Caakmedee

Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө

  • Улс төр
  • 2018/12/10
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн НИТХ-д ирүүлсэн саналыг хүндэтгэн  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн. Энэ хүсэлтийг харгалзан Ерөнхий сайд өөрийн саналаа эргүүлэн татаж авснаа албан бичгээр НИТХ-д мэдэгдсэн юм. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд захирамж гарган, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Сундуйн Батболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. 
Ерөнхий сайдын захирамжийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалан НИТХ болон Нийслэлийн Засаг даргын Тамгын газрынханд танилцуулж, үүрэг гүйцэтгэгч томилж байгааг мэдэгдлээ.
Нийслэлийн Засаг даргыг шинээр томилох хүртэл түүний бүрэн эрхийг Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан гүйцэтгэхээр болж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Миний бие Монгол төрийн төлөө 28 жил тасралтгүй ажилласан. Өнөөдрийн улс төрийн нөхцөл байдал болон олон хүчин зүйл шалтгааныг харгалзан үзээд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Нийслэлийн хувьд ажил тогтвортой сайн байсан гэдгийг тэмдэглэн хэлмээр байна. Нийслэл өөрөө олон талт үйл ажиллагаа явуулдаг. Засгийн газрын ажлын 50 хувийг үүрч явдаг. Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр 60 гаруй хувьтай биелэсэн.
Дээд түвшинд явагдаж байгаа улс төрийн тэмцэл НИТХ руу орох ёсгүй. Огцруулах бичгийн үндэслэл миний хийсэн ажилтай дүйцэхгүй байсан учраас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Хамтран зүтгэж байсан та бүхэндээ баярлалаа. Бид бүхэн маш том зорилтууд тавьж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө цаг наргүй ажиллаж байсан. Хамтран зүтгэгчид маань энэ ажлуудаа гүйцээнэ гэдэгт итгэлтэй байна. 2.6 жилийн хугацаанд хотын удирдлагын багийн бодлогыг ямагт дэмжиж, сайн муу санал шүүмжлэлээ харамгүй хэлж байсан нийслэлийн иргэддээ талархлаа. Нийслэл хот улс төржих талбар биш. Энд ажил буцалж, өрнөж байдаг газар учраас улстөрчийн хувьд шийдвэр гаргасан. Ирэх оны төсөв, үндсэн чиглэлийг НИТХ хуулийн хугацаанд баталсан учраас нийслэл хотод ганц хором, ганц өдөр ч ажил цалгардахгүй гэдэгт итгэж байна” гэлээ.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан болон нийслэлийн удирдлагын багийнхан хотын дарга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбогдуулан хүндэтгэл үзүүллээ. 

medee.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу