Улаанбаатарчуудын уушги уйлсаар уйлсаар нулимсаа барав. Нулимсаа биш, бүр цөхрөлөө бараад үхлийн үүд татахад хүрчихлээ. Угаасаа ч үхээд эхэлснийг олон олон судалгаа нотолно. Одоогоос хоёр жилийн өмнө судлаачдын хийсэн олон улсын нарийвчилсан тусгай судалгаагаар Улаанбаатар хотод зөвхөн агаарын бохирдлоос шалтгаалсан уушгины өвчин, цусны даралт хоёроос болж жилд 130 хүүхэд, 1400 насанд хүрэгчид хорвоог орхиж байгааг тогтоосон байдаг.
Хоёр жилийн өмнөх энэ үзүүлэлт өнөөдрийн байдлаар улам л дордсон. Улаанбаатар хотыг үхлийн цэг гээд хэлчихэд нэг их буруудахгүй байх. Гэрээсээ гараад л хоолой гашуу оргиж, нүд хорсч, бугштал ханиалгаж эхлэх нь тэр. Энэ бол хүүхэд, хөгшид, залуус гээд бүх насныханд байна. Оройхон болоход замын эсрэг талын байшин, урд зогсох машиныг ч харахад бэрх болж байна.
Үүнийг гэрчилье. Богд уул руу алхахад 1700 метрээс дээш өндөрт утаа элдэв үнэрийн хольцгүй цэвэр агаараар амьсгалж болно. Тэрнээс доошлоод 1580 тетрт бууж ирэхэд утаанд мансуурч, хоолой боочих гэж байна. Нийслэл хотын маань дундаж өндөр 1450 метр орчим байдаг. Тэгэхээр бид утааны голомтод, үхлийн цэгт амьдарч байна гэсэн үг. Үнэхээр аймшигтай хэмээн үгээ барсан залуу нүүрномдоо бичжээ.
Бид утаандаа тэсвэржиж, бага багаар дассаар өнөөдрийг хүргэсэндээ Улаанбаатар хот өнөөдрийн энэ байдалд хүрчихлээ гэж өөрсдийгөө буруутгамаар ч юм шиг. Хүлцэнгүй зангаа үзэн ядмаар ч юм шиг. Тэмцэгч ард түмэнтэй улс орон өнөөдрийн энэ байдалд хүрэхгүй байсан биз.
Өнөөх Үндсэн хуулиар олгосон эрүүл, аюулгүй орчин амьдрах ёстой, амьд явах эрхтэй гэх мэтийн гоё заалтууд нь улаанбаатарчуудад лав хамааралгүй бололтой. Нэгэнт эрхээ эдэлж чадахгүй ийм аймшигтай орчинд амьдарч байгаа юм чинь бид өөрсдийгөө хамгаалах тал дээр анхаарах хэрэгтэйг энэ байдал сануулж байна.
Ингэхийн тулд
- “Масктай Улаанбаатарчууд” хөдөлгөөнийг эхлүүлье. Хүн бүр, хүүхэд бүр маск зүүе. Ингэснээр өөрсдийгөө хамгаалаад зогсохгүй, ард иргэдийнхээ төлөө тэмцдэггүй “ширэн” нүүртэй төрийн түшээдэд дуу хоолойгоо хүргэе.
- Сургууль, цэцэрлэгийг яг өнөөдрөөс эхлэн утааны улирал дуустал амраах уриалга гаргая. Бидний хүүхэд эрдэмтэй байх албагүй, эрүүл байх нь чухал шүү дээ.
- Нялх хүүхэдтэй болон жирэмсэн эхчүүдийг эх, хүүхдийн сувилалуудад амраая. Үүнд төрийн дэмжлэгийг хүсье.
- Хүүхдүүдээ утаанаас холдуулж, хөдөө амрааж байгаа эцэг эхчүүдийг урамшуулъя. Тэд хэдийгээр хүүхдүүдээ хамгаалж байгаа мэт боловч эрүүл Монгол иргэнийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж байна шүү дээ.
- Утааны голомтод буюу гадаа ажилладаг ажилчдынхаа ажиллах цагийн хуваарийг багасгах талаар байгууллага, аж ахуйн нэгжүүдэд сануулга өгч, уриалга гаргая.
Нэгэнтээ утаанаасаа салъя гэж ярьсаар өчнөөн жил болсон ч салж чадсангүй. Байдал улам дордлоо. Нэгэнт иймдээ тулсан юм чинь бид өөрсдийн эрүүл мэнд, хойш үеийнхээ сайн сайхны төлөө өөрсдийгөө болон гэр бүлийнхнээ хамгаалах цаг болсныг сануулъя.
mminfo.mn