Caakmedee

Иргэн, мэдээллийн хэрэгслийг эрүүгийн хуулиар машиндах дугуй эргэлээ

  • Нийгэм
  • 2019/10/11
-Эрүү, Зөрчлийн хууль яах вэ. Иргэний хуулиа хэрэглээч эрх баригчид аа-
Хуулийг хуйлдаг эрх баригчидтай болжээ, бид. Байсхийгээд л засдаг, нэмдэг, хасдаг, өөрчилдөг, шинэчилдэг “хуулийн машин” эрх баригчдын дундаас асаж эхлэв. Мотор нь дуу орчихсон ч сигнал нь жигтэйхэн чанга юм.
Дугуй нь халцарч элэгдсэн ч эргэсээр л байх “хуулийн машин”-ыг сонгууль дөхөхөөр хэн дуртай нь жолоодоод давхидаг болжээ. Үнэмлэхтэй, үнэмлэхгүй, дүрэм мэддэг мэддэггүй нь ер хамаагүй. Учир нь ийм машинтай эрхмүүд яг л түргэний болон галын машин барьчихсан онцгой эрхтэй жолооч нар шиг ямар ч зохицуулалтгүй давхих дархан эрх өвөртөлсөн байдаг юм, Монголд.
Ийм түрэмгий хурдаар машиндчихсан хуулиуд манайд бишгүй. Олонх нь хэрэгжиж эхлээгүй байхдаа замхардаг бол зарим нь хэрэгжих олон салаа зам-тай. Тал бүр тийш салсаар эцсийн уулзвар дээр хоёр сая төгрөгөөс 20 сая төгрөгийн торгуулийн хуудастай болж “мэндэлсэн” ийм хуулийн нэг нь өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа Зөрчлийн тухай хууль.
Энэхүү хууль нь эрх баригчдад гэхээсээ илүүтэй иргэнд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд “зориулагдсан”. “Хуулийн машин”-ны өөдөөс элдэв эсэргүүцлийн үг дуугарсан, эрх баригчдын буруу, булхайг нь дэлгэсэн, олны дунд шараа болгосон, улс төр дэх нууцыг ил болгосон хэн бүхэн энэ хуулиар “машиндуулах” ёстой.
Ингэж л өнөөгийн улс төрчид өөрсдийг нь сонгосон сонгогч, нэр нүүрийг нь олон талаар алдаршуулан хэн бүхэнд таниулсан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хатуурхан хүчээ үзүүлж шийтгэлийн хууль баталж өгсөн. Ийм гавьяа байгуулж чадсаныхаа төлөө тэд халдашгүй, дархан эрх хэмээх “хантааз” өмсцгөөсөн. Харин “хуулийн машин”-ны жолооч нарын халаасанд “Гэнэт төрсөн” хуулийнх нь ачаар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид амаа үдүүлж нүдээ таглуулсан.
Хатуухан хэлэхэд, Зөрчлийн тухай хууль Монголын сэтгүүл-зүйн Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гар хөлийг тушсан. 2020 оны парламентын сонгуулийн уур амьсгал хэдийнээ эхэлсэн энэ чухал цагт өнөөх “хуулийн машин” дахин дохиогоо дуугаргаж эхэллээ. Иргэн, мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулиар “машиндах” дугуй эргэлээ. Тодруулбал,
Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр заалтад “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” хэмээн тусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог болгож хуулийг “хуйлсан”. Хэдийгээр Эрүүгийн хуулиас гүтгэлэг, доромжлолтой холбоотой заалтыг авч хаясан нь нэг том алхам байсан ч Зөрчлийн хууль хэрэгжих явцдаа Эрүүгийн хуулиас ч шийтгэгдэх байдал нь дордсон. Анх энэ хуульд “Гүтгэлэг” хэмээх 6.21 дүгээр заалт орж ирэхээсээ л сэтгүүлчдийн амыг хаах зорилго нь тод байлаа.
Учир нь Зөрчлийн хуулийг цагдаа шалгадаг. Давж заалдахдаа Эрүүгийн хэргийн шүүхэд давж заалддаг. Өндөр албан тушаалтантай холбоотой зөрчлийн хэргийг шалгах үүргийг Улсын Ерөнхий Прокурорын тушаалаар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах Албад ногдуулсан нь “но”-той. Мэдээж босоо удирдлагынхаа заавраар цагдаа ажиллах нь хэнд ч ойлгомжтой.
“Глоб интернэшнл төв” ТББ-д бүртгэлтэй хэргийн тоон баримтыг сөхвөл 2017 онд шүүхээс гүтгэх зөрчилтэй холбоотой төрийн өндөр албан тушаалтны зургаан шийдвэрийг хянаж, дөрвийг нь хэвээр үлдээсэн байгаа бол 2018 онд 32 зөрчлийг хянан шүүж 19 шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг.
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмнөөс дуу хоолой нь болж байдаг тухайн газраас 300 сэтгүүлчийн дунд судалгаа хийсэн дүн мэдээ анхаарал татна.
Хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгодог учраас байгууллага нь сэтгүүлчээ “Чи хоёр сая төгрөгөөр торгуулчих” гэх мэтээр тохирдог байдлаас үүдэж сэтгүүлч өнөөх заргынх нь бай болдог нь нууц биш. Тэгвэл сэтгүүлчийн ёс зүйг ахиулахын оронд сэтгүүлчийг торгож, шийтгэхээр улайрсан Зөрчлийн хуулийнхаа “давсыг” чангаруулж Эрүүгийн хуулиар асуудлыг шийддэг болох эхний хувилбараа дахин ярьж эхэллээ, эрх баригчид.
Гэтэл Иргэний хуулийн гурван том заалтыг хэн ч дурдахгүй хэвээр л. Өөрөөр хэлбэл, энэ харилцааг иргэний хуулиар аль хэдийнээ зохицуулсан байдаг ч манай түшээд алдар хүнд, нэр төрөө хамгаалах хантаазаа улам зузаалж эрүү, зөрчлөө л тойруулж нэмж, хасаж, засаж, шинэчилж өөрчилсөөр.
Ингэхдээ “Гүтгэх” заалтын тухайд эрүүгийн хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзэж ХЗДХ-ийн яамнаас уг хуулийг орууллаа. Байнгын хороо, чуулганаар хэлэлцэгдэх нь нэгэнт тодорхой, дэмжигдэх нь ч ойлгомжтой болоод явчихлаа. Эрүүгийн шинэчилсэн найруулгаар “Гүтгэх” заалтын хуулийн зохицуулалт илүү тодорхой, нарийн болно гэнэ. “Гүтгэх” гэдэг заалтын тухайд л гэхэд төрийн албан хаагч, хувь хүн, сэтгүүлч гэсэн байдлаар субъектүүдийг нь заах гэнэ.
Тэгэхээр зөвхөн сэтгүүлчид гэж ялгаж авч үзэхээс гадна нийгэмд учруулж байгаа хор хохирол, хэмжээ ямар байгаа юм, тухайн хүний эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа юм гэдгээс хамаараад ялгамжтай зохицуулалт хийсэн гэдгийг ХЗДХ-ийн яамны эх сурвалжууд онцолж байна.
Ингэхдээ сэтгүүлчийг 10 сая, аж ахуйн нэгж байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог байхаар, мөн ял төлөвлөж ч болох байдлаар шинэчлэн үүнийгээ УИХ-аар хэлэлцүүлэхээр болжээ. Тиймээс Иргэний хуулиар ийм төрлийн хэргийг зохицуулах боломжтойг энд онцолъё.
Зөрчлийн тухай хууль нь өөрөө Захиргааны зөрчил хэмээн үздэг.
Гомдол гаргаж буй иргэн эсвэл байгууллага нэр төрөө сэргээх зорилгоор цагдаад ханддаг. Гэвч зөрчлийн тухай хуулиар тус иргэний гаргаж буй нэр төрөө сэргээлгэх гэсэн хүсэлт, үндэслэлийг гүйцэтгэж өгч чаддаггүй юм. Учир нь торгууль тавьсан мөнгийг тэр чигээр нь төр авдаг ба нэр, төрөө сэргээх гэсэн иргэнд ямар нэгэн нөхөн төлбөр олгогддоггүй.
Мөн цагдаа нар сэтгүүлчдийн ажлын онцлогийг хүлээн авч, зохих ёсны дагуу торгууль ногдуулан ажилладаг эсэх нь эргэлзээтэй. Учир нь үнэхээр гүтгэсэн гэх хэргээр цагдаагийн өмнө очиж буй сэтгүүлч шударгаар шүүгдээд, гүтгэсэн хэргээр шийтгүүлж байна уу, эсвэл цагдаагийн дутмаг үнэлэлт дүгнэлтээр торгууль тавиулж байна уу гэдгийг мэдэх хэмжээний мэргэшсэн цагдаа байдаггүй.
Үүн дээрээс хөөж бодъё. Хэрэв “Гүтгэлэг”-ийн тухай заалт Эрүүгийн тухай хуульд орвол сэтгүүлчдэд хамгийн ихээр ноцтой хохирол учруулж эхэлнэ гэсэн үг. Учир нь Эрүүгийн тухай хуулиар ногдуулсан торгууль нь цэвэр гэмт хэрэг гэж үздэг учир сэтгүүлч торгуулсан тохиолдолд тухайн сэтгүүлчийн хувийн хэрэг дээр ял шийтгэл эдэлсэн хэмээн тусгагдах болно. Ингэснээр гадны улс руу томилолт, ажил сургалтаар явахад томоохон асуудалтай нүүр тулгарна гэсэн үг юм.
Эдгээр асуудлыг Иргэний хуулиар шийдвэрлэх бүрэн боломж байтал эрх баригчдад ийм сонирхол алга. Мөн НҮБ-ын Хүний эрхийн хорооноос ирүүлсэн зөвлөмжөөр Эрүүгийн тухай хуулиас “Гүтгэх” зөрчлийг хасах ёстой гэсэн зөвлөмжийг ирүүлж байсан.
Үүний дагуу энэхүү саналыг төр хүлээж авсан ч зүсийг нь хувиргаад Эрүү, Зөрчлийн хуулийг “гороолж” шийтгэврийг хүндрүүлсээр байгаа нь харамсалтай.

М.Мөнхтунгалаг
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу