
Д.Сумъяабазар: -Алтны салбарт тодорхой ахиц дэвшил гаргах үүднээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс алтны татварыг хуучин хэвээр нь хадгалах саналыг оруулж байгаа юм. УИХ-аас 2014 онд баталсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт буюу Монголбанк, арилжааны банкны худалдан авсан алтны нөөц ашигласны төлбөрийг борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү байх заалтын хэрэгжилт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байна. Үүнтэй холбоотойгоор алт олборлогч болон худалдан авагч хуулинй этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, нуух, хадгалах, татвараас зайлсхийх зорилгоор арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барилцаалах зэрэг шударга бус далд үйл ажиллагаа бий болох нөхцөл ажиглагдаж байгааг хэлж байна. Хуулийн дээрх заалт хэрэгжиж эхэлсэн таван жилийн хугацаанд банкинд тушаасан алтны хэмжээ 12 тонноос 20 тонн болж өссөн нь гадаад валютын нөөцийг нэмэгдүүлсэн нь тухайн заалтыг цаашид мөрдөх нь зүйтэй гэдгийг харуулж байна.
Д.Тэрбишдагва: -Ашигт малтмалын тухай хуульд 2014 онд оруулсан өөрчлөлт их ноцтой. Монгол Улс 68 хувийн татвараа авч чадахгүй байна гэдэг шалтгаанаар гэнэтхэн бууруулж 2.5 хувь болгосон. Хасах 40 градусын хүйтнээс нэмэх 40 градус руу шилжиж байгаа юм шиг зүйл болсон л доо. Тухайн үед эсэргүүцээд ядаж таван хувь болгох санал гаргаж байсан боловч дэмжигдээгүй. Одоо 2.5 хувиар тооцсон хуулийн энэ заалтыг үргэлжлүүлэх хэрэгжүүлэх гэж байгаа юм байна. Уг нь манай Ерөнхий сайд сахилга хариуцлага, шударга ёсны тухай, шүдтэй, шүдгүй арслангын тухай их ярьж байгаа. Одоо үүн дээр Ерөнхий сайд шүдээ үзүүлэх хэрэгтэй. Энэ татварын хувь хэмжээг таван хувьд хүргэх хэрэгтэй. Ингээд нэмчихээр татвараа авч чадахгүй гэсэн ойлголт байхгүй. Сахилга хариуцлага чинь эндээс эхлэх ёстой юм биш үү. Лобби ороод 2.5 хувь болгож байсан юм. Харин одоо ингэж болохгүй.
Eagle.mn