Caakmedee

Хуульч сайдыг “загнасан” нь

  • Нийтлэл
  • 2019/12/13
Сүүлийн үед Ц.Нямдорж сайд их ууртай байгаа. Аливаа оролцсон хурал дээрээ үг болох болгондоо бусдыг загнаж, микрофон алгадах болсон. Сайдыг загнах хүн байхгүй болж, бүгд түүнээс эмээж, үг хэлэх болгонд нь бүгд толгой гудайж загнуулах болов.
Гэвч энэ удаа Ц.Нямдорж сайдын саяхан Хууль зүйн байнгын хороон дээр Өмгөөллийн хуультай холбогдуулан бусдыг загнасан зүйлтэй нь холбогдуулан хуульч, өмгөөлөгч Бүдрагчаагийн Баяр “загнахаар” шийдсэн байна.
Сайдын ярьсан зүйлд Fact Check буюу бодит үнэнд хэрхэн нийцсэн мэдээлэл өгсөн эсэхийг тодруулах замаар Б.Баяр өмгөөлөгч ийнхүү “загнажээ”:
Сайд Ц.Нямдорж: “Хуульчдын холбооны хэдэн хүн УИХ-ын гишүүдийг ятгаж гүйгээд сүүлдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан юм шиг байна.” (Худал)
Хуульчдын холбооны гишүүн 100 гаруй хуульч УИХ-ын гишүүдэд хандаж захидал хүргүүлсэн. Тэд Хуульчдын холбооноос цалин авдаг албан тушаалд ажилладаггүй бөгөөд өмгөөллийн үйл ажиллагаа бие даан явуулдаг, хувийн хэвшлийн салбарынхан. Тэд зөвхөн өөрийн идэвхи санаачилгын үүднээс, Хуульчдын холбооноос ямар нэг төлбөргүйгээр, Хуульчдын холбооны удирдлагаас хараат бусаар дээрх захидлыг хүргүүлсэн болно, хэн нэгэ гишүүдийг биечлэн дагаж гүйгээгүй байна. 100 гаруй өмгөөлөгч гарын үсэг зуржээ. Хуульд тавьсан хоригийг УИХ хүлээн авах зүйтэй, эсэх талаар хуульчид төдийгүй иргэд ч санал, шаардлагаа УИХ-ын гишүүдэд хүргүүлэх нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.12-т заасан “Төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргах эрх,” ардчилсан нийгмийн хэвийн үйл явц.
Ерөнхийлөгчийн тамгын газарт нэг ч хуульч, өмгөөлөгч биеэр хандаагүй бөгөөд Ерөнхийлөгч өөрт нь хуулийн төслийг өргөн мэдүүлсний дараа хуульд заасан хугацаанд хориг тавих эсэх талаар хуулийн дагуу судлаад хориг тавихаар шийдсэн байна. 2019 оны хавар Ерөнхийлөгч Өмгөөллийн хуулийн төслийг боловсруулах, өргөн барих шатанд дэмжихгүй гэсэн саналаа хүргүүлж байснаас харахад энэ нь түүний зарчмын байр суурь мөн гэж ойлгож байна.
Сайд Ц.Нямдорж: “УИХ-д нэр дэвших нэр ус, тойргоо хүртэл гаргачихсан ийм л улс төрийн байгууллагаа болж хувирчихсан”. (Худал)
УИХ-ийн сонгуульд 2008, 2012, 2016 онуудад нэрээ дэвшүүлж байсан хуульчид одоо ч Хуульчдын холбооны гишүүд байна. 2020 оны сонгуульд ч нэрээ дэвшүүлэхээ илэрхийлсэн залуу хуульчид бий байх. Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ эдлэхэд Хуульчдын холбооны гишүүн байх явдал саад болдоггүй.
Хуульчдын холбооноос гишүүдээсээ нэр дэвших эсэхийг асууж, тойрогт хуваарилсан зэрэг зохион байгуулалттай үйлдэл байхгүй. Хардаж болно. Хардлагад хариу өгье: “Тийм зүйл байхгүй, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэм журмаар улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон. Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, удирдлагын зүгээс уг зарчмыг ягштал баримталж ирсэн.
Сайд Ц.Нямдорж: Шүүгчид энэ холбооны ажилд оролцохгүй байгаад гурван жил болж байна. Прокурорууд ч адилхан огт оролцохоо болиод хоёр жил болж байна. Цаашдаа ч оролцохгүй нь ойлгомжтой. (Худал)
2013 онд Хуульчдын холбоо байгуулагдсанаас хойш нийтдээ дөрвөн удаагийн Их хуралд шүүгч, прокуроруудын 800 гаруй (нэг удаагийн хуралд 100-110 төлөөлөгч сонгогддог) төлөөлөгч сонгогдон оролцсон байна. Зургаан жилийн хугацаанд улирал бүрт хуралддаг Удирдах зөвлөлийн 24 (ээлжит бус хурлыг нэмбэл 65) удаагийн хуралд нийт 32 шүүгч Шүүгчдийн болон бусад чиг үүрэг, сайн дурын хороог төлөөлөн оролцсон бол мөн 15 прокурор Прокуроруудын хороо болон бусад хороодоос сонгогдон оролцож ажилласан байна.
Хуульчдын холбооноос жилд 35 гаруй хуульчийн үргэлжилсэн сургалтыг зохион байгуулдаг бөгөөд тус сургалтад 30 гаруй шүүгч, 10 гаруй прокурор сургагч багшаар байнга оролцож ирсэн бөгөөд цаг үеийн чухал асуудлуудаар зохион байгуулсан нийт 80 гаруй хэлэлцүүлэгт давхардсан тоогоор 120 гаруй шүүгч, 50 гаруй прокурор оролцжээ.
Түүнчлэн Шүүгчдийн болон Прокуроруудын чиг үүргийн хорооны шугамаар шүүгч, прокурорууддаа зориулан олон тооны сургалт, хэлэлцүүлэг зэргийг зохион байгуулсан бөгөөд энэ талаар тухайн хороодын үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй дурдсаныг энд дурдахад илүүц.
Түүнчлэн Шүүгчдийн болон Прокуроруудын хувьд өмгөөлөгч, бусад хууьчидтай нэгэн адил Хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх, Сургалт явуулах зэрэг чиг үүргийн хороонд орж ажиллаж ирсэн. Жишээ нь. Ёс зүйн хороонд 4 шүүгч, 2 прокурор, 2 өмгөөлөгч, 2 багш хуульч, 1 нотариат, 1 байгууллагын хуульч байна. Сургалтын хорооны үйл ажиллагааны хүрээнд шүүгч, прокурорууддаа зориулсан олон тооны сургалт, хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг авсан бөгөөд энэ тухай тухайн хороодын үйл ажиллагааны тайланд дэлгэрэнгүй дурдсаныг энд дурдахад илүүц.
Шүүгч, прокурорууд Хуульчдын холбооны олон тооны дотоод дүрэм, журам боловсруулахад байнга оролцож ирсэн байна.
2019 оны 6 сард шүүх, прокурорын байгууллагаас УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн тайлбартаа шүүгч, пркурорууд Хуульчдын холбооны гишүүнчлэлээс гарах байх суурь баримтлаагүйг дурджээ.
Сайд Ц.Нямдорж: Хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага чинь ямар ч ажил хийхгүй байгаа. Хуулийн салбарт юу ч хийхгүй. (Худал)
Үүн шиг худал зүйл байхгүй ээ. Хуульчийн үргэлжилсэн сургалт явуулах, хуульчийн шалгалт зохион байгуулах, олон нийтэд үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх, УИХ-аас гарах хууль, бодлогын асуудал дээр санал дүгнэлт өгөх, Шүүгчид нэр дэвшигчийн нэр хүндийн талаар дүгнэлт гаргах зэрэг хуулиар хүлээсэн чиг үүргээ Хуульчдын холбоо байгуулагдсан цагаасаа нэр төртэй хэрэгжүүлж ирсэн. Үүнээс гадна 13 шүүгчийг хууль бусаар огцруулсан, 20 шахам шүүгчээс саналыг нь авалгүй өөр шүүх рүү шилжүүлсэн, өмгөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг процессын хуулиудад хангалттай тусгаагүй, прокурорын цалин, хөлсийг шүүгчийнхтэй дүйцүүлэн нэмэгдүүлэхгүй байгаа зэрэг нийт хуульчдын нэр хүндийг хамгаалах, хууль дээдлэх зарчмыг бэхжүүлэхэд чиглэсэн олон хэлэлцүүлэг, форум хийж санал зөвлөмж гаргаж эрх бүхий этгээдэд хүргүүлж ирсэн. Хуульчдын холбооноос жил бүр хийж гүйцэтгэсэн ажлын тайлан гаргасан бөгөөд сайд уг тайлантай танилцах хүсэлгүй бол яамны ажил хариуцсан ажилтнуудаар шалгуулж дүгнэлт гаргуулж авах боломжтой.
Сайд Ц.Нямдорж: Мөнгө цуглуулж (Үнэн) тансагладаг (Худал).
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Хуульчийн холбооны дүрмээр гишүүний татвар, сургалтын төлбөр, хуульчийн шалгалтын хураамж, багц сургалтын төлбөр зэргийг цуглуулах эрхтэй. Хуулиар олгосон эрхтэй. Хуульд зааснаас гадуур хууль бус мөнгө цуглуулаагүй.
Ажлын аппаратын цалин, түрээсийн төлбөр зэрэг урсгал зардал болон хурал, хэлэлцүүлэг, сургалт, шалгалт, цөөн хэдэн тооны гадаад томилолтын зардал гарсан. Аудитын шалгалтаар эдгээр зардлыг “тансаглал” гэж дүгнээгүй.
Сайд Ц.Нямдорж: Монголын түүхэнд гараагүй яргалал гарлаа. Энэ яргаллын талаар Хуульчдын холбооноос нэг ч үг дуугараагүй. (Худал)
Төрийн буюу хууль хамгаалах байгууллагын мэдэлд байгаа цагдан хорих байранд хоригдож байгаа хүмүүс бусдыг зодсон бичлэгийг хууль хамгаалах байгууллагынхан өөрсдөө бичлэг хийж, улмаар зарим хууль тогтоогч ил гаргасан. Уг үйлдэл яргалал байсан эсэхийг одоогоор шүүхээс тогтоогоогүй. Уг үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан байгууллага, прокуророос зохион байгуулсан эсэхийг мөн шүүхээс эцэслэн шийдээгүй. Өөрөөр хэлбэл хэн нэгнийг ямар гэмт хэрэгт буруутгаж байгааг эцэслэн тогтоогоогүй.
Шүүхээс эцэслэн шийдээгүй асуудлаар хэн ч тайлбар, мэдэгдэл гаргах эрхгүй. Сайдаас өөрөөс нь ийм зүйл шаардахад дээрх хариултыг өгдөг. Тэгтэл Хуульчийн холбооноос эцэслэн шийдээгүй асуудлаар үг дуугарахыг шаардах нь хууль бус юм.
Эрүү шүүлтээс ангид байх үндсэн эрх бол төрөөс хэзээ ч зөрчиж болохгүй туйлын эрх юм. Уг эрхийг хангах чиглэлээр хуульчдын холбоо олон ажил зохион байгуулж ирсэн байдаг. Тухайлбал, Эрүү шүүлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх асуудлыг 500 шахам хуульчид цугласан Хуульчдын форумаар 2018 онд хэлэлцсэн. Мөн, хуульчдад эрүү шүүлтээс ангид байх эрхийн сургалтын зарлаж явуулж байсан.
Сайд Ц.Нямдорж: Өч төчнөөн өмгөөлөгчид өнөөдөр гудамжаар хүн зодож, дээрэлхэж байна. (Худал) Тэдэнд нэг ч удаа Хуульчдын холбоо хариуцлага тооцоогүй. (Худал)
Тодорхой нэр бүхий өмгөөлөгч зохисгүй үйлдэл гаргасан тухай мэдээлэл тэр ч байтугай дүрс бичлэг байдаг. “Өч төчнөөн” буюу олноороо ийм үйлдэл гаргасан өмгөөлөгчдийн тухай мэдээлэл байхгүй байна. Тухайн зохисгүй үйлдэл гаргасан өмгөөлөгчийн эсрэг хохирогч гомдол гаргаагүй тохиолдолд Хуульчдын холбоо арга хэмжээ авах боломжгүй, эрүгийн болон зөрчлийн тухай хууль тогтоомжид процессыг тодорхой заасан.
Мэргэжлийн хариуцлагын хороо нь үр нөлөөний талаасаа сайн ажиллаж байгаа. Энэ хорооны 2014-2017 онд хуульчтай холбоотой маргааныг шийдсэн статистикийг харахад, 791 гомдол хүлээж авснаас 751 өмгөөлөгчтэй, 162 нь шүүгчтэй, 20 нь прокурортой холбоотой гомдол иржээ. Үүнээс 52 өмгөөлөгчид сахилгын шийтгэл ногдуулжээ. Тодруулбал, 31 өмгөөлөгчид хаалттай сануулах, 12 өмгөөлөгчид нээлттэй сануулах, 2 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаагүйгээр, 4 өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг хугацаатай түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг түдгэлзүүлэх, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаатай, нэг хуульчийн зөвшөөрлийг хугацаагүй хүчингүй болгох шийтгэл ногдуулжээ. Энэ тооноос харахад Мэргэжлийн хариуцлагын хороо өмгөөлөгчид хариуцлага тооцож байна.
Сайд Ц.Нямдорж: Зарим нь хуралд ч ирдэггүй. (Үнэн)
Өмгөөлөгчид шүүх хуралд хүндэтгэх шалтгаангүйгээр ирдэггүй тохиолдол бий. Энэ тохиолдолд шүүх өөрийн эрх мэдлийн хүрээнд арга хэмжээ авах буюу Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд шилжүүлдэг. Ийнхүү шүүх хуралд ирээгүйгээс хариуцлага тооцсон тохиолдол цөөн бөгөөд 2018 онд 5 удаа, 2019 онд 3 удаа хариуцлага тооцсон байна.
Сайд Ц.Нямдорж: Хуульчдын холбоог би татан буулгах санал оруулж ирнэ. Уг нь байж байг гэж бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна. (Хууль бус)
Аливаа нэг байгууллагыг оршин тогтнох эсэх, үйл ажиллагаа явуулах эсэх эсхүл татан буулгах эсэхийг хөндлөнгийн хэн нэгэн хүн “өршөөж” эсвэл “хашрааж” шийддэггүй юм. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд аливаа байгууллагыг үүсгэн байгуулах, татан буулгах асуудлыг зохицуулсан. Нэг сайдын “байж байг гээд бодсон юм” гэдэг өршөөл, ивээлээр үйл ажиллагаа явуулж, “үймүүлээд байна” гэдэг дүгнэлтээр татан буулгадаггүй юм.
Та Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоос дундад зууны хэмжээгүй эрхт хаан, хоригдлын амьд явах эсэхийг шийддэг, 1944 оны дэлхийн хоёрдугаар дайны үеийн концлагерын коммендант биш, энэ зуун 21 дүгээр зуун.
Сайд Ц.Нямдорж: Дэлхийд ийм байгууллага байхгүй. Төрөөс хараат бус байх ёстой шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачин нэгтгэн захирч энэ дэглэмийг чинь бий болгосон. Нэг газраас бүгдийг нь удирдах гэж Хуульчдын холбоог байгуулсан. Ийм л зүйл. (Худал)
Филиппин болон Канадад хуульчид буюу өмгөөлөгч, прокурор, шүүгчид нэг Хуульчдын холбоонд багтдаг. АНУ-ын 51 штат буюу муж улс хууль зүйн тогтолцооны хувьд бие даасан, хараат бус тогтолцоотой. Уг муж улсуудаас 31 муж улс буюу Алабама, Аляска, Аризона, Калифорни, Флорида, Жоржиа, Хавай, Идахо, Кентаки, Луизиана, Майн, Мичигин, Миссисипи, Миссури, Монтана, Небраска, Невада, Нью Хампшейр, Нью Мексико, Хойд Дакота, Оклахома, Орегон, Роуд Арал, Өмнөд Каролайна, Өмнөд Дакота, Техас, Юта, Виржиниа, Вашингтон муж улс, Баруун Вирижиниа, Висконсин болон Вайоминг зэрэг муж улсад нэгдсэн хуульчдын холбоо буюу шүүгч, прокурор, хуульчид нэгдсэн холбоотой байна.
Ингэж нэгдсэн нэг байгууллагад орсноороо шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачаад “дэглэм” үүсгэсэн юм байхгүй. Монгол Улсад Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль (2012), Прокурорын тухай хууль (2017) болон эрүү, иргэн, захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд хүчин төгөлдөр үйлчлээд явж байна. Ямарваа нэгэн төрийн бус байгууллагад шүүх, прокурорын дээр гарч дэглэм үүсгэх хуулиар хориотой бөгөөд боломжгүйг сайд сайн мэдэж байгаа. Түүнчлэн жилд олон зуун мянган хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх, прокурорын бүх шатны байгууллагууд, олон зуун шүүгч, прокуроруудыг төрийн бус байгууллагын тогтоосон “дэглэмд” автсан мэтээр гүтгэснээрээ сайд хууль хамгаалах салбарт олон жил, өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэж буй хуульчдыг доромжлон гутаасан үйлдэл гаргалаа.
Хуульчдын холбоо бол үндсэндээ хуульчдын үйлдвэрчний эвлэлийн байгууллагын зарчмаар байгуулагдсан байгууллага юм. Хуульчдын эрх ашгийг хамгаалахаас гадна мөн хариуцлага, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх зорилготой. Хуульчдын холбооны ногдсон чиг үүрэг, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх мэдэл Ерөнхийлөгч, Тамгын газар, Зөвлөл, Чиг үүргийн болон сайн дурын хороодод маш сайн хуваарилагдаж, хяналт тэнцэл хангагдсан тул аль нэг этгээд Хуульчдын холбоог удирдан чиглүүлэх, нөлөлөх боломж байхгүй.
Тиймээс ч 2017 онд шүүгчдийн цалинг бууруулах асуудал яригдахад Хуульчдын холбоо, түүний тэр үеийн ерөнхийлөгч Б.Гүнбилэг маш идэвхитэйгээр шүүгчдийн өмнөөс шуурхайн дуу хоолой нь болж, Засгийн газар, хууль тогтоогчидтой ажиллаж асуудлыг шийдсэн. Тэр үед шүүгчид өөрсдөө буюу Дээд шүүх асуудал гаргаж тавих нь хуулиараа зохисгүй байсан, одоо ч зохисгүй байх болно.
Сайд Ц.Нямдорж: Хүн тамлаад үзэшгүй муухайгаар ертөнцийг шившиг болгож байхад энэ холбоо дуугарсан уу, үгүй. (Худал.)
Хуульчдын холбоо дуу гаргах, тайлбарлах хууль зүйн үндэслэлгүйг дээр тайлбарласан.
Сайд Ц.Нямдорж: Харин ч өмгөөлөөд явж байгаа. (Худал).
Хэргийн оролцогчдод процессын хуулиар өмгөөлөгчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх ёстой. Ингэснээр хэрэгтнийг Хуульчдын холбоо өмгөөлсөн гэж буруутгаж байгаа бол угаасаа өмгөөлөх үйлчилгээ, өмгөөлөгчдийг хуулиар хорих хэрэгтэй болно. Тэгвэл энэ нь Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Тэгэхээр хуульч, өмгөөлөгчид Үндсэн хуулийн дагуу үүргээ гүйцэтгэснийг Хууль зүй дотоод хэргийн сайдын зүгээс Хуульчдын холбоо хэрэгтэн ялтныг өмгөөлсөн гэж харж байгаа нь эмгэнэлтэй хэрэг юм.
Сайд Ц.Нямдорж: Намайг ХЗДХ-ийн сайдаас 2012 онд буухад 2500 өмгөөлөгч байсан. Одоо толгойтой бүр нь өмгөөлөгч болж, 5000 өмгөөлөгчтэй болсон. (Худал).
Хуульчийн эрх зүйн тухай хууль батлагдах үе 2012 он буюу хүчин төгөлдөр болж үйлчлэх 2013 онд нийт өмгөөлөгчдийн тоо 1400 гаруй байсан. Харин түүнээс хойш хуульчийн шалгалтад сүүлийн 6 жилд дунджаар 1200 гаруй эрх зүйч шалгалт өгснөөс жилд дунджаар 200 гаруй эрх зүйч тэнцэж өмгөөлөгчийн эрх авснаар зөвхөн өмгөөлөгчийн эрх бүхий хуульчдын тоо 2019 онд нийтдээ 2298 болсон. Энэ хугацаанд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын дотоодын зөвлөхүүдийг хуульчдын холбоонд бүртгэснээр мөн 2500 гаруй “бусад хуульч” бүртгэгдсэн ба 510 шүүгч, мөн 527 прокурор,  нийлээд өнөөдөр Хуульчдын холбоо 5891 хуульчийг нэгтгээд байна.
Сайд Ц.Нямдорж: Хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгд өмгөөлөгч болсон. Ингэж л мэргэжлийн байгууллага үгүй болсон. (Худал).
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д “Шалгалтын комисс нь хуульчийн шалгалтад орох тухай өргөдөл, биеийн байцаалтын үнэн зөв байдлыг шалгах зорилгоор шаардлагатай баримт бичиг, мэдээ, мэдээллийг гаргуулахаар байгууллага, албан тушаалтанд хүсэлт гаргах эрхтэй бөгөөд өргөдөлд хавсаргасан баримт бичгийн хуулбарыг эх хувьтай нь тулган үзэж баталгаажуулна” гэж заасан.
Өнөөгийн байдлаар Дээд шүүх, Хуульчдын холбоонд хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгдийг өмгөөлөгчөөр бүртгэсэн бүртгэл байхгүй байна. Ийм алба хашдаг хүн бүртгүүлсэн байвал шууд Дээд шүүхэд мэдэгдэн бүртгэлээс хасуулах төдийгүй Мэргэжлийн хариуцлагын хороонд өгч тухайн хуульчийн зөвшөөрлийг нь хүчингүй болгох хүртэл сахилгын шийтгэл ногдуулуулах боломжтой. Одоогоор албан байдлаар ийм санал, хүсэлт гараагүй байна.
Нямдорж сайд таныг хуульч, өмгөөлөгч, шүүгч, прокурорууд бүгд хүндэтгэж ирсэн.  Шударга бус үйлдэл, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх явдалтай олон жил эвлэрэлгүй тэмцэж, үгээ хэлж, дуу хоолойгоо сонсгож явж ирснийг бид үнэлдэг. Гэвч та сүүлийн үед биеэ хэт тоож, үндэслэл баримтгүйгээр бусдыг гүтгэн загнах явдал хэрээс хэтэрлээ. Би танаас дүү нь үнэн. Гэхдээ би хууль хамгаалах салбарт ажиллаж эхлээд 40 жил туршлага хуримтлуулжээ. Залуу хуульчид таны нас, туршлагыг хүндэтгээд, хэдийгээр таны үндэслэлгүй тайлбар, буруу дүгнэлт хийж байгааг мэдэж байгаа ч төдийлөн шүүмжилж чадахгүй байна.
Гэвч би таны сүүлийн үед гаргаж байгаа араншин, хандлага, дураар аашлах, хуулийг үл тоомсорлох явдлыг тэвчишгүй нь. Үнэн үг хэлсэн хүнд ноён өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг. Мэдээж  миний сийрүүлсэн энэ хэдэн үг таны ой тойнд хүрэхгүй, та ойлгохыг ч хүсэхгүй, харин ч надаас өө эрж, бурууг хайх биз. Гэхдээ таныг загначих хүн бас Монголын хуульчид дунд байдаг юм шүү гэдгийг мэдүүлэх гэсэн юм.

Хүндэтгэсэн
Бүдрагчаагийн Баяр
Хуульч, өмгөөлөгч


скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу