Caakmedee

Ж.Батзандан гишүүнд зориулж Оспаны түүхийг ярьж өгье

  • Нийтлэл
  • 2019/11/04
ШИНЭ намын дарга, УИХ-ын гишүүн Ж.Батзандан Баян-Өлгийд очиж баахан цуурсан юм уу даа. Хүн мэдэхгүй юмаа ярих хэрэггүй л дээ. Тэгээд тэр буруу яриагаа цайруулах гэж мэдээлэл хүртэл хийгээд явах. Тэрбээр “Өнгөрсөн хагас сайн, бүтэн сайд Баян-Өлгий аймагт ажиллаад ирлээ. Баян-Өлгий аймагт иргэдтэй уулзахдаа Х.Чойбалсан болон Оспан нарын уулзалтын талаар түүхийн эх сурвалжуудыг дурдан гуравхан өгүүлбэр хэлсэн. 1945-1949 оны хооронд баруун хязгаарт дайн байлдаантай байсан. Тухайн үед Х.Чойбалсан Оспан нар уулзаж энэ байдлыг намжаасан гэж хэлсэн юм. Гэтэл олон нийтийн сүлжээгээр намайг шүүмжилж байна. Тэр хүмүүсийн шүүмжлэлийг ойлгож байна. Бас хүндэтгэж байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд, би Гадаад харилцааны сайд биш. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн биш.
Аливаа түүх олон өнцөгтэй байдаг. Олон хүн Оспаны түүхийг сайн мэдэхгүй байх шиг байна. Түүхийн үнэнийг иргэд үнэнээр нь мэдэж байх ёстой” гэв. Тэгвэл буруу үг гэдэг гурван өгүүлбэр битгий хэл ганц үг байхад л эвгүйддэг гэдгийг Ж.Батзандан ойлгохгүй л явна. Оспан хэмээх казахтай Х.Чойбалсан өөрийн хүслээр уулзаагүй юм. Харин тухайн үеийн Зөвлөлтийн удирдагчдын түлхээс шахалтаар уулзсан. Мөн одоогийн Баян-Өлгий, Ховдын казахууд Монгол улсад өөрсдөө хоёр ч удаа хүсэлт гарган дагаж, тухайн оршин суугаа газарт нь оршин суух эрхийг Богд хаан, Х.Чойбалсан нар олгосон юм. Түүнээс биш хоёр үндэстний хагарал энэ тэр бол байх ёсгүй. Бид адилхан л Монгол улсын иргэд билээ.
Яахав 1990-ээд онд тусгаар тогтносон Казахстан улс байгуулсан Н.Назарбаев хилийнхээ гадна оршин суугаа яс үндэс, угсаа нэгт казахуудаа ирээч хэмээн урьснаар нэлээд хүн тийш зүглэсэн. Гэхдээ л монголын казахууд монголдоо эрх тэгш оршин суусаар л байгаа билээ. Ингээд Ж.Батзандан гишүүнд Оспан гээч хэн болох тухай түүхээс хүргэе. Оспан буюу зарим тохиолдолд Осман баатар гэж дуудагддаг энэ хүн Ислам хэмээх хасаг малчин ардын гэрт 1899 онд төрсөн. 40 нас хүртлээ мал маллах, жин тээх, худалдаа наймаа хийх зэргээр амьдарч байжээ.CLICK TO TWEET Түүний улс төрийн тэмцэл нь 40 насандаа, 1940 оноос эхэлсэн байна. Тухайн үе буюу 1930,1940-өөд онд Орос-Монгол, Хятад түүгээр ч барахгүй Америк, Франц улсууд ч Шинжааны төлөө тэмцэлдэж байлаа. Хятадуудыг Шинжааны нутгаас хөөн гаргаж, казах үндэстний улс байгуулах санаатнууд олноороо гарч иржээ. Тэднийг америкчууд, зөвлөлтүүд ч хутган үймүүлсээр байсан юм.
1941 онд Шинжааны Засгийн газраас босогчдод хандан “Байлдахгүйгээр бууж өг. Та нарын шаардаж байгаа зүйлд бүрэн арга хэмжээ авна. Бууж өгсөн хүмүүсийг суллана” хэмээн ухуулга хийхэд Калт нарын хүмүүс бууж өгчээ. Гэвч Шинжааны Засгийн Газар хэлсэн үгэндээ хүрэлгүй бууж өгсөн хүмүүсийг баривчилжээ. Тэдний тэмцэл ийн амжилт муутай байв. Энэхүү амжилт муутай казах, уйгар босогчид үе үе манай улсын хилийг ч үймүүлсээр, дээрэм тонуул хийсээр байсан юм. Тухайн үед Зөвлөлтийн удирдагчид Монголын Засгийн газраар дамжуулан Оспанд буу, зэвсгийн туслалцаа үзүүлж, Оспанаар хятадуудыг хөөлгөх бодлого барьж байлаа. Энэ нь манайд ч ашигтай байлаа. Монгол улсын тухайн үеийн удирдагч Х.Чойбалсан энэхүү баруун хязгаарынхаа асуудлыг зохицуулах талаар хүч тавин ажиллаж байв. Түүнийг Зөвлөлтөд дуудснаар очиж, 1944 оны 01 сарын 15-нд Сталинтай уулзаж ярилцахдаа баруун хилийн тухай хэлсэнд, Сталин “Оспанд туслах хэрэгтэй юм байна. Харин та нар яагаад туслахгүй байгаа юм бэ? Буу сум байдаггүй юм уу?” гэж ихэд гайхсан шинжтэй асуусан байна.
Тухайн үед Оросын Элчин сайд Иванов И.Оспаны талаарх Монголын бодлогыг мэдсэн байв. Түүгээр ч барахгүй Сталинд баруун хилийн талаар Х.Чойбалсангаас удаа дараа явуулсан мэдээллүүдийг хав дарсан нь илэрчээ. Сталин Х.Чойбалсантай уулзаад армийн генерал А.Антонов, Байгалийн чанад дахь тойргийн командлагч М.Ковалев нарыг дуудаж, И.Оспанаар удирдуулсан босогчдод Монголоор дамжуулан 400 винтов, 200 ширхэг “ППШ” автомат, пулемет 6, гар пулемёт 30, гранат 2000, винтовын сум 400000, дуран 5 ширхгийг шилжүүлэн өгөхийг даалгасан байна. Тэрбээр энэ зэвсгийн хүчээр нэлээд амжилттай тулалдан Шинжаан дахь хятадуудыг цохин Өрөмч хотыг эзэлсэн ч сүүлдээ эргэн шахагдсан билээ. Хожим энэ буу зэвсэг Монгол улсын хилд халдахад нь хэрэглэгдэж байсан нь гарцаагүй юм. Оспан бол манай хилийн цаана тусгаар улс байгуулах бодолтой явсан ч түүндээ хүрч чадалгүй сүүлдээ дээрэмчин болоод дууссан нэгэн болохоос Монголд суурьшсан казахууд шиг нэгэн биш билээ.
Нэг бол Орос, Монголтой эсэхүл Дорнод Туркестаны БНУ-тай аль эсвэл бүр гоминдантай хамтарч явсан энэхүү Оспан хэмээгчийн түүх их л ээдрээ будилаантай билээ. Бас түүнийг 1913-1917 онд Өвөрмонголд тэмцэж явсан Бавуужав гүнтэй ч адил хувь заяатай нэгэн мэт санагддаг. Шударга баатар харчин гүн Бавуужавын хувьд “ улсын хэлэлцээр хэмээх Хиагтын хэлэлцээрийн дараа Богдын Засгийн газар хүчинд автан өвөрлөгч ах дүүсээ чөлөөлөхөөр мордуулсан цэргээ татахад өөрийн мэдлийн цэргээ авч үлдэн бужигнуулсан билээ. Тэрбээр нэг бол Японоос зэвсэг авч хятадтай, эсвэл гоминданаас зэвсэг авч эргэж дайрах, заримдаа Монголын хил рүү уулгалж явсаар дууссан нэгэн билээ. Оспан ч мөн их гүрнүүдийн Шинжаан дахь бодлогын золиос болж Казахын нэгдсэн улс байгуулахаар тэмцсээр сүүлдээ эвгүйдэж дууссан нэгэн. Хожим 40-ээд оны сүүлээр дээрэмчин болсон түүнийг устгахаар олон ч оролдлого гарч байсан. Түүн дунд гаргамгай баатар Л.Дандар ч хоёр гурван удаа тусгай ажиллагаа гүйцэтгээд явж байсан байдаг. Ийм хүн лав Монголыг аврагч биш ээ, Ж.Батзандан гишүүн ээ.

О.Ганхуяг
Эх сурвалж: Gereg.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу