Caakmedee

АТГ “акул”-уудад холбогдох хэргийг шалгаж дууслаа

  • Нийгэм / Мэдээ мэдээлэл
  • 2019/11/06

Төрийн өндөр дээд албан тушаалтнууд холбогдсон авлигын хэрэг хэрхэн шийдэгдэхийг олон нийт анхааралтай гэгч нь ажиглаж буй. Тэгвэл АТГ-аас олны анхаарал татсан цөөнгүй хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, прокурорт шилжүүллээ. Тухайлбал, “Оюу толгой”-н гэрээтэй холбоотой С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нарт холбогдох хэргийг шалгаж дуусжээ. Үүнээс гадна ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудын болон Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нар, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат, Жастын Ш.Батхүү нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны АТБХ зохицуулах газрын дарга Д.Доржханд нар, "ДЦС-II" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуягтай холбоотой хэрэг гэх мэт олны анхаарал татсан авлигын хэргүүдийг шалгаж дуусаад прокурор, шүүх рүү шилжүүлсэн байна.
Одоогоор тус газарт Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нартай холбоотой тус тусдаа хэргүүд шалгаж буй. Хамгийн сүүлд Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК-ийн захирал “Хар Отгоо” хочтой Б.Отгонбаатар нарыг баривчилж ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ. Жараахай барьдаг, спорт загасчлал хийдэг гэх мэтээр олны шүүмжлэлд өртөөд байсан АТГ сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон олны анхаарал татсан хэргүүдийг ийнхүү толгой дараалан шалгаж дуусгаад прокурор, шүүхэд шилжүүлэв. Одоо тэдгээр албан тушаалтанд шүүхээс ямар ял шийтгэл оноохыг харах л үлдээд байна.
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу