюутнаа ашиг хонжоо мэтээр хардаг багш нар ичиг ичиг

  • Нийгэм
  • 2019/09/26
Хаа газар бүр шат шатандаа авлига, ашиг хонжоо цэцэглэсэн харагдана. Цэцэрлэгт хүүхэд оруулахын тулд эрхлэгч багш нарт нь авлига өгнө. Их дээд сургуульд оюутан элсүүлэхийн тулд тэнхмийн эрхлэгч болоод анги удирдсан багшийг нь хүндэрүүлнэ.
Бүр их, дээд сургуулийн дотуур байранд оруулахад байрын багш нарт авлига өгч тэр ч бүү хэл өвлийн хоол хүнсийг нь бэлтгэж өгч 9 сар дотуур байранд амьдрах эрхээ олж авч байна. Энэ бол арай ч дээ.
Үнэндээ аалзны тор шиг сүлжсэн авлигал бол багш, оюутны дунд их байна. Сурах гэж төлбөр мөнгөө 100 хувь төлсөн оюутнаа мөнгөнөөс дорд үздэг дотуур байрны оюутнаас авлига нэхдэг багш нар бол ичиг ичиг.
Сургалтын төлбөр нэмэгдэнэ, дотуур байрны үнэ нэмэгдэнэ, дээр нь дахиад авлига өгнө. Ингэж хоосон ажил төрөлгүй, аав ээжийнхээ олсон хэдэн төгрөгөөр сурч байгаа оюутнуудаас дахиж мөнгө нэхэх нь эд бараа материалын авлига нэхэх нь зүйд нийцэх үү.
Тухайлбал, хоёр жишээ дурдахад,  хоёрдугаар дамжааны Т нь ЭМШУИС-ийн оюутан. Наймдугаар сарын дундуур дотуур байрны бүртгэлээс хоцорчих вий гэсээр ээж аавынхаа хадлан өвсөнд ч тусалж чадалгүй хотод иржээ.  Байраа хөөцөлдлөө.
Сургууль нь Ботаник руу шилжиж буй тул тэнд шинэ байр 12 сард ашиглалтад ортол авахгүй гээд халгаасангүй. Гэтэл ангийнхан нь хотын төвийн сургуулийнхаа дотуур байруудаар ороод л байлаа.
Арслантай гүүрний хажуу дахь “Оюутны өргөө1,2 “-ийг олон их дээд сургууль хамтарч хөрөнгө оруулалт хийж барьсан, анагаахын сургууль багтаж буй учир тэнд очлоо. Хаалгаа дотроос нь түгжиж, харуул зогсоогоод нэр дуудаж оруулж байна. Удтал хүлээж байж эгчийгээ оруулж уулзуултал бүртгэл хийж буй эмэгтэй “Анагаах 34 квоттой. Энэ дотор л дүүгийн чинь нэр байхгүй бол боломжгүй” гээд оюутны нэрсийн жагсаалт үзүүлэв.
Мэдээж квотод багтаагүй учир нэр байхгүй.  Гэтэл хэд хоногийн дараа яг өөртэй нь адилхан хөөцөлдөж явсан, адилхан квотгүй найз нь нөгөө “Оюутны өргөө”-д орчихлоо.
Яаж орсныг нь асуутал бүртгэж буй багшид нь 500.000 төгрөг өгч орсноо хэлээд ганцаараа очиж уулзахыг зөвлөн утсыг нь өгчээ.
Утсаар ярьтал “Юу ч гэсэн ирээд уулз” гэжээ. Нөгөө айхтар харуул хамгаалалтыг нь дотроос нь яриулж байж давж ороод уулзлаа. Гэтэл “700.000 төгрөг өгвөл оруулж өгч болох байх. Тэр мөнгийг багш нь бол авдаггүй л дээ. Цааш нь өөр хүнд өгнө” гэх мэтээр ярьжээ.
Уг байрны жилийн төлбөр 1 сая 50 мянга. Дээрээс нь түүнээс дутахааргүй авлига өгч чадахгүй учир хамаатныдаа хоног төөрүүлэх л сонголт үлджээ.
Бас нэгэн оюутан баруун аймгаас ирсэн дотуур байранд орох гэж хэдэн өдөр л хөөцөлджээ.
Түүнд авлигад өгөх бэлэн мөнгө байхгүй тул байрын багш буюу байрын даргад хахууль өгнө. Гэхдээ өвөл идэшний цагаар үхэр алуулж авчирч өгнө гэж хэлжээ. Ийнхүү бараг гэрээ хэлэлцээр хийж, “авлигад үхэр өгнө” гэсэн гарын үсэг зуруулаад байранд орсон талаар ч сонсч байв.
Оюутны байр үнэхээр хүрэлцээгүй байгаа юм уу гэхээр үгүй юм. Зарим сургууль бүр оюутныхаа дотуур байранд айл өрх амьдруулдаг байна.
МУИС дотуур байрны төлбөрөө нэмээд зогсохгүй айл өрх оруулахаар үнэ тариф тогтоосонд оюутнууд бухимдаж байна. /Нэгэн оюутан сургуулийнхаа албан ёсны группт эсэргүүцэж буйгаа бичснийг доор нийтлэв/
Тэрбээр “Айл өрх оруулахад оюутан оруулахаас бодвол ашигтай болоод тэр биз. Уг нь их сургууль гэдэг ашгийн төлөө бус л байгууллага баймаар юм. МУИС үнэхээр оюутнууд нь байрандаа цөөдөөд айл өрх оруулах багтаамжтай бол өөр сургуулийн байрны квотод багтаж,авлигалыг нь дийлэхгүй яваа бусад сургуулийн оюутнуудыг оруулаач. Оюутнаа бэлэн мөнгөний машин гэж хардаг сургууль,шавиасаа авлига нэхдэг дотуур байрны багш нар ичиг ичиг.
Тэдний нэхсэн авлигыг ил тод бичээд байгаарай.Таслан зогсоохгүй бол дараа жил та нараас улам ихийг нэхнэ шүү. Оюутнуудаа авлигатай бүү эвлэр. Шинэ үе өөр болсныг авлигачдад сануул” гэж бичжээ.

О.Гэрэл
Эх сурвалж: Оллоо.mn 

скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу