Caakmedee

Доголон Төмөр хааны хараал

  • Нийтлэл
  • 2019/11/28
“Аугаа их Төмөрийн булшийг ухах гэнэ. Хараал нь бидний толгой дээр бууна даа” гэх яриа 1941 оны зургадугаар сард Самарканд хотын зээлийн газар, гудамжаар дуулдах болжээ. Түүгээр ч барахгүй Караниязов, Михаил Герасимов нар удирдан Гур-Эмирт малтлага хийхээр шийдэв. Гур-Эмир нь Самаркандад байдаг асар том бунхан бөгөөд эрт цагаас энд байлдан эзлэгчдийн удмынхныг оршуулж ирсэн ч Төмөр хааны шарил энд бий гэдэгт хүмүүс тэр бүр итгэдэггүй байж. Булшинд байгаа шарилуудыг судлах, тэдгээр нь Төмөр болон түүний төрөл садныхных мөн, эсэхийг нотлох нь уг малтлагын зорилго гэнэ. Зөвлөлт засаг тухайн үед хөрөнгө мөнгөөр гачигдаж байснаас Төмөрийнхний булшинд их эд баялаг байгаа хэмээн найдсан гэх таамаг бий. Түүнчлэн германчуудын адилаар удахгүй эхлэх дайны төгсгөлийг өөрийн талд ашигтай болгох ид шидийн хүчийг олно гэх горьдлого ч байсан гэж үздэг. Малтлага зургадугаар сарын 16-нд эхэлсэн байна. 
Төмөрийн булшийг нээснээс хоёр хоногийн дараа буюу 22-нд фашист Герман ЗХУ руу довтолсон. Энэ явдал булшийг оролдсонтой холбоотой гэж олон хүн үзэв. ЗХУ-тай дайтах төлөвлөгөөг Гитлерийн штаб 1940 онд боловсруулж, довтлох тов 1941 оны хавар цөөн хүний дунд тодорхой болж, эцсийн шийд 1941 оны зургадугаар сарын 10-нд, өөрөөр хэлбэл, Төмөр хааны шарилыг нээхээс өмнөхөн гарч, цэргүүддээ 20-нд дуулгасан байдаг. Булш ухсан хүмүүсийг эргүүлэн дуудаж, шарилуудыг шинжлүүлэхээр Москва руу илгээлээ. Дэлхийн II дайнд үндсэн өөрчлөлт гаргасан Сталинградын тулаан ялалтаар дуусахаас нэг сарын өмнө Төмөр болон түүний төрөл төрөгсдийн шарилыг Самаркандад буцаан аваачиж, хүндэтгэлтэйгээр нутаглуулахыг Сталин тушаасан аж. 
Олон түмний дунд домог мэт болсон яриагаар бол булшнаас гаргаж авсан зүйлийг дайны фронт дээгүүр нэг сар зөөсөн нь байлдаж байгаа лалын шашинтнуудын сэтгэл санааг өргөж, урмыг бадраасан гэдэг. Шарилын үлдэгдлийг 1942 оны арваннэгдүгээр сарын 15-нд Самаркандад авчирсан юм гэдэг. Зарим баримтад шарилыг 1942 оны арваннэгдүгээр сарын 20-нд авсанд нь буцааж хийсэн хэмээсэн байдаг. Нэг эх сурвалжид өгүүлснээр малтлага 1941 оны зургадугаар сарын 21-ний өглөө эхэлсэн аж. Доголон Төмөр хаантай холбоотой олон зуун домог байдгийн нэгт нь итгэх юм бол түүний авсыг нээснээр Дэлхийн II дайн эхэлжээ. Булш малтагчдын багт оролцсон академич М.М.Герасимов гавлын ясыг нь судалсны үндсэн дээр Төмөр хааны ерөнхий төрхийг сэргээсэн байна. Энэ хүн Догшин Иваны дүр төрхийг гавлын ясаар нь баримжаалан сэргээн дүрсэлсэн гэдэг. Төмөрийн үс Чингисийн удмынхан шиг хар биш, элгэн хүрэн өнгөтэй, нуруу нь Дундад Азийнхны хувьд өндөр гэхээр, 180 см байсан нь М.М.Герасимовын гайхлыг төрүүлсэн аж. Түүнээс гадна булшнаас ухаж гаргасан араг ясны тойг гэмтсэн байсан нь уг шарил “доголон” Төмөрийнх болохыг гэрчилжээ. 
Төмөр нь Чингисийн гуч байсныг бид мэднэ. Авснуудыг эхнээс нь онгойлгохоор шийдэхэд анхных нь Төмөрийн хүү Шахрухынх, дараагийнх нь ач Улугбекийнх нь байв. Тэднийг хүч хэрэглэн хөнөөсөн болох нь ясанд үлдсэн ул мөрөөс тодорхой болжээ. Улугбекийн шарил харьцангуй сайн хадгалагдаж, толгойг нь тасалсан байсан гэдэг. Төмөр хааны ач хүүг шашнаасаа урвасных нь төлөө ийн цаазалсан аж. Улмаар нэгэн таганд тулав. Түүн дээр эртний перс хэлээр “Бид бүгд хорвоог орхино. Цаг нь ирэхээр бүгдээрээ амьсгал хураана. Өвгөдийнхөө шарилыг хөндсөн хүн хамгийн аймшигтай цээрлэл хүлээнэ” гэж бичсэн байв. Өдрийн цайны цагийн үед гурван буурал хүрч ирээд араб хэлээрх эртний судар дэлгэн “Аугаа жанжны шарилыг хөндөж үл болно, зөрчвөл дайн зайлшгүй эхэлнэ” гэж энд бичжээ хэмээснийг оператор Малик Каюмов ярьсан байдаг. Үүнийг тэр даруйд нь нөхдөдөө хэлсэн ч хэн ч тоосонгүй. Уг мэдээлэл Сталины сонорт хүрсэн ч бас л ач холбогдол өгсөнгүй. Нэгэн явдал тохиолдоогүй бол булшны тухай яриа хөөрөө намжих байсан биз. Гур-Эмир бунхныг сэргээн засварлахад Москва 1943 оны зун нэг сая рубль өгчээ. Энэ хэмжээний хөрөнгийг ийм юманд зарцуулахад тийм ч тохиромжтой цаг үе биш ч Сталины дотор нэгэн бодол байсан бололтой. Юутай ч Сталинградын тулалдаан Паулюсын армийг бут цохисноор дууссан юм. 
Их эзэн хаан Төмөр 1336 онд барлас овгийн монгол айлд одоогийн Узбекистаны нутагт төрөхдөө гартаа нөж атгасан байсан гэх домог бий. 1370 оноос байлдан эзлэгчийн хувьд түүний нэр олонд түгж, хатуу ширүүн тулааны үр дүнд Хорезм, Алтан орд, Бага Ази, Энэтхэг, Ираныг өөрийн захиргаанд нэгтгэж, Амударья, Сырдарья мөрөн, Чирчик голын сав газар түүний улсын нутаг дэвсгэрт орж байжээ. Тэрбээр Арал тэнгисээс Персийн булан, Энэтхэгээс Армен хүртэлх газар нутагтай хүчирхэг том эзэнт улс байгуулсан аж. Насан өтөл болтлоо аян дайнаа үргэлжлүүлж, Хятад руу довтлох үедээ буюу 1405 онд Казахстаны нутагт хорвоог орхижээ. Энэ аян дайнд 1398 оноос бэлтгэсэн гэж үздэг. Үхлийн шалтгаан нь уушгины үрэвсэл байж. Тэрбээр 68 насалжээ. Түүний шарилыг занданшуулж, Самаркандад авчирч, Гур-Эмирт оршоосон байна. Төмөр хаан Жахангир, Омар Шайх, Шахрух, Мираншах гэх дөрвөн хүүтэй. Ука-Бегим, Султан Бахт-ага, Биги-жан, Саадат Султан, Мусилла гэх охинтой, долоон ачтай байв. Гур-Эмирт түүнээс нь гадна Шахрух, Ми раншах, ач Мухаммад-Султан, Улуг бек нарыг нь нутаглуулжээ. Төмөр хаан ширээгээ ач Мухаммад Султаны хүү, гуч Пир-Мухаммадад өвлүүлэхээр гэрээсэлсэн байна. Пир-Мухаммад нь Кабул, Умард Энэтхэгийг захирч байв. 
Төмөрийн цогцсыг өнөөгийн Афганистаны нутагт оршуулсан гэх яриа үүнтэй ч холбоотой байж мэднэ. Төмөр Чингисийг ихэд дээдэлдэг, гарал үүслээрээ, цэрэг дайны гавьяагаараа ч түүнтэй эн зэрэгцэхийг насан туршдаа эрмэлзжээ. Төмөрийн байгуулсан гавьяа нь Самарканд хотыг байгуулсан явдал. Энэ хот их хөлийн газар, Азийн төв болж байлаа. Харамсалтай нь, байгуулсан их эзэнт улс нь түүнийг нас барснаас хойш хагас зуунаас нэг их олон жил оршин тогтносонгүй. 
Авцалдаагүй нэг баримт дурдах нь, Төмөрийн бунхныг ухаж төнхсөн нь Узбекийн их найрагч Алишер Навойн мэндэлсний 500 жилийн ойг тэмдэглэх нүргээнт ажлын хүрээнд болсон гэх. Яруу найрагчийн олны хүртээл болоогүй гар бичмэл булшинд байж болзошгүй гэж горьдсон аж. Учир нь Төмөр хийгээд түүний ач Улугбек яруу найрагч, хөгжимчин, гүн ухаантныг ихэд ивээдэг байж. Гэтэл Алишер Навой 1441 онд төрсөн, Төмөр хаан 1405 онд нас эцэслэсэн, Улугбек 1449 онд өөд болоход их найрагч дөнгөж найман настай байсан болохоор гар бичмэлийн тухай юу ярих билээ. Гур-Эмир бунханд оршоосон шарилуудыг ухаж төнхөхийг Сталин ямар зорилгоор сэдсэн нь өнөө хэр бидэнд таамаг төдийгөөс хэтрэлгүй нууц хэвээр үлдэв. Бунич “Намын алт” номдоо “Бүх алт, цагаан алт, эрдэнийн чулууг төрийн гарт төвлөрүүлэхээр Сталины тавьсан зорилгыг биелүүлэх ажил эрчимтэй хэрэгжсэн” гэсэн байдаг. Сталины зохион байгуулсан экспедицийн зорилго юуны түрүүнд Гитлерийн Германы эсрэг хэрэглэж болох Төмөр хааны эрдэнэсийг эрж олоход чиглэж байсан гэсэн таамгийг Антон Шабашов дэвшүүлсэн аж. 
Ташрамд хэлэхэд, аугаа их Төмөрийг Тамерлан гэж нэрлэхийг хоригложээ. Учир нь Тамерлан гэх нь “доголон Төмөр” гэсэнтэй утга нэг, гэтэл ихсийг “доголон” гэж хэлж үл болно. Их хүн бүх талаараа их л байх учиртай, хойчийнхоо ухаанд “доголон” үлдэж яхин болох. Түүгээр ч барахгүй Узбекистан улсын тусгаар тогтнолын эриний эхэн үеэр хүүхэд, залуучуудын дунд энэ их хүний нэрийг хадгалсан байгууллага бий болгох санаа төрж, ЗХУ-ын дотор “Тимурчүүдийн хөдөлгөөн” үүссэн байна. Энэ хөдөлгөөний эхийг Аркадий Гайдарын ном тавьж, насанд хүрсэн хүмүүст тусалдаг пионертимурчүүд гарч иржээ. Төмөрийг Дундад зууны үеийн перс, турк эх сурвалжуудад “Сахиб киран” хэмээн авгайлж байсан нь шилжсэн утгаар “аз жаргалтай” гэсэн агуулгатай гэнэ. Төмөр их эр зоригтой, тэвчээртэй, биеэ барьж чаддаг хүн байсан гэх ажаам. Хамгийн хүнд хэцүү үед зөв шийдвэр гаргаж чаддаг, энэ нь хүмүүсийг их татдаг байж. Том толгой, өргөн духтай, тэвхгэр мөр, бүдүүн хуруутай, чанга дуутай, хүч чадалтай нэгэн. Урт сахалтай, баруун гар, хөл нь эрэмдэг, зөөлөн харцтай гэх мэтээр эх сурвалжид бичсэн байдаг аж. Төмөр лалын шашинтай хүн байж. Түүнийг тухайн үедээ боловсролтой, перс, араб болон хэд хэдэн хэл мэддэг, түүх, гүн ухаан, уран зохиолын мэдлэгтэй байсан гэж үздэг. 
Дэлхийн II дайн эхэлснийг Төмөр хааны булшийг хөндсөнтэй холбож, түүний хараал хүрсэн гэх яриа, таамаглал нэлээд түгээмэл аж. Авсны таган дээр бичсэн үг ч нэгийг өгүүлэх мэт. Булшийг ухах бүх ажлын явцыг хальсанд буулгаж авсан зураглаач Малик Каюмовын гэр чилснээр бол авсыг онгойлгохыг эхэлж санаачилсан хүн нь эрдэмтэн судлаач Михаил Массон юм байна. Тэрбээр ямар нэг металл зүйл олох хүсэлтэй байв. Гэвч юу ч олсонгүй.

Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу