Монголын дипломат алба, гадаад харилцаа өдрөөс өдөрт улам дампуурч байна гэвэл хэтрүүүлэл болохгүй болов уу. Энэ тухай олон жишээ татаж ярьж болохоор байна. Европ, Азийн оруудыг хэрсэн хар, бор тамхины наймаа, контрбандын хэрэгт манай диломат албаныхан бараг бүгдээрээ шахуу нэр холбогдов. Олон жилийн өмнөөс ужиг болсон тэдний иймэрхүү ноцтой гэмт хэргүүдийг таслан зогсоож, дипломат харилцааны нэр хүндийг сэргээх талаар өнөөгийн Засгийн газар, ялангуяа уг салбарыг гардаж хариуцсан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн хугацаанд олигтой юм ер хийсэнгүй. Иймд огцорч зайлах болзлоо хангаж буй Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар зэрэг сайдуудын нэг нь Д.Цогтбаатар болоод байна.
Д.Цогтбаатарын ажлын гологдол гэж хэлж болохоор нэг том үйл явдал саяхан болж өнгөрсөн нь Олон улсын FATF байгууллагаас Франц улсад зохион байгуулсан хурал байлаа. Энэ хурал дээр Монгол улс авлига, мөнгө угаах зэрэг хүнд гэмт хэрэг, санхүүгийн хариуцлага муутай систем зэргээсээ болоод шившигээ дэлгэн, саарал жагсаалтад бичигдэв. Үүнээс улбаалан одоо манайд сайд, дарга нар хоорондоо тэрсэлдээд, гэдсэндээ хөлөө жийлцэж байна. Саарал жагсаалтад ороход хамгийн их нөлөөлсөн гол буруутнаа хайж буй нь энэ л дээ. Тэгээд Монгол банкны Ерөнхийлөгч болон Санхүүгийн Зохицуулах хорооны даргыгаа ажлаас чөлөөлөөд санаа амрах бололтой. Гэвч үнэндээ үүгээр асуудал дуусахгүй. Зарим эх сурвалжуудын үзэж байгаагаар бол Монголыг саарал жагсаалтад оруулах эсэх тухай яригдсан тэрхүү FATF байгууллагын хурлын үеэр манай улсыг өмөөрч нэг ч гадаад улс орны төр засгийн томчууд, төлөөлөгчдөөс “А” гэж ам ангайгаагүй нь дипломат бодлого дэндүү сул дорой байгааг харуулав. Нөгөөтэйгүүр, мөнгө угаах, хар, бор тамхи тээвэрлэн боруулагчдийн дийлэнх хэсэг нь Монголын дипломат ажилтнууд болон дипломат паспорт ашигласан жирийн иргэд гэдгийг Ази, Европын бүх улс орны хууль хяналтынхан сайн мэддэг учраас саарал жагсаалтад ороход харин ч баяртай байсан байх.
Мөн Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр нь Улаанбаатар-Сөүлийн онгоцоор зорчихдоо хориод настай үйлчлэгч бүсгүйн бөгсийг илж, бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдон Өмнөд Солонгосын шүүүхийн шийдвэрээр тус улсад цагдан хоригдов. Өмнөөс ичиж үхмээр энэхүү дуулианы эхний өдрөөс харин манай томчууд баахан мэдэгдэл хийж, түүнийг өмөөрөх янзтай байлаа. Ялангуяа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар маш хариуцлагагүй юм яриад цохиж явна лээ. Тэрээр бараг л хэн нэг нь Д.Одбаярыг зориудаар тийм шившигтэй хэрэгт хутгаж буй мэтээр мэдэгдэхдээ мань эрийг дипломат халдашгүй эрх ямба эдэлдэг гэсэн юм. Гэтэл Д.Одбаярт тийм эрх ямба эдлэх үндэслэл байхгүй гэдгийг ахмад дипломатууд болон хуулийнхан нотолж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр нь гадаад улс оронд агаарын хөлгөөр зорчихдоо тухайн улсынх нь хууль журмыг жирийн иргэний нэгэн адил мөдрөх учиртай ажээ.
Ерөөсөө ганц Д.Одбаяр ч биш дипломат гадаад паспорт авсан яам, агентлагийн хурган дарга нар нь хүртэл эрээ цээрээ алдан Солонгосын казино руу цуварч, тэнд архидан согтуурч алийгаа алддаг нь нууц биш юм. Мөн дипломат паспортыг дарга нарт ойр явдаг хүмүүс болон жирийн иргэд өндөр үнээр дамлан борлууулдаг далд бизнесийг таслан зогсоох талаар Д.Цогтбаатар сайд үнэндээ хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Тиймээс дээрх контрбандын хэргүүдээс гадна өөр янз бүрийн хэргүүд ар араасаа цуварч гарсаар байгаа юм.
Монголд 800 Хятад иргэд орж ирээд цахим орчныг ёстой түйвээж хаях шахав. Тэдгээр хятадууд нь энэ оны наймдугаар сараас хойш зохион байгуулалттайгаар манай улс руу орж ирсэн нь илэрхий байлаа. Манай тагнуулынхан тэднийг мөнгө угаах гэмт хэрэгт сэжиглэж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл ийм дуулиан гарахаас хэдхэн хоногийн өмнө Замын-Үүд, Эрээний хил дамнасан хэсэгт чөлөөт бүс хөгжүүлэх нэрээр хятадуудыг Монгол руу 30 хоног визгүй зорчуулах хууль батлах гээд төрийн ордонд тун яаравчилж байлаа. Хуулийн ийм бүтэлгүй заалтыг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар дэмжих янзтай байсныг бас яана. Энэ мэтээр Д.Цогтбаатар сайдын суудал нэгэнт ганхаж эхлээд байгаа ажээ.
О.Баяр
Эх сурвалж: shuurhai.mn