Caakmedee

Л.Оюун-Эрдэнэ сайдын албан бичгийн “өөрчлөлт”

  • Улс төр
  • 2019/10/14
Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн гарын үсэг бүхий дахин нэг албан бичиг олны анхаарлыг ихээр татаж байна. Тодруулбал, “Цагаан шонхор гэрэгэ” НҮТББ шонхор шувууны асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайдад хаягласан албан бичиг илгээжээ. Харин үүнд нь Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариу өгсөн байна. Ингэхдээ тэрбээр албан бичгээ БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хаяглаж “Цагаан шонхор гэрэгэ” НҮТББ-аас ирүүлсэн хүсэлтийг үүгээр танд уламжилж байна. Хүсэлтэд дурьдсан асуудлыг судлан үзэж, түүгээрээ зохих хариуг өгнө үү” хэмээжээ. Албан бичгийг хялбаршуулж байгаа хэлбэр гэж ойлгох уу аль эсвэл асуудалд хутгалдахгүйн тулд албаар үүгээр, түүгээр гэх үгсийг сонгов уу.
Мэдээж ярианы хэлээр бол дээрх албан бичиг ойлгогдоно. Харин Монгол Улсын сайд, Засгийн газрын ХЭГ-ын дарга хүний гарын үсэгтэй албан бичиг байгаа нь тухайн асуудалд хэрхэн хандаж байгаагийн илэрхийлэл гэлтэй. Түүний хувьд өөрийгөө сэтгүүлч гэж хэлэх дуртай. Үнэхээр ч сэтгүүлчээр төгссөн байдаг. Харамсалтай нь албан бичиг гэхэд ч тааруухан агуулгагүй “цаас”-н дээр гарын үсэг зурсан нь түүнийг сайд, дарга, бичгийн хүн гэж хэлэхэд ичмээр.
Харин ч эсрэгээрээ албан бичгийн утга, найруулгыг их л нууц байдалтайгаар хийдэг болж дээ гэж бодохоор. Учир нь Л.Оюун-Эрдэнэ сайд хэдхэн хоногийн өмнө өөрийнх нь нэртэй холбогдсон албан бичгийн талаар тайлбар өгөхдөө мэдэхгүй, санахгүй байна гэх үгсийг хэлж байсан. 2016 онд МАН-ын генсекийн гарын үсэг бүхий хүсэлт бичиг Зам тээрвийн хөгжлийн сайдад очиж байжээ. Түүнд дурьдсанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, Д.Гантулга нар УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны ажлыг амжилттай зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Н.Энхбаатарыг МИАТ-ийн дэд захирлаар томилуулах хүсэлтэй байв. Тэр нь ч ёсоор болсон. Энэхүү бичиг нийтэд ил болмогц Л.Оюун-Эрдэнэ анхаарч, анзаарах байтугай тухайн бичгийг байгаа эсэхийг мартсан хэмээн тайлбарласан. Түүгээр ч зогсохгүй албан тушаалтай холбоотой бичгүүдийг сонгуулийн дараа авч байсан тохиолдлууд бий гэж батлан хэлсэн. Ийнхүү мань хүн 60 тэрбумын хэргийг “хөгжүүлэгчдийн” нэг байснаа илэрхийлсэн. Хийсэн, хэлсэн хоёр нь зөрсөн гэсэн үг л дээ. Үүнээсээ үлгэр авсан уу, их л няхуур байдалтайгаар албан бичигт үүгээр, түүгээр гэдэг үг ашигласан нь үнэндээ ямар боловсролтой боловсон хүчин болохыг нь харуулаад өгөв бололтой. Аль эсвэл албан бичгийн боловсруулалтад арай өөр стандарт тогтоож хэрэгжүүлэхээр болсон юм болов уу.

Б.Отгонзаяа
Эх сурвалж: erennews.mn 
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу