-“…Олигарх цөөнхийн эрхшээлд багтсан…” Үндсэн хуулийг Ерөнхийлөгч Х.Баттулга маань ёсчилчих юмдаа. Ордны хуйвалдаанаар өөрчилсөн үндсэн хуулийг ард түмэн “Хар Үндсэн хууль” гэж нэрлэж байна-
Элээ халаг! Ардчилсан Үндсэн хуулийн маань “сэг”л үлдлээ дээ гэж олон хүн халаглаж байна. Тэгэхээс ч яахав. 1992 оны ардчилсан Үндсэн хууль бол үнэхээр сайн хууль байсан. Ганцхан, түүнийг хэрэгжүүлдэг хүмүүс нь дэндүү бүдүүлэг хандах болсон. Тэдэнд ямар ч хууль зарлиг байсан хамаагүй, дээгүүр нь “өшигчөөд” гардаг болсноос Монгол Улсын хөгжил саарч, ард түмний амьдрал туйлдаа хүртэл ядуурсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн хэлээд байгаа “олигарх цөөнхийн бүлэглэл” чинь өөрсдийгөө биш, Үндсэн хуулийг харлуулж харагдуулаад байгаа юм. Тэд, улс орон ард түмний эрх ашгаас урваж санасандаа хүрлээ. Ардчилсан Үндсэн хуулийн минь “сэг”л үлдлээ. Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан, Г.Занданшатар нарт ямар зорилго байв?! Энд гуравхан зорилго байсан.
Нэгдүгээрт: Монголд гучаад жил тогтсон МАНАН-мафийн тогтолцоог тэр чигт нь авч үлдэх
Хоёрдугаарт: МАН мөрийн хөтөлбөртөө орсон “Үндсэн хуулийг өөрчилнө”гэсэн амлалтаа ямарч үнээр хамаагүй биелүүлсэн болох
Гуравдугаарт: Ордны хуйвалдаанаа хэнтэй ч хамсан гүйцэтгэхэд бэлэн байв. Зарим хүн “чөтгөртэй” ч хамсахад бэлэн байсан байх гэх.
Энэ гурвыгаа би жаахан тодотгоё. Улс төрд шинэ залуу, шударга хүмүүс орж ирээд МАНАН-мафийн бүлэглэл ганхахад хүрснийг та нар сүүлийн хэдэн жилд харж байгаа. Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхболд, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Сү. Батболд… гээд толгойлогчид нь өндөр албан тушаалаасаа бууж, бараг бүгдээрээ шалгагдаж, зарим нь хоригдож үзлээ. Тэр мафийн бүлэглэлийг нүцгэн цээжээрээ хамгаалж ирсэн шүүх прокурор, тагнуул, авлигатай тэмцэх газрынхан ч өөрчлөгдөж зарим нь гадаадад орогнох газраа бараадаж байгаа сураг байна. Энэ МАНАН-мафийн бүлэглэлийг “гол”-ыг нь тасалчихгүй авч үлдэх шалтгаанаар, зайлшгүй Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болсон. Үүнд гол хамсаатан нь Ерөнхийлөгч Х.Баттулга, түүний Тамгын газрын дарга З.Энхболд, АН–ын Улсын их хурал дахь удирдлагууд С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат нарын хүмүүс голлох үүрэг гүйцэтгэлээ. Ингээд л хүмүүс Үндсэн хуулийн өөрчлөлтийг “Ордны хуйвалдаан” гэж нэрлээд байгаа юм.
Зарим хүн, энэ бусармаг явдалд Төрийн тэргүүнээ хамаатууллаа гэж маргаж магадгүй. Би бас л хэдэн тайлбар хэлье. Аливаа Үндсэн хуулийн өөрчлөлтийг нэг л төслөөр, түүнийг тойрон хэлэлцэж шийдвэрлэдэг юм байна. Тэгтэл, Ерөнхийлөгч Х.Баттулга маань таг дуугүй байснаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх явц дунд бас нэг “Төсөл” бариад орж ирсэн. Өнөөх гуравхан жилийн өмнө дээр нь алгаа тавиад тангараг өргөж байсан, Үндсэн хуулиа өөрчлөх гэж байгаа нь энэ. Ерөнхийлөгчийн тэр төслийг Үндсэн хууль судлаачид “Хамгийн муу төсөл” гэж буруушаасан. Өнөөх бүх ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч маань Ардчилсан намын мафийн удирдлагуудын улайран зүтгүүлээд байсан хэдэн саналыг төсөл болгоод орж ирж байгаа нь энэ.
Энэ төсөлд юу байсан гээч?! УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, 54-ийг нь холимог тогтолцоогоор буюу намын нэрсийн жагсаалтаар сонгоно гээд л эхлэж байгаа юм. Энэ чинь МАНАН- мафийн удирдлагад байсан, одоо байгаа, ард түмний итгэлийг даах найдваргүй болсон 54 хүнийг холимог тогтолцоо гэгчээр УИХ–д оруулж ирэх нь л дээ. Энэ заалт ард түмний ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан. Хэлэлцүүлгийн явцад унасан боловч “сүнс” нь Үндсэн хуульд үлдсэн. Холимог тогтолцоог Үндсэн хуульд хуульчилж өгөөгүй ч гэсэн, ямар тогтолцоогоор ирэх сонгуулиудыг явуулахыг нээлттэй орхичихсон байгаа юм. Нэг үгээр хэлбэл ард түмэн төлөөллөө “шууд”сонгоно гэдэг, ардчилсан Үндсэн хуулийн заалтаас үхтлээ айж байгаа.
Тэгээд хар даа! Сонгуулийн хуулийг өөрчлөх болсон чинь өнөөх холимог тогтолцооныхоо “нүүрийг угаачихаад” оруулж ирдэг байгаа. 50:26 гэдэг чинь түрүү л туршиж байсан холимог тогтолцоо нь. Жаахан өнгө будгийн засвар хийснээс биш, яг л өнөөх хувь тэнцүүлэн намын нэрсийн жагсаалтаар УИХ-д ороод ирдэг хувилбар нь хэвээрээ байгаа юм. УИХ-ын дэд дарга Л.Энх–Амгалан “Нийт сонгогчдын 50 хувийн саналыг МАН–ын 26 нэр дэвшигч авлаа гэхэд бидэнд 13 суудал оногдоно” гэсэн ярилцлага сонинд өгсөн байна билээ. Тэр 13 суудал чинь л өнөөх ард түмнийхээ итгэл даахаа больсон МАН –ын Л.Энх-Амгалан, Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Д.Тогтохсүрэн, Д.Оюунхорол…нарын хүмүүс УИХ–д орж ирээд тухалчихсан байхыг байг гэх газаргүй. Ер нь энэ 50:26 гэдэг хувилбар чинь “туршлагатай” гэдэг олигархууд УИХ–д гарч ирэх боломжтой, хөрөнгө бэл муутай, шударга залуусын “хөлийг тушсан” тогтолцоо л доо. Энэ хувилбарыг чинь аль эрт ордны хуйвалдаанаар шийдчихсэн юм билээ. Тэгээд л АН-ын УИХ дахь хэдэн дарга нар, дэмжинэ, дэмжихгүй гэж будлиад л, Ерөнхийлөгч нь хориг тавилгүй Үндсэн хуулийг ёсчилоод байгааг ард түмэн маань харж байгаа.
Манай Ерөнхийлөгчийн төсөлд МАНАН-мафийн тогтолцоог хадгалж үлдэх агуулга бүхий олон заалт байсны нэг нь намуудын босго. 50001-ээс дээш гишүүнтэй намыг Улсын дээд шүүх бүртгэх юм гэнэ. Ардчилсан нам, МАН-аа л авч үлдье гэсэн санаа л даа. МАХН, “ШИНЭ” намууд албан ёсоор гишүүнчлэл нь 50001 хүрч байгаа юм уу, үгүй юу, бүү мэд. Ямартай ч жижиг намуудыг “устгая” гэсэн бодлоготой орж ирсэн. Намуудын эсэргүүцэлтэй тулгараад 20001–с дээш гэсэн байдалд хүрсэн. Бас Ерөнхийлөгчийн насыг 50-с дээш болгоод 6 жилийн хугацаагаар сонгохоор боллоо. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2020 оны тавдугаар сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх болохоор. Х.Баттулга Ерөнхийлөгч маань энэ өндөр сэнтийдээ дахиад гурван жил суух уу?!
Ямартай ч манай түрүүчийн Үндсэн хуулийн заалт бүрийг ёсчлон биелүүлнэ гээд Төрийн тэргүүн Үндсэн хуулин дээрээ алгаараа дарж байгаад өргөсөн тангарагаасаа няцлаа. Одоо шинэ Үндсэн хуулин дээрээ алгаараа дарж байгаад бас л дахин тангараг өргөх үү. Их ээдрээтэй сонин асуудлууд босч ирж байгаа юм. Ер нь тэгээд, бүх ард түмнээсээ санал асуулга аваагүй, ард түмнээрээ хэлэлцүүлж байгаа нь энэ гэж дуулгавартай хэдэн хүндээ нэмэлт өөрчлөлтөө танилцуулсан, олонх намынхаа саналд хүндэтгэлтэй хандаагүй, цөөн хэдэн хүний “ нэмэлт өөрчлөлт” нэртэй бусармаг зүйлд Төрийн тэргүүн нь оролцоод “төсөл, санал” бариад гүйгээд байх нь хэр зэрэг зохистой, хууль дүрэмд нийцэж байгаа юм бол доо. Би бол эв нэгдлийг илэрхийлэгч, Төрийн тэргүүн хүнд байж болмооргүй л бодогдоод байгаа юм.
Үндсэн хуулийг “манаж” байдаг ганц газар нь Үндсэн хуулийн цэц. Ардчилсан Үндсэн хуулийг маань хэдэн хүн бараг л жил тойрон бужигнууллаа. Хоттой хонь үргэхэд малчин хүн “хүүе, хаая” гээд сумтай, сумгүй буугаа бариад гардаг даа. Тэгтэл Үндсэн хуулийг нь “сэглэж” байхад өнөөх үндсэн хуулийн цэцийн есөн гишүүн хаана, юу хийж явна аа?! Үндсэн хуулиа хамгаалж “Илж” суух ёстой Цэцийн дарга Д.Одбаяр маань яг энэ торгон мөчид гадаадад хүүхний бөгс илж явсан сураг байна. Арай дэндэж байгаа юм биш үү. Инээд ч хүрэх шиг. Уур ч хүрэх шиг! Тэгээд бас Монголдоо ирж томроод Цэцийн гишүүний суудалтайгаа зууралдаад байгаа сураг байна. Хэрвээ Д.Одбаяр миний хүү сэн бол би нэг л үг хэлэх байсан. “Хүү минь чи санамсаргүй нэг л алдаа гаргачихлаа. Эр нэг дордож, эрэг нэг нурдаг юм. Чамаас болж эх орон чинь, гэмгүй даруу ард түмэн чинь, холын Солонгос нутагт хоногийн хоолны төлөө зүтгэж байгаа 45000 нөхөд чинь муухай харагдах боллоо. Хүү минь чи, хүн бүл цөөнтэй хөдөө газар нутагт хэдэн жил болчихоод хүрээд ир. Чамд нас, эрдэм мэдлэг байна. Юунд тэр зөөлөн олбогтой зууралдаад байгаа юм?!” гэж хэлмээр санагдаад байгаа юм. Юутай ч Үндсэн хуулийн Цэц гэж ийм нэгэн тансаг хэрнээ тамирдчихсан газар байх юм. Эрх баригч намд үйлчилдэг ийм газар Монголд хэрэгтэй ч юмуу, хэрэггүй ч юм уу, бүү мэд. Хүмүүс, татан буулгая гэж санал тавих юм билээ. Би ч дэмжинэ.
Одоо, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг зүйлийг УИХ батлаад, Ерөнхийлөгч Х.Баттулга “Олигарх цөөнхийн эрхшээлд багтсан”… гэж томъёолсон хэрнээ ёсчилоод гарын үсэг зурчихлаа. Ийм нөхцөлд Үндсэн хуулийн Цэц яадаг юм юм? Би хувьд мэдэхгүй байна. Цэц маань Н.Чинбат гэж шинэ даргатай болсон. Ард түмэн харж л байгаа байх. “За яахав олигархиуд нь зуугаад авчихлаа Ум ма ни бад ми хум” гээд сууж байх юм уу. Харах л үлдлээдээ, ард түмэн минь.
Монголын ардчилсан Үндсэн хууль гэж шударга үнэнч охид хөвгүүдийн маань батласан “шармал цагаан” хууль байсан юмсан. Ордны хуйвалдаанаар хэсэг бүлэг хүн “Хар үндсэн хууль”болгочихлоо. Хамгийн гол нь, төрийн гурван өндөрлөгийн ичгүүр сонжуургүй хуйвалдаанаар ардчилсан үндсэн хуулийн маань “Сэг сэвс”-ийг л үлдээлээ. Өнөөх, үндсэн хуулийн маань амин сүнс 21-р зүйлийн 2-т заасан: “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэсэн зүйл заалт хэвээрээ байгаа эсэхийг мэдэхгүй байна. Чимээгүйхэн хасчихаж чадах л хүмүүс шүүдээ. Яагаад би хардаад байна гэвэл яаравчлан сонгуулийн хууль хэлэлцэхдээ өнөөх намын нэрсийн жагсаалтаар УИХ-д ороод ирдэг 50:26 гэсэн хувилбараа жаахан өөрчилчихөөд бариад орж ирлээ. Өнөөх л холимог тогтолцоо биш юмуу?! Хардаа: УИХ-ын дэд дарга Л.Энх–Амгалан ”… хүнд өгсөн нийт саналыг хувь тэнцүүлэн намд суудал өгнө”… гэж байна. Энэ чинь нөгөөх нэр дэвших шууд можаритор тогтолцоо мөн юм уу ?! биш байна. Энэ 50:26 гэдэг хувилбар чинь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх үеэр уначихсан холимог тогтолцооны л нэг хэлбэр. Үүнээс гадна том 26 тойрогт хувь хүн нэр дэвшихийг хориглосон хамгийн харгис хувилбар ч гаргаж ирлээ. 26 том тойргоос нэр дэвшигчдэд л хамаг учир бий. Энэ тойргуудад бүх нам 26 хүн дэвшүүлбэл сонгуулийн хуудсанд 900 гаруй нэрс бичигдэнэ. 15 нам тус бүр 26 хүний нэр дэвшүүлбэл 400-500 хүний нэр бичигдэнэ. Өөрөөр хэлбэл 4-10 хуудас дүүрэн нэрс бичигдэнэ. Бид түүнээс 26 хүний нэр дугуйлна гэвэл сонгууль маань нэг өдөр байтугай, нэг сард багтахгүй. Тэгэхлээр уг нэрсийн жагсаалтаас нэг л хүний нэрийг дугуйлах юм байна. Сонсогч маань тэр олон хуудас нэрийг шүүж амжихгүй тул орой болгон зурагтаар гардаг Д.Лүндээжанцан, С.Эрдэнэ, Д.Эрдэнэбат, С.Бямбацогт, Л.Энх-Амгалан нарын аль нэгийг дугуйлах юм байна л даа. Өнөөдөр намын удирдлагад байгаа, Улсын Их Хуралд тэсч үлдэхийг мөрөөдсөн хэдэн хүний бодож олсон эцсийн хувилбар нь 50:26 гэсэн хувилбар боллоо. Зарим хэвлэлд учир мэдэх хүмүүс “Энэ тогтолцоо дэлхийн аль ч оронд байхгүй” гэж бичсэн байна билээ. МАНАН-мафийн тогтолцоог одоо дахиад 20-30 жилд авч үлдэх эцсийн “мэх” л энэ боллоодоо. Хайран Үндсэн хууль минь, хайран Сонгуулийн хууль минь!
Энэ бүхнээ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр Д.Лүндээжанцан, С.Бямбацогт, Г.Занданшатар нарын бүлэглэлийнхэн ард түмнээсээ асар нууцалж байсан юм. Олон түмний эсэргүүцэлтэй тулгарахтайгаа зэрэг Ерөнхийлөгчийн хоригоор далимдуулан ард түмний санал асуулгыг зогсоож, гуравдугаар хэлэлцүүлэг гэх хам хум зүйлээр хуулиа баталчихаж байгаа юм. Өөрийнх нь олон санал дэмжигдсэнд санаа амарсан уу, яасан юм, Ерөнхийлөгч Х.Баттулга маань ёсчлон гарын үсэг зураад, ард түмний ярьж байгаагаар Монгол Улс “Хар үндсэн хууль”-тай болж үлдэв.
Саяхан баталсан, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зориуд “цоорхой” үлдээсэн заалт бүхнээрээ МАНАН-мафийнхан бодлогоо хэрэгжүүлнэ. Хамгийн эхнийх нь энэ. Сонгуулийн хууль. Энэ хууль, өргөн баригдсан эхээрээ батлагдвал, ирэх сонгуулиудаар МАНАН–мафийн өнөөх олон хулгайч, дээрэмчид, эх орноосоо урвагчид, газар нутгаа худалдаж баяжигчид, хүний наймаачид, оффшорчид, хар тамхины сүлжээнийхэн, терроризмыг санхүүжүүлэгчид, мөнгө угаагчид, хүний эрхийг зөрчигчид, эрүү шүүлтийнхэн бүгд л алга нижигнүүлэн ташиж Улсын Их Хурал руу зүтгэцгээх байх.
М.Энхболдын санаачилсан “60 тэрбум”, С.Эрдэнийн санаачилсан “100 сая”-ын “бэлэгээ” хадган дээр тавиад юмуу, ханцуйндаа нуугаад ирнэ. Их наядаар, тэрбумаар тооцогдох хэргийг мартагнуулж, хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгодог УДШ, Улсын прокурорын удирдлагын хэдэн хүн яаж бах нь ханах бол. Монгол дахь МАНАН-мафийн дэглэмийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө баталгаажуулаад авлаа гэж эрх баригчид дахиад л Их тэнгэртээ өдөр шөнөгүй найрлах байх даа!
Г.Жамьян
(Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч)