Caakmedee

Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

  • Онцлох мэдээ / Эдийн засаг
  • 2019/12/11
“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум орчим ам.доллароор өсөхөөр болсныг “Рио тинто” өнгөрсөн намар зарласан. Үргэлж ээдрээ, элдэв үл ойлголцол дагуулж байдаг уг төслийн хөрөнгө оруулалтын зардал дахин нэмэгдэхээр болсон нь нөхцөл байдлыг улам дордуулав. Монголын улстөрчид “Дубайн гэрээ”-г 2015 онд байгуулснаас хойш “Оюутолгой” төслийг хамтран хэрэгжүүлж буй “Рио тинто”-д давамгай байдал үүссэн гэж үзэж буй. Хэдэн жил хэлэлцэж, ярилцсаны эцэст УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолын төслийг батлаад удаагүй байна. Төслөөс өнөөгийнхөөс илүү их үр ашиг хүртэхийг УИХ Засгийн газарт даалгасан хэрэг.
Олон нийт “Оюутолгой” төслийн талаар өөрийн ойлгох, мэдэх хэмжээгээрээ байр сууриа илэрхийлдэг. Энэ удаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, “Дубайн гэрээ”-г байгуулахад оролцож байсан залуу улстөрч, мэргэжилтнүүд хийгээд судлаачдын байр суурийг сонслоо. Тэдэнд “Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг УИХ баталсан. Уг тогтоолын хүрээнд Засгийн газар “Рио тинто” групптэй хэлэлцээр хийх нь тодорхой боллоо. Монголын тал хэлэлцээрт ямар байр суурь, зарчим баримтлан оролцоосой гэж бодож байна вэ” гэсэн асуулт тавьсан юм.
ОЛОН АСУУДЛЫГ ЦЭГЦЛЭХИЙГ ҮҮРЭГДСЭН ТОГТООЛ БАТАЛСАН
Г.ТЭМҮҮЛЭН (УИХ-ын гишүүн):
-“Оюутолгой” төсөлд Засгийн газрын болон УИХ-ын ажлын хэсгээс 2018 онд хийсэн шалгалтын дүнд үндэслэж, УИХ-ын тогтоолыг гаргасан. УИХ-ын зүгээс 2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахтай холбогдуулан шийдвэр гаргаж байснаас хойш 10 жилийн дараа гаргаж байгаа анхны тогтоол шийдвэр гэдгээрээ энэ удаагийнх маш онцлогтой. Том төслөөс өнгөрсөн 10 жилийн хугацаанд бидний олж авсан сургамж, цаашид төрөөс баримтлах арга хэмжээний цогц бодлогыг маш тодорхой заасныг Засгийн газар заавал хэрэгжүүлэх хэрэгтэй болно.
Мэдээж тогтоолын хүрээнд Засгийн газрын зүгээс ойрын хугацаанд хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж таарна. Хэлцлийн хүрсэн үр дүнг нь УИХ-д шуурхай танилцуулах ёстой. Мөн тогтоолын 1.3-т зааснаар нөгөө талтай хийх яриа хэлэлцээнд манай талын хүрэх үр дүнг маш тодорхой зааж өгсөн. Монголын тал одоогийн 34 хувь эзэмших нөхцөлөөр үргэлжлүүлэх үү, эсвэл бүтээгдэхүүн хуваах болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрөөр 34 хувиа орлуулах уу гэдгийг сонгоно. Аль ч тохиолдолд “Оюутолгой” төслөөс Монголын талын хүртэх үр өгөөжийг 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-д заасан эдийн засгийн суурь хэлцэл болох нэрлэсэн үнээр 53 хувиас хэзээ ч бууруулахгүй байхыг хатуу үүрэгдсэн. Энэ тоо, мөнгөн үр өгөөж бол төслийг эхлүүлэх үед хоёр талын хатуу тохиролцож ойлголцсон эдийн засгийн суурь тооцоолол учраас энэ сууриа бид хэзээ ч, аль ч Засгийн газрын үед хатуу баримтлахаас өөр аргагүй.
Дээр нь тогтоолын 1.6-д зааснаар Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс жил гаруй хугацаанд ажиллаж гаргасан нийт 87 санал, дүгнэлтийг заавал хэрэгжүүлэхийг Засгийн газарт маш тодорхой зааж өгсөн. УИХ-ын даргын 2018 оны захирамжаар ажилласан ажлын хэсгийн санал, дүгнэлтээр “Дубайн гэрээ”-г цуцлах арга хэмжээнээс авахуулаад хууль тогтоомжийн дагуу татвар, төлбөр, хураамжийн орлогыг төсөвт бүрэн төвлөрүүлэхэд анхаарах асуудал, үндэстэн дамнасан компаниудын татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрэн хаах хүртэлх гээд бидний бүхий л алдаа, оноо, түүнээс авах сургамж арга хэмжээнүүдийг бүрэн тусгасан.
Монголын төр цаашид уул уурхайн стратегийн төслүүдэд баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлж, хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох асуудлыг ажлын хэсгийн санал дүгнэлтэд тодорхой зааж, Засгийн газарт хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах нь зөв юм уу, эсвэл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах вэ гэдгийг заасан. Мөн тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох арга замыг зааж өглөө. Төрийн зүгээс татвараа ядаж бүрэн төвлөрүүлэхэд өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах вэ, цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгж бий болгох, боловсон хүчнийг мэргэшүүлэх, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц тогтоох зэрэг бүхий л асуудлыг тусгасныг хэрэгжүүлэх шаардлагатай болно.
“ОЮУТОЛГОЙ”-Г ТОЙРСОН ХИЙРХЛИЙГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ
Ч.ОТГОЧУЛУУ (Эдийн засагч, судлаач):
-“Оюутолгой”-той холбоотой УИХ-ын тогтоолын албажсан хувилбарыг олж үзээгүй байна. Харин хэвлэлийн мэдээллээс харахад, энэ тогтоолын үндсэн чиглэл нь УИХ-аас 2008 онд баталж байсан 40 дүгээр тогтоолын анхны хувилбарууд руу буцах боломжийг судлах үүрэг өгсөн юм уу гэж таасан. Алдарт 40 дүгээр тогтоолоор “бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах”, “ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг эзэмших”, ингэхдээ “роялти юм уу, зээлээр 34 хувиа орлуулах” гэсэн хувилбарыг судлах үүргийг Засгийн газарт өгсөн. Дараа нь буюу 2009 онд УИХ-аас 57 дугаар тогтоолоо баталж, ордыг ашиглах компанийн хувьцааны 34 хувийг эзэмшихийг даалгасан. Үүний дагуу тухайн үеийн Засгийн газар нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.
Харин 10 жилийнх нь ой дээр УИХ-аас дахин тогтоол гаргаж, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард дахин суухаар болж байх шиг байна. Үүнийг сонгуулийн популизм бүү болгоосой, төрийн хүмүүсийн зангараг зааж, ул суурьтай, тооцоо судалгаатай хандаасай гэж хүсэж байгаа. Тогтоолд хөндлөнгийн хараат бус зөвлөх үйлчилгээ заавал аваарай гэсэн сайн заалт оруулсан байна билээ. Ашиг сонирхлын ямар ч зөрчилгүй зөвлөх авах хэрэгтэй. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах зөвлөх авахдаа 2009 онд нэг алдаа гаргасан. Засгийн газар нь “Голдман сакс”-аас зөвлөгөө авчихсан. Гэтэл нөгөөх нь “Айвенхоу майнз”-ын хувьцааг эзэмшдэг байсан гэх яриа тасардаггүй. Мөн хуулийн зөвлөх үйлчилгээ сайн аваасай гэж бодож байна.
Ижил төстэй уурхайнуудтай харьцуулсан татвар, роялтийн судалгааг маш сайн хийгээсэй. Харин “Эрдэнэт үйлдвэр”-тэй шууд харьцуулах нь зохимжгүй. “Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд бид ЗХУ-д маш их баялгаа үнэгүй шахам өгсөн. Хэд хэдэн Эрдэнэт хот барих мөнгөө “ах дүүгийн найрамдал” гэх нэрийн дор колони орны жишгээр коммунист ах нартаа “бэлэглэсэн”.
Мөн Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтэд хэт автвал алдаа болно. Тэд мөнгөн урсгалаа маш буруу тооцсон харагдсан. Ингэхээр өгөөжийн тооцоолол ч буруу гарна. Дубайн төлөвлөгөөг шүүмжлэхийн зэрэгцээ түүхийг нь сайтар ойлгох хэрэгтэй. Үнэндээ бол нэг л үе шатны бүтээн байгуулалтыг хийх төлөвлөгөө. Дубайн төлөвлөгөөг байгууллаагүй байсан ч ногдол ашиг хойшлох л байсан. Учир нь зардал хэтэрсэн нь үнэн. Тэр хэтэрсэн зардлыг санхүүгийн тайлангаас хасах хуулийн боломжгүй гэдгийг тухайн үед Сангийн сайд байсан Ч.Улаан гуай тайлбарлаад өгөх байх.
Бас гуравдагч хөршийн бодлогоо тэнцвэртээ авч яваасай. Манай хоёр хөрш их гүрний амбицаа огт нуухгүй байгаа. ОХУ гадаад бодлогын үзэл баримтлалаа шинэчилсэн. Бараг л ЗХУ-ын үеийн нөлөөний бүсээ эргүүлэн сэргээнэ гэдэгтээ итгэлтэй байгаа. Хятад “Бүс ба зам” санаачилга гаргаж, нөлөөний бүсээ шинээр тогтоох гэж байна. Хятад зэс зэрэг түүхий эдийн импортыг эдийн засгийн аюулгүй байдлын хүрээнд авч үзнэ гэдгээ зарласан. Тиймээс нөлөөний бүсийнхээ уурхайнуудад хяналтаа тогтоох гэж оролдоно. Ингэж байж хангамжаа найдвартай болгоно, түүхий эдийн үнийг бууруулах нөхцөлөө бүрдүүлнэ. Гэтэл манайхан бүтээгдэхүүнээ Япон, Өмнөд Солонгос руу борлуулах сонирхолтой байгаа нь Хятадын бодлоготой зөрчилдөнө.
Эдийн засгийн өгөөжийн хувьд харин тогтоолд заасан нэг хувилбарын дагуу 34 хувиасаа татгалзаад, оронд нь тусгай роялтигаар хүлээгдэж байсан ногдол ашгаа нөхөн авч болно. Эсрэгээр 34 хувьтайгаа үлдлээ гэхэд өрөө “цоожлох” ёстой гэж бодож байна.
Хамгийн гол нь гэрээг цуцалж, төслийг зогсоож болохгүй гэдэг дээр эрх баригч улс төрийн хүчний доторх бүлэглэлүүд санал нэгдсэн гэж харж байгаа. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт өссөн, өрөө дахин санхүүжүүлсэн нь “Оюутолгой”-н ач юм. “Оюутолгой” төслөөс улсын төсөвт жилд 300 сая ам.доллар төлж, цалинд 200 сая ам.доллар зарцуулж байна. Үүгээр зогсохгүй 700 сая ам.долларын худалдан авалт хийдэг. Энэ 1.2 тэрбум ам.долларын мөнгөн урсгалыг зогсоочихвол эдийн засаг “цус алдана”. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолчихвол жирийн иргэд л хохирно. Шийдвэр гаргагчид хоосон айдас, сошиал дахь бухимдалд автаад, бусдыг дагаж хийрхээд байвал дахиад л алдаа гаргана. Дээр нь хот байгуулаагүй, “Дубайн гэрээ” хууль зөрчсөн, баялгаа барьцаалсан, ард түмэн өрөнд орсон гэх мэт “Оюутолгой”-г тойрсон хийрхлийг зогсоомоор санагддаг.
АМЖИЛТТАЙ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ ДАВУУ ТАЛ ХАРАГДАХГҮЙ БАЙНА
Ц.ЦОЛМОН (УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга асан, хуульч):
-“Оюутолгой” бол дэлхийд томоохонд орох уул уурхайн төсөл. Одоо төслийн талаар сэтгэлийн хөөрлөөр бус, нарийн тооцоо судалгааг үндэслэж ярих шаардлагатай. Ямар ч байсан хэнтэй, ямар нөхцөлөөр, ямар байдалд хэлэлцээр хийх гэж байгаа, ямар үр дагавар гарах юм гэдгийг манайхан сайн ойлгох ёстой. Миний санаж байгаагаар, 2009 онд байгуулсан Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголын тал төслийн 53 хувийн үр өгөөжийг хүртэнэ, Монгол Улс 2020-2023 оноос ногдол ашгаа авч эхэлнэ гэсэн тооцоонд үндэслэн хийсэн. Яагаад 2015 онд “Дубайн гэрээ”-гээр 2009 онд өмнө нь тохирсон төслийн санхүүгийн загварыг бүхэлд нь өөрчилсөн, яагаад төслийн зардал хэд дахин өссөн, тэрийг нь яагаад тухайн үеийн манай албан тушаалтнууд хүлээн зөвшөөрчихсөн юм гэдгийг олон нийтэд ойлгомжтой тайлбарлах шаардлагатай. Сая гарсан УИХ тогтоол бол “Дубайн гэрээ”-г хүчингүй болгож, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны байдалд нь аваач, боломжтой бол түүнээс илүү сайжруул гэсэн агуулгатай юм байна гэж би хувьдаа ойлголоо.
Харин төслийн хөрөнгө оруулалтын 34 хувийг эзэмшихгүйгээр, АМНАТ-ийг нэмэгдүүлэх хувилбарын хувьд санхүүгийн тооцоог нь харж байж ярихгүй бол болохгүй биз ээ. Би худлаа санаагүй бол дээр 2009 оны гэрээгээр 2020-2023 онд манай тал ногдол ашгаа авч эхлэхээр тохирсон байсныг хэлсэн. 2020 он гарахад ердөө сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Нөгөө талаас аливаа гэрээг хоёр тал байгуулдаг. Гэрээ байгуулсан тал маань бидэнтэй хэлэлцээр хийх, эсэх талаар одоогоор мэдэгдсэн зүйл алга. “Оюутолгой”-н хувьд мега төсөл хэрэгжүүлж сурсан Англо-Австралийн компани АНУ-ын Нью-Йорк, Канадын Торонтогийн биржээс хөрөнгө босгоод “Оюутолгой” төслийг хариуцан ажиллаж байгаа. Энэ хөрөнгө оруулагч ер нь хэн бэ, доторх засаглал нь ямар вэ, яаж шийдвэр гаргадаг юм гэдгийг манайхан маш сайн ойлгож байх учиртай.
Нөгөө талаас “Рио тинто” дэлхийн эдийн засгийг атгаж байгаа олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас хөрөнгө татаж төсөлд зарцуулсан. Энэ санхүүгийн байгууллагуудын ашиг сонирхол хөрөнгө оруулагч талд жин нэмэх нь тодорхой. Өнөөдрийн манай дотоод эдийн засгийн нөхцөл байдал, улсын өрийн хэмжээ, Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж дуусаж байгаа, томоохон хэмжээний бондын өрийг төлөх хугацаа ойртсон, УИХ-ын сонгууль дөхсөн зэрэг хүчин зүйлийг харгалзан үзвэл хэлэлцээрийг тийм хурдан, амжилттай хийх давуу байдал бидэнд харагдахгүй байна.
“Дубайн гэрээ”-нд гарын үсэг зурах эрх олгосон Ерөнхий сайдын захирамжийг хүчингүй болгосон шүүхийн болон УИХ-ын шийдвэр гарснаас хойш, “Financial times”, “New York times”, “Bloomberg”, “Australian financial review” гээд Англи, Америк, Авсрали, Канадын бүх л томоохон санхүү, уул уурхайн хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн өнцгөөр “Оюутолгой” төслийн талаар мэдээ гарч байна. “Рио тинто” Монголын Засгийн газартай асуудалгүй, хууль зүйн маргаан байхгүй гэж байгаа боловч нэлээд хүнд байдалд орж байх шиг. “Рио тинто” Монголын Засгийн газар хоёр нэг завин дээр сууж байгаа гэдгийг бид бодолцох л учиртай.
Ямар ч тохиолдолд УИХ-ын тогтоол Оюутолгойн гүнийн уурхайн бүтээн байгуулалтыг зогсоох үндэслэл болохгүй байгаасай гэж найдаж байна. Хэрэв хөрөнгө оруулалт, гүний уурхайн бүтээн байгуулалт зогсвол аль аль тал нь улам их алдагдалд орж, цаг хугацаа алдана гэдгийг ойлгож байгаа болов уу.
34 ХУВИА ЗАРААД ТӨСЛӨӨС ГАРАХ ШААРДЛАГАТАЙ
Л.НАРАНБААТАР (Эрдэс баялгийн эдийн засагч):
-УИХ-аас Оюутолгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийн хангуулах тогтоол баталсныг би хувьдаа дэмжиж байгаа. Энэ бол “Оюутолгой” төсөлтэй холбоотой, маргаан, мэтгэлцээн, үл ойлголцолд цэг тавих боломж гэж харж байна. Тогтоолын төсөлд “Оюутолгой” төслөөс хүртэх Монголын талын үр өгөөжийг хөрөнгө оруулалтын гэрээ болон 2010 оны техник, эдийн засгийн үндэслэлийн тооцоололд зааснаар 53 хувиас бууруулахгүй байх хүрээнд Монголын талын 34 хувийн хувьцааг бүтээгдэхүүн хуваах нөхцөл, эсхүл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр оруулах хувилбарыг судлан шийдвэрлэх, шаардлагатай тохиолдолд холбогдох хууль, тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан УИХ-д танилцуулах гэсэн заалтыг дэмжих хэрэгтэй.
Монгол Улсын Засгийн газар “Оюутолгой” компанийн 34 хувийг эзэмшсэнээр хэзээ, хэр хэмжээний өгөөж хүртэх нь тодорхойгүй боллоо. Тодорхойгүй зүйлийг хүлээж байхын оронд 34 хувиа ханасан үнэ хүргэж зараад гарах ёстой гэж боддог. Тэгээд хүртэх өгөөжөө роялтигаар аваад явах хэрэгтэй. Тэгвэл бид өгөөжийн эрт хүртэж эхэлнэ. “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголыг төлөөлж гурван хүн багтдаг. Тэд улсынхаа эрх ашгийг хангаж ажиллаж чаддаггүй. Ялсан намын нөлөө бүхий хүмүүсийн сард 40 мянган ам.долларын цалин авдаг зөөлөн суудал болж хувирсан. Ийм жишгээр удаан яваад сайнаа үзэхгүй гэж бодож байна.

Т.Энхбат
Эх сурвалж: Өнөөдөр сонин
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу