Caakmedee

МАН-ын нялх Сэнгүмүүдийн мөрөөдөл УИХ-ын гишүүн болох

  • Онцлох мэдээ / Улс төр
  • 2019/12/30
-Эрдэнэтийг эргүүлдэж, тойргоо услагч Ц.Бат-Энх үнэнээ өчжээ-
МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх саяхан Орхон аймагт ажиллаж, хэвлэлийн хурал хийх үедээ “Улстөрийн албан тушаалын хувьд МАН-ын нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байгаа. Нам сонгуульд дэвшүүлэх албан ёсны шийдвэрээ Бага хурал болон Удирдах зөвлөлөөрөө гаргана. Ц.Бат-Энх гэдэг хүн 2020 онд Эрдэнэт хотоосоо УИХ-д дэвшихээр сэтгэл шулуудаж ажиллаж байгаагаа хэнээс ч нуухгүйгээр хэлье гэж бодож байна. Хэрэв МАН надад итгэл үзүүлээд Эрдэнэтийнхээ ард түмний дуу хоолой бол гэвэл надад татгалзах зүйл байхгүй” гэж мэдэгдсэн. Түүний хувьд тухайн үедээ өөрийн тэргүүлдэг “Энх-Эрдэнэтийн хөгжил” ТББ-аараа дамжуулан 20.000 ширхэг нүдний дусаалгыг үнэ төлбөргүй өгөхөөр очоод байсан нь тэр. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх 2009 онд “Энх Эрдэнэтийн хөгжил” ТББ-ыг байгуулсан. Энэ тухайгаа тэрбээр “ТББ-аа байгуулахдаа улс төрийн болон эдийн засгийн ашиг хараагүй. Тэр утгаараа  Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө олон сайн үйлс санаачлан ажиллаж ирсэн” хэмээн тайлбарладаг.
Гэвч улстөрчдийн хувьд тойргоо услах хамгийн цэвэрхэн арга нь ТББ байгуулж, түүгээрээ дамжуулан үйл ажиллагаа зохион байгуулах, бэлэг тараах гэдгийг өдгөө хүн бүр мэддэг болчихсон учраас Ц.Бат-Энхийн дээрх үгэнд итгэдэг хүн ч гэж хэн байх вэ.
Юутай ч мань хүн өөрийгөө ирэх сонгуульд нэр дэвших хүсэл, сонирхолтой гэдгээ албан ёсоор зарлачихлаа. Гэхдээ энхрий хайрт нам нь хэрхэн шийдвэрлэх юм бол доо.
Ц.Бат-Энх МАН-ын нарийн бичгийн дарга болсноос хойш олон ч албан тушаалд зүтгэсэн үү, зүтгүүлсэн үү бүү мэд. Юутай ч “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар томилогдох тохироо хийгдсэн тухай яриа хэсэгтээ л олныг алмайруулсан. Дараа нь Засгийн газрын ХЭГ-ын дэд дарга болох нь гэж яригдаж л байсан. Гэвч намын удирдлагууд нь түүний “уяа”-г суллаж тавиагүй нь өдгөө дээрх албан тушаалуудад томилогдоогүйгээс нь харагдана. Тиймээс ч мань хүн ч энэ удаа олон нийтийн өмнө “Нам итгэл үзүүлбэл нэр дэвшинэ” гэж чангахан дуугарсан байх.
Сонгуулийн хуулийн дагуу сурталчилгааны хугацаа бага учраас нэр дэвшихийг горилогчид нэлээд эртнээс тойргоо усалсан. Ц.Бат-Энх ч тэдний адил эрдэнэтчүүдэд элдэв бэлэг түгээсээр ирсэн. Тухайлбал өнгөрөгч тавдугаар сард  “Энх Эрдэнэтийн Хурд” нэртэй морин уралдаан зохион байгуулахаар зэхсэн ч Орхон аймгийн уяачдын холбооны зүгээс хэн нэгэн улс төрчийн сонгуулийн “шоу”-наас болж, морь уралдуулж, хүүхэд бэртээхгүй гэдэг нууц байр сууриа илэрхийлж, эсэргүүцсэн байдаг. Тиймээс мань хүн нэгэнт авч очсон бай шагналаа өөр байгууллагуудад өгчихөөд буцсан.
Ц.Бат-Энхийг олон нийт УИХ-ын гишүүн асан “Симба” Ц.Батаа, уяач Ц.Батсайхан нарын төрсөн дүү гэдгээр нь бас мэднэ. Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул гэдэг шиг тэд төрд гарвал ямархан түшээд байх вэ гэдгийг ах “Симба” Ц.Батаа нь онгоцоор үнэг хөөж улсад их хэмжээний хохирол учруулсан зэргээрээ харуулсан.
Түүнчлэн өнгөрөгч онд ЖДҮХС-гаас 950 сая төгрөг авсан гэх дуулиан дэгдсэн. Тодруулбал, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх тэрхүү мөнгийг “Мөнгөн Дайван” ХХК-иараа дамжуулан авсан гэгдэж байв. “Мөнгөн Дайван” ХХК нь 2013 оны гуравдугаар сарын 7-нд Орхон аймгийн Засаг дарга Г.Зоригттой “Эко хороолол” төслийг хэрэгжүүлэхээр аймгийн Засаг даргын Тамгын газартай гэрээ хийсэн байдаг ч гэрээний дагуу ажиллалгүй улсад 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэгдэж байсан ч мань хүн энэ тухайгаа “Илтэд гүжирдсэн гэх мэдээллийг хэвлэлийнхэнд өгч байсан. Бид ЖДҮ-ийг дэмжих сангаас мөнгө зээлээгүй. Мөн тэрхүү худалд мэдээнд нэр дурдагдсан “Мөнгөн Дайван” болон "Монгол дайван" ХХК-д хамааралгүй” гэдгийг хэлж баримтуудыг нь олонд үзүүлж байсан билээ.
Юутай ч орхончуудыг төрд төлөөлнө хэмээн өөртөө бат итгэчихсэн яваа Ц.Бат-Энхийг тойрсон сайн мэдээнээс илүү саар зүйлс их дуулддаг. Тиймээс ч мань хүн их л эртнээс эрдэнэчүүдийг эргүүлдэж, тойргоо усалж яваа нь энэ бололтой.

Р.Саруул
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Хаах бол ESC товч дарна уу