Манай шахмал түлш үйлдвэрлэгчдийн худалдаж байгаа бөөрөнхий хар түлээний орц найрлага нь Хятадын будаатай шаазангийн адил нууц байсаар байх бололтой.Миний ойлгож байгаагаар Таван Толгойн хагас коксжсон нүүрсний нунтгийг ямар нэгэн холбогч материал ашиглан (шар шавар ч байж магадгүй ) хагас зуувандуу хэвээр хэлбэржүүлж хатаагаад худалдаж байгаа.(Уурхай дээрээ ийм нүүрс тонн нь 17 мянга,хотод авчирч шавар холиод зарахаар тонн нь 150 мянга.Мундаг бизнэс! Асар их ашиг!).
Энэ бөөрөнхий хар түлээ гэр хорооллын ханан пийшин,гэрийн зууханд шатах явцдаа холбогч материалаасаа салж үйрээд галын хотлыг (пийшин,зуухны шүүр) битүүлж тагласнаас болж шүүрэн дороос агаар сорж чадахаа больж,хүчилтөрөгчгүй болсон гал уугиж нүүрстөрөгчийн давхар исэл,угаарын хий гэрийн агаарт дэгдэн хүмүүсийг хордуулах магадлалтай.
Эхлээд гэр хорооллын айлуудаас бурууг хайя:
1.Тэдний ихэнхи пийшин,зуухыг мэргэжлийн биш хүмүүс тооцоо муутай хийсэн тул асалт муу,удаан (нүүрс нь бүрэн шатдаггүй),
2.Дулаан барилт хангалтгүй,зориулалтын материалаар дулаан барих хана хийгээгүй.
3.Дээд ширэм,зуухны хана,хүхээ гэх мэт завсар хоорондын битүүмжлэл муу,утаа саагидаг
4.Хүхээг дэхь агаарын урсгал эсэргүүцэл ихтэй (утааг яндангаар хүчтэй сорж гаргаж чаддаггүй,зарим айлууд нүүрсээ гамнах зорилгоор зориуд агаар сааруулагч хийдэг)
Үйлдвэрлэгчийн буруу:
1.Бөөрөнхий хар түлээг хэрэглэгчийн галлах төхөөрөмжид бүрэн тохирох эсэхийг гүйцэд судлаагүй,зөвхөн ашиг хөөж яаравчлан үйлдвэрлэсэн.Нэг үгээр хэлбэл,нүүрсний оронт торын бүтцийг өөрчилж (нунтаглаад) барьцалдуулагчаар хэвэнд оруулсан ч шаталтаар үүсэх их хэмжээний дулаанд бутран үйрч галын хотлыг бөглөдөг.Ийм нөхцөлд гэрийн пийшин,зуухнуудад агаар өгөх нэмэлт винтелятор байдаггүй учир ялгарсан хорт агаар битүүмжлэл муутай хэсгээр нь дэгдсэн.
2.Бөөрөнхий хар түлээг яаж хэрэглэх тухай мэдээлэл мэдэгдэхүүн хэрэглэгчдэл огт өгөөгүй,энэ үнэтэй түлшээ дагалдуулж ядаж гарын авлага тараагаагүй.
3.Таван Толгойн өндөр илчит нүүрсийг авчирч шар шавар хольж илчийг нь багасгах биш хотод ойр байх Бага нуур,Шивээ овоогийн нүүрсээр хийх байсан.(Тэгсэн бол барьцалдуулагчаар шар шавар холих шаардлагагүй,мөн бүтээгдэхүүний үнэ бага байх байсан).
Дүгнэлт:
1.Шахмал түлш маш зөв шийдэл боловч технологийн дэвшил муутай,хэрэгдэгчдэд тохироогүйгээр барахгүй маш аюултай бүтээгдэхүүн болсон.
2.Энэ түлшний худалдаалагдаж буй үнэ нь ядуу ард түмэнд маш өндөр туссан.Өөрөөр хэлбэл ард түмэнд хуучин түлж байсан түүхий нүүрстэй харьцуулахад хэмнэлтгүй,зөвхөн төрд буй эрх баригчдад ашиг авчирсан бизнэс байсан.
3.Нүүрсийг угааж баяжуулалгүй,түүхий нүүрсийг нунтаглан хийсэн тул утаа багасахад нэмэр болоогүй,үнс маш ихтэй түлш болсон.
Гаргалгаа:
1.Ард түмний аюулгүй байдлыг хангах үүднээс шахмал түлшний бизнэсийг шууд зогсоох,бүтээгдэхүүнээ буцааж татах
2.Хуучин түлж байсан түүхий нүүрсийг зөвшөөрөх,ойрын хугацаанд хотод татан авчрахад төрөөс дэмжлэг үзүүлэх
3.Цаашип Монголын гэр хорооллын нөхцөлд тохирсон шахмал түлшийг судлах
4.Гэр хорооллын айлуудын ханан пийшин,гэр зуухыг мэргэжлийн байгууллагуудаар эсвэл сертификат бүхий мэргэжлийн хүмүүсээр шахмал түлш түлэх стандарт шаардлага хангасан,хямд үнээр хийлгэдэг болгох.
Х.Батжаргал